ГРАФИК: Хоригт багтахгүйг эрх баригчид амласан ч хоёр сарын хугацаанд шатахууны нөөц хурдтай багассаар байна
Шатахууны нөөц, нийлүүлэлт хэвийн гэж албаныхан мэдээлдэг ч бодит байдал дээр өөр байгааг иргэд хэлж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд АИ92, А80 бензин болон дизелийн түлшний нөөц багассаар буйг статистик мэдээлэл харууллаа.
Тодруулбал ОХУ бензин, шатахууны экспортдоо хориг тавьснаас хойших хугацаанд буюу есдүгээр сараас эхлэн манай улсад АИ92 бензиний нөөц хоёр дахин, дизель түлшний нөөц бараг гурав дахин багасжээ.
Өнөөдрийн байдлаар А-80 шатахуун 2,187 тонн, АИ-92 шатахуун 24,392 тонн, дизель түлш 36,464 тонн болж хамгийн бага хэмжээнд хүрсэн байна.
График #1: Монгол Улсын шатахууны үлдэгдэл, нөөц (2023/01/01-2023/11/28)
2023 оны есдүгээр сарын 21-нд ОХУ дотооддоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг зогсоохоо мэдэгдсэн юм. Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар тус улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин манай улсад өнгөрсөн есдүгээр сард айлчлах үеэрээ уг хоригт Монгол Улс багтахгүйг амлаад буцсан.
Тухайн үед шатахууны нийлүүлэлт хэвийн байх талаар Засгийн газар болон УИХ-аас мэдээлж байсан ч бодит байдал дээр шатахууны нөөц буурчээ.
- 2023.09.22. УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсад бензин, дизелийн түлш тасрахгүй. Уг хоригт хамруулахгүй болсныг утсаар ярих үед В.В.Володин мэдэгдсэн
- 2023.09.22. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Роснефть компаниас авдаг дизель түлш хоригт багтаагүй
- 2023.09.24 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба: В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй
- 2023.09.24. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар: Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв
Шатахууны нийлүүлэлтэд анхаарлаа хандуулахгүй бол улсаараа явгарч магадгүй нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
