Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: Тухайн жилийнхээ заслыг шинийн 15-наас хойш ч хийлгэж болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2024 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Дахин нийтлэв-

Хаврын тэргүүн сар гарч, сүсэгтэн олон тухайн жилийнхээ засал номыг хийлгэхээр сүм хийдүүдийг зорьж, ихээхэн дараалал үүсдэг. Харин шинийн 15-ны дотор засал ном хийлгэхийн учрыг асууж тодруулахаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай уулзаж, ярилцлаа.


- Шинэ гарч буй жилийнхээ заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ. Заавал шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой юу?

- Ер нь шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд нийт Монголчуудын хувьд шинэ жил гарч байгаа учраас тухайн жилийнхээ засал номыг уншуулж, гадна дотны барцад, хөндлөнгийн шалтаг шалтгаан бүхнээс ангижирч, тэр жилдээ сайн сайхан байхын тухайд буюу бодсон санасан бүхэн бүтэмжтэй, өвчин зовлонгүй, айл гэр амар жимэр, буян хишиг арвин, олз омогтой, бүх зүйл сайн сайхан байхын тухайд жилийнхээ засал номыг хийлгэдэг.

Шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд Бурхан багшийн Рид хувилгаан шидийг үзүүлсэн өдөр юм. Өөрөөр хэлбэл, хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд Бурхан багш номын хүчээр бүхнийг эрхэндээ оруулсан гэж үздэг.

Энэ үүднээс шинийн 1-нээс шинийн 15-ны хооронд хийсэн буяны үйл хэдэн зуу дахин арвиждаг гэдэг. Боломжтой бол энэ өдрүүдэд буюу шинийн 15-наас өмнө засал номоо хийлгэж болно.

Амжихгүй бол 15-наас хойш хийлгэж ч болно. Зав чөлөөгүй, боломжгүйгээсээ болоод 15-ны дотор засал хийлгэж амжсангүй, номоо уншуулж чадсангүй гэж сэтгэл санаагаар унах шаардлага байхгүй. Тэгэхээр шинийн 15-наас хойш ч ялгаагүй засал ном хийлгэж болно.

- Сүүлийн үед аравнайлсан шар тосоор зул барих нь буян хишгийг арвижуулдаг гэдэг зүйл яригдах болж. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Сүүлийн үед сонин сонин юм гаргаж ирээд байдаг болж. Хөдөөгийн хөгшчүүд хүртэл аравнайлсан шар тос захиад байна гэх юм.

Буян хишиг арвижуулдаг байж болох тал бий. Гэхдээ энэ бол хэтэрхий туйлширсан зүйл.

Аравнайлж, ном уншиж, номын хур бууж байгаагаараа мэдээж сайн. Гэхдээ хамгийн гол зүйл бол хүний дотоод сэтгэл шүү дээ. 

- Даллагын уут, хийморийн дарцаг нь ямар учиртай зүйл юм бол?

- Даллагын уутыг буян хишиг тогтоохын тухайд гэртээ залдаг. Энэ уут нь зүгээр нэг уут биш, таван махбод болох гал, шороо, төмөр, ус, мод нь улаан, шар, цагаан, хөх буюу цэнхэр, ногоон гэсэн өөр өөрийн гэсэн өнгөтэй.

Тухайн өрхийн тэргүүний төрсөн жил, буян хишгийн махбодоос хамааран даллагын уут янз бүрийн өнгөтэй байна. Ерөнхийдөө даллагын уутанд буян хишгийн эх өнгийг түлхүү сонгодог.

Даллагын уутны ам онгорхой байдаггүй. Зөвхөн даллага авхуулах үед нээж, бусад үед гарзгүй байхын тухайд уутны амыг хаалттай байлгадаг. 

Хийморийн дарцгийг тухайн хүний хийморь лундааг сэргээхийн тухайд хийсгэдэг. Гарч буй жилээс хамааран хийморь сүлд нь ямар байх нь гарна.

Орчин үед хийморийн дарцгийг байшингийнхаа орой дээр, тагтан дээрээ ч уячихдаг болж. Хуучин цагт уул, овоон дээр уяж, хийсгэдэг уламжлалтай байсан.