Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тэмүүлэн: "Эрдэм Транс" ХХК нь 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд оруулж ирсэн БНСУ-ын "Daewoo" үйлдвэрийн 100 автобусны асуудалтай холбоотойгоор Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Авлигатай Тэмцэх Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг нийтийн тээвэртэй холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Уг дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан.

Мөрдөх байгууллагын зүгээс дээрх дөрвөн этгээдийг цаашид үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж үзээд холбогдох саналыг гаргасан. Прокурорын байгууллагаас саналыг үндэслэлтэй гэж үзвэл цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхийн байгууллагаас шийддэг.

Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, үргэлжилж байгааг тодотгож хэлэх нь зүйтэй байх" хэмээлээ. 

Мөн "БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа. Иймд БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна.

"Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэж мэдээллээ.