Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цогтбаатар: Сэтгэл гутрах эмгэгийн үр дагавар нь АМИА ХОРЛОЛТ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Сэтгэл гутралын талаар ярилцъя” хэвлэлийн бага хурал Эрүүл Мэндийн Яаманд боллоо. Энэ өдөр дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарлаа хандуулж байна.

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас бардаг гэсэн тооцоо судалгаа байдаг ажээ.

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг бөгөөд дараах шинж тэмдгээр илэрнэ: 

  • Аливаа юмыг хийх идэвх сонирхол буурах,
  • Сэтгэл санаа дундуур, уйтгартай байх,
  • Нойргүйдэх,
  • Хоолны болон бэлгийн дуршил буурах,
  • Сарын тэмдгийн мөчлөг хямрах,
  • Өөрийгөө голох, буруутгах,
  • Үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах

Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У “Энэ өдрийн компанит ажлын гол зорилго нь сэтгэл гутралтай хүн бүр мэргэжлийн тусламж хүртэх эрхээ эдлэх ёстойг олон нийтэд ойлгуулах юм.  Сэтгэл гутрал бол нийтлэг эмгэг. Дэлхийн хүн амын 4  хувь нь сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн 10 жилд энэ эмгэгийн тоо 18 хувиар өссөн байна. Шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлтөөс гадна эдийн засгийн асуудалтай холбоотой юм. Сэтгэл гутрал нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй хэнд ч тохиолдож болно.

Хамгийн гол нь төрөөс энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сэтгэл гутрах эмгэгийн эсрэг оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргээд 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоо байдаг.  Учир нь сэтгэл гутралгүй эрүүл хүн ам улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг” гэсэн юм.

Монголын хувьд нийт хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэсэн судалгааг 2013 онд хийж байжээ. Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт хэдий  ч цаашид анхаарах ёстой чухал асуудал юм. Учир нь сэтгэл гутрал амиа хорлох шалтгаануудын нэг болдог ноцтой эмгэг ажээ.

Б.Цогтбаатар: Дөрвөн сурагч тутмын нэг нь амиа хорлох талаар бодож байсан
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар “Сэтгэл гутрах эмгэгийн үр дагавар нь амиа хорлолт байгаа. СЭМҮТ болон цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2014 онд 10-19 насны 53 хүүхэд амиа хорлосон байна.

НЭМҮТ-өөс сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийхэд 4 хүүхэд тутмын нэг нь энэ талаар бодож байсан, 10 хүүхэд тутмын нэг нь ийм оролдлого хийж байсан гэсэн үр дүн гарсан. Энэ юуг харуулж байна гэхээр нийгмийн шалтгаантай сэтгэл гутрах эмгэгийн тархалт өндөр байна.

Дэлхийд 4-5 хувийн дундаж тархалттай байдаг бол манайд 2013 оны судалгаагаар 6.6 хувь гэж гарсан байгаа. Шалтгаанууд нь нэмэгдэж байгаа тохиолдолд энэ тархалт нэмэгдэх магадлалтай” гэв.

Л.Насанцэнгэл: Бүх эмч нар энэ эмгэгийг оношлох боломжтой
 
Гэрэл зургийг MPA.mn

СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл энэ талаар “Дэлхий нийтэд амиа хорлолтыг 100 мянган хүн амд тооцдог. 20-иос дээш тохиолдол байвал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг. Манай улсад энэ тоо 12 байна. Амиа хорлолт дэлхий нийтэд 16-34 насны орь залуу хүмүүсийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж байдаг. Манай улсын хувьд амиа хорлолт жил бүр бага багаар өссөн.

Сүүлийн жилүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг жилээс жилд сайжирч байна. Хуучин сэтгэцийн эрүүл мэндийг солиорол ч юм уу хүнд өвчин гэж ойлгодог байсан бол өнөөдөр хүн амд нийтлэг тохиолддог стресс, нойргүйдэл зэргийг сэтгэцийн эмгэг юм байна гэдгийг мэддэг болсон.

Хамгийн гол нь сэтгэл гутралтай хүмүүс сэтгэл гутралаасаа гарахын тулд ярилцах, найз нөхөдтэйгээ уулзах, эмч мэргэжилтний туслалцаа авах хэрэгтэй.  

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар явагддаг. Тийм болохоор аль ч шатны эмчид хандах боломжтой. АШУҮИС-ийн ерөнхий мэргэжлийн эмчийн хичээлийн хөтөлбөрт сэтгэл гутрах эмгэгийг оношлох хичээл заагддаг учраас бүх эмч нар энэ эмгэгийг оношлох боломжтой” гэв. СЭМҮТ нь жилдээ 40 мянга гаруй хүнд үйлчилдэг бөгөөд 6,000 хүн хэвтэн эмчлүүлдэг байна.

Сэтгэл гутрах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийх,
  • Эрүүл зөв хооллох,
  • Тогтмол, сайн унтаж амрах,
  • Стресс тайлах ур чадварт суралцах,
  • Согтууруулах ундаанаас татгалзах,
  • Өөрийгөө хүндэтгэх, хайрлах, халамжлах,
  • Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх,
  • Өөдрөг үзэлтэй, эелдэг байх

Сэтгэл гутрал нь хэнд ч тохиолдож болох нийтлэг эмгэг тул өвдсөн тохиолдолд эрчимтэй эмчилгээ хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал архагшвал амьдралын чанарт муугаар нөлөөлж, өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулдаг байна. Тиймээс та эрүүл мэнддээ анхаарч, ойр дотныхондоо санаа тавиарай.