Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жаргалсайхан: Уутны амсрыг мянга томсгоод ёроол нь цоорхой бол НЭМЭРГҮЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN

Төрийн ордонд өнөөдөр төсвийн тодотголын асуудлаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Оролцогч талуудаас онцлох байр суурийг хүргэж байна.

"төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй"
 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Нэгдүгээрт бид төрийн захиргааны албан хаагчдыг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдыг 10 хувиар танах асуудал тавьж байна. Зөвхөн эдний цалингийн зардал, урамшууллаас 500-600 тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой.

Сүүлийн 12 жил Засгийн газар хамтарч бий болох явцдаа бүх намын төлөөллийг аливаа яам, тамгын газарт тэнцүү оруулах зорилгоор нэмсэн. Зөвхөн 2012 оноос хойш 24 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн байдаг. 2006 оноос хойш 60 мянган төрийн ажлын байр шинээр нэмэгдсэн.

Одоо төр орон тоогоо 15-20 хувиар танахад ямар ч асуудал байхгүй.

Хоёрдугаарт төсвийн тодотголд төр зардлаа 220 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байгаа. Энэ зардлыг 2017 оны баталсан төсвийн хэмжээнд барих хэрэгтэй.

Гуравдугаарт тэтгэврийн насны асуудал байгаа. Төрд ажиллаж байгаа 183 мянган иргэний ажлын байр баталгаатай байдаг. Чөлөөт хөдөлмөрийн зах зээлд 1 сая гаруй хүн ажиллаж байгаа. Эдгээрийн ажлын байр тодорхой бус, тэр ч бүү хэл компанийн дундаж наслалт 10 жил. Тийм учраас төр 183 мянган иргэнийхээ асуудлыг өөрсдөө шийд. Харин чөлөөт зах зээлийн тэтгэврийн насны асуудлаар чөлөөт зах зээлийн тоглогчидтой тохиролцох ёстой.

Мөн ХХОАТ-ыг энэ удаад битгий өөрчлөөч. Энэ мэт 8 зүйлийн асуудлыг бид тавьсан. Татвар төлөгч нь тоглоомын дүрэмд оролцож байх ёстой” гэв.

" 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ажилтнуудын татварыг өсгөж байгааг эсэргүүцэж байгаа"
 

“БСБ Сервис” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан “Хамгийн түрүүнд ХХОАТ-ыг шатлалтай болгож 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ажилтнуудын татварыг өсгөж байгааг эсэргүүцэж байгаа.

Ямар үр дагавар авчрах вэ гэдгийг бодох хэрэгтэй. 1.5 сая төгрөг бол өндөр цалинд орохгүй. Үүнээс давсан хүмүүс нь ихэнхдээ шагнал байдлаар, өндөр ур чадвартай, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, компанийн чухал хэлтэс, газрыг удирддаг, компанийн хувь заяаг авч явдаг хүмүүс байдаг.

Хамгийн их юм бүтээдэг, компанийн хувь заяаг шийддэг хүмүүсийн орлого руу татвар нэмэх байдлаар орж байна. Шатлал гаргахад бид дургүй байгаа. Одоо ч гэсэн илүү л төлж байгаа шүү дээ. Үүний хувь хэмжээг заавал нэмэгдүүлэх шаардлагатай байхгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой ажилтнууд нийт цалин авдаг хүмүүсийн 8 хувь нь. Тэр 8 хувийн татварыг өсгөөд төсөвт дорвитой орлого орж ирэхгүй. Татварын хувь хэмжээг нэмэх юм бол их олон байгууллагууд орлогоо нуун дарагдуулдаг хэлбэр рүү орно шүү дээ. Эцсийн эцэст хувь хэмжээг нэмж байгаа боловч нийт татвар нэмэгдэхгүй сөрөг үр дагавар гарч магадгүй.

Дараагийн нэг санал нь нийгмийн даатгалын шимтгэлээс орж ирсэн мөнгө нь багадаад байна гэхийн оронд байгаа мөнгөө зөв зарцуул. Ялангуяа тэтгэврийн сан маш гажуудалтай явж ирсэн. Төрийн албан хаагч л гэхэд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авч байсан. Яахаараа төрийн албан хаагч 36 сарыг авч, хувийн хэвшлийнхэн 1 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг юм бэ.

Нийгмийн даатгалын санг уут гэж үзвэл уутны амсрыг мянга томсгоод ёроол нь цоорхой учраас гоожоод л дуусна. Хэчнээн татвар цугласан ч зарцуулалт нь гажуудалтай бол ямар ч нэмэргүй гэж үзэж байна” гэв.

"Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш"
 

“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ын тэргүүн Н.Туяа “Засгийн газраас 2017 оны төсвийн тодотгол оруулж ирэхдээ иргэдийн нуруун дээр ихэнх ачааг үүрүүлж байгаад маш их бухимдалтай байна.

Төсвийн бодлого дан ганц төсвийн орлого бүрдүүлдэг хэрэгсэл биш. Энэ нь нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хийдэг санхүүгийн маш том хэрэгсэл байдаг. Ингээд үзэх юм бол энэ төсөлд ерөөсөө судалгаагүй, зүгээр л төсвийн орлого дутаж байгаа учраас хамгийн амархан олох арга буюу татваруудыг нэмж оруулж ирж байна.

Олон улсын түвшинд татварын бодлого нь эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн баялгийг тэгш шударга зарцуулсан байдаг. Тэдний жишгийг харвал хөгжсөн орнуудын төсвийн 20-60 хувь нь газар буюу байгалийн баялгаасаа орж ирдэг. Нэг ёсондоо ард түмний өмч ард түмэндээ эргэн зарцуулагддаг.

Жишээ нь Австрали улс нийт төсвийнхөө 39 хувийг, Канад 38 хувийг, Испани 23 хувь, Болгар улс 20 хувийг газраас олдог.

Манай улсын хувьд хөдөлмөрлөж байгаа хэсгээсээ маш их татвар авч, төсвийн орлогын 80 гаруй хувиа бүрдүүлдэг. Төсвийн орлого өнөөдөр 6 их наяд байгаа ч газраас олж байгаа орлого нь 68 тэрбум буюу 1 хувь байна. Бид нийтийн өмчөөс олох ёстой орлогыг 20-30 дахин бага авч байгаа.

Өнөөдөр манай төсвийн бодлого нийтийн өмчийг цөөнх нь маш хямд үнээр, өрсөлдөөнгүй давуу эрхээр эзэмшиж, хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээс орлогоо бүрдүүлж, эдийн засгаа туйлдуулж байна” гэв. 

Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал энэ долоо хоногт болох Төсвийн тодотголын хэлэлцүүлэгт санал болж орох юм.