Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдож байгаа юм.
Хөрсний бохирдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь Гэр хорооллын 200,000 нүхэн жорлон, өвөл бохир ус, үнсээ гудамжинд ил задгай асгаж хавар нь гэсдэг байдал, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг хордуулсаар байгаа юм.
Хөрсөн дахь хар тугалга, никель, хром зэрэг металлын бохирдол нь хорт хавдар, мэдрэлийн өвчин, саажилт, арьсны үрэвсэл, зүрх бөөрний өвчлөл, ясны сийрэгжилт зэрэг өвчин үүсгэдэг болохыг ДЭМБ-аас зарласан байдаг.
Энэ чиглэлээр хийгдэж буй судалгаа шинжилгээний ажил, хөрсний бохирдлын хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөллийн судалгаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ашиглаж буй технологи, шийдэл зэргийг нэгтгэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүр нэгдсэн ойлголтонд хүрч урьдчилан сэргийлэх, энэ аюултай асуудлаас гарах гарц, шийдлийг яаралтай эрж илрүүлэх, нийслэл хот, төр засгийн зүгээс даруй арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р зарлигийг үндэслэн Нийслэлийн хэмжээнд “Хөрс хамгаалах өдөр”-тэй болох санаачлага гаргаж НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол батлуулан, жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны энэ өдрийг Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг сануулан тэмдэглэж байхаар боллоо.
Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!