Н.Тогоохорол: G-time компанийг цааш нь ажиллуулж өгөөч
G-time корпорацид хөрөнгө оруулсан иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд төр засгаас корпорацийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг шаардсан юм.
Тэгвэл уг компанид хөрөнгөө оруулсан зарим иргэд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулж байсан бол улсад татвар төлж, олон хүн хохирох нөхцөл бүрдэхгүй байсан хэмээн мэдэгдэв.
Энэ талаар G-time компанийн гишүүн Н.Тогоохорол “G-time ажиллаж байх үед манай эдийн засаг эрс дээшилсэн гэж боддог. Бид 1.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Улс бидний 6 тэрбум гаруй төгрөг, 2 тэрбум гаруй төгрөгийн барааг битүүмжилсэн. Сая унахад бид маш хүнд байдалд орлоо.
G-time компани 2011 онд анх улсын бүртгэлийн гэрчилгээ авсан боловч 2015 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсан.
Бид доороо гишүүн элсүүлээд буруутан болж байгаа бол Монгол Улс яагаад татварын дэвтэрээ бидэнд өгсөн юм бэ. Дээр нь буруу байсан бол бидний ажлыг тухайн үед нь зогсоохгүй яасан юм. Хэрэв зогсоосон бол миний ард 400-500 хүн элсэхгүй байсан. Би 20 сая төгрөгийн урамшуулал авсан. Анх 2015 оны 11 дүгээр сард элссэн. Манай багийн 400 гаруй хүнээс 47 хүн 20 сая төгрөгөө авсан.
Би хохирогч биш. Ажиллаж байх үедээ манай багаас хэн ч хохироогүй. Харин энэ компанийг зогссоосноос болж хохирох гээд байна. Бид өнөөдөр G-time компанийг цааш нь ажиллуулж өгөөч ээ, зүгээр ажиллаж байсан хүмүүсийг битгий царцаагаач гэж хэвлэлийн бага хурал хийж байгаа юм” гэв.
Б.Лхамцэцэг: Энэ бизнесийн үр ашгийг харсан, итгэсэн учраас орсон
G-time компанийн гишүүн Б.Лхамцэцэг “Нийгэм хүмүүсийг тэнэг мангартаа энэ бизнест орчихлоо гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ бизнесийн үр ашгийг харсан, итгэсэн учраас энэ бизнест орсон. Сар гарангийн дотор 600 орчим айл өрх 8,000 ам.долларын шагнал урамшуулал авсан байгаа. Харин улсад тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн.
Бид өөрсдийнхөө мөнгийг сайн дураараа энэ компанид гишүүнчилж өгөөд зохих урамшуулал авдаг. Хувь хүн өөрөө сонголтоо хийж орсон. Иргэн миний хувьд компанид орсныхоо төлөө хохирогч гэж байхгүй. Ямар хүнийг хохирогч гэх вэ гэвэл компанийн бүртгэл, матрицад шивэгдээгүй хүнийг хохирогч гэнэ.
Монгол Улсын талаас ажиллуулахгүй байсан юм бол яагаад олон мянган иргэн орсны дараа, татвар төлүүлчихээд хохирогч болгож байгаа юм бэ. Компани үйл ажиллагаагаа явуулж байсан бол хохирогч гэж байхгүй шүү дээ” гэсэн юм.
Хэвлэлийн бага хурлын дараа бид нэг гишүүнтэй ярилцлаа.
Ж.Анхтуяа: Монголд ингээд зогсоочихлоо гэж бодоход гадагшаа гараад энэ бизнесийг хийж болно
-Та хэвлэлийн бага хурлын дараа чухал зүйлээ хэлж чадсангүй гэж байсан. Тэр нь юу юм бэ?
-Монголд ингээд зогсоочихлоо гэж бодоход гадагшаа гараад энэ бизнесийг хийж болно. Наад зах нь Улан-Үдэ явж болно шүү дээ. Заавал тэнд очиж амьдрахгүйгээр ирж очоод явж байж болно. Бид энэ талаар судалсан, явж үзсэн хүмүүс ч байна. Бүр болохоо байвал 135 мянган төгрөгөө төлөөд тийшээ явъя л гэж бодож байгаа.
-Та анх хэдэн төгрөгөөр элсэж байсан бэ?
-Анх 12 дугаар сард 2 сая 236 мянган төгрөгөөр элсэж байсан.
-Та араасаа хэдэн хүн оруулсан бэ?
-Хоёр хүн оруулсан. Дүүгээ, хамаатныхаа ахтай хамт оруулсан. Түүнээс биш харь элгийн хүмүүс элсүүлээд хохироогоод байгаа юм байхгүй.
-Пирамид сүлжээг хууль бус гэдгийг цагдаагийн газраас хэлээд байхад та яагаад элссэн юм бэ?
-Хууль бус байсан бол анхнаас нь зогсоох ёстой байсан. G-time-д ажиллахад ер нь их боломжтой байсан. Яг хүсээд ойлгох юм бол боломжтой бизнес. Даанч нийгмээрээ ойлгохыг хүсэхгүй байна.
-Танай багт 159 хүн байдаг гэсэн. Тэд хэчнээн төгрөг хураалгасан бэ?
-160 хүнд 2.3 сая төгрөг өгсөн гээд бодчих. Түүнээс 11 хүн 8,000 ам.доллар, 38 хүн 500 ам.доллар авсан. Тооцоод гаргахад айхтар хохирсон асуудал байхгүй.
Би ер нь гаръя гэсэн хүнд нэр усыг нь солиод мөнгийг нь гаргаад өгчихдөг байсан. Ер нь бол болж байсан юм. Анх хоёр жил дараалж төрснийхөө дараа сургалтад нь суугаад энэ бизнест орж байсан.
-Та яг ямар мэргэжилтэй хүн бэ?
-Гэр бүл судлаач, орчуулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Би 2005-2010 хүн хүртэл Солонгост хар ажил хийж байсан. Солонгосоос ирээд амьдрах аргагүй болоод наймаа хийж, хэдэн төгрөг хураасан. Төрсний дараа гэртээ сууж байхад энэ бизнес гарч ирсэн. Тэгээд ах дүү, хамаатан садан, ойр дотны хүмүүсээ оруулж байгаа.
-Та нар нийлээд яг хэдэн төгрөг энэ компанид оруулсан бэ?
-Нийлээд 50 гаруй сая төгрөг оруулсан.
-Хэдийг нь буцааж авсан бэ?
-20 сая төгрөгөө авсан ч гэсэн буцаагаад багийнхаа хүмүүст зээлүүлчихсэн.
-G-time-ийн хүрээнд яг ямар бүтээгдэхүүн зарж байсан бэ. Мөн өгсөн мөнгөндөө бараа бүтээгдэхүүн авсан уу?
-Саван авъя гэж бодож байтал битүүмжилчихсэн байгаа.
-Одоо сүлжээ зогсчихлоо. Юу хийе гэж бодож байна?
-Наймаагаа л хийнэ дээ. Гэхдээ би Улан-Үдэ юм уу Казахстан явъя гэж бодож байна. Тэнд боломж нь байгаа учраас явахаас өөр арга байхгүй. Яваад ирсэн хүмүүс ч байна лээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
