Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бум-Очир: Монгол угсаа ЦУСНААС илүү СОЁЛД байдаг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2019 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын түүхэн угсаа гарал, язгуурын талаар сонирхолтой яриа өрнүүлэхээр Лондон коллеж Их Сургуулийн судлаач, антропологич, доктор Д.Бум-Очирыг VISITOR буландаа урилаа.

Дэлхий нийтээр даяаршиж буй энэ цаг үед Монгол хүн та юуг эрхэмлэж явах ёстой вэ...


- Бид тантай Монголчуудын уг гарал үүслийн талаар ярилцахыг хүсэж байна. Монголчуудын гарал үүслийг хэнээс, хаанаас эхтэй гэж үздэг юм бол. Ямар баримт байдаг вэ. Ер нь үндэстний гарал үүслийг шинжлэх ухаанд хэрхэн тодорхойлдог юм бэ?

- Монголчууд гэлтгүй, аливаа үндэстэн угсаатан, бүлэг хүмүүсийн гарал үүслийг тодорхойлох амаргүй. Үүнтэй холбоотойгоор хэн тодорхойлох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энгийнээр бол “Монголчууд өөрсдөө л тодорхойлно” гэж хэлэх байх. Энэ нь ч зөв. Мөн судлаачид шинжлэх ухааны үндэстэй тайлбар хайдаг. Гэвч, энэ хоёр адилхан байх албагүй.

Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн гарал үүслийнхээ талаар хариулт өгч түүндээ итгэж үнэмших нь нэг хэрэг. Шинжлэх ухааны аль нэг салбар судалж хариулт өгөх нь бас өөр хэрэг. Ард түмний угсаа гарлыг тодорхойлдог хэд хэдэн судалгааны арга бий. Нэгд, удамшил, хоёрт, хэл, гуравд, түүхэн баримт. Энэ гурван баримтын нийлэмжийг авч үздэг.

Антропологийн ухаан гэхэд, аливаа ард түмэн гарал үүслийнхээ талаар үлгэр домог зохиож улмаар ямар нэгэн итгэл үнэмшил бүтээх явдал (construction) түгээмэл байдаг гэж үздэг. Ард түмний тайлбар зохиомол, уран сэтгэмж оруулсан байх магадлал ихтэй.

Зарим тохиолдолд, тийм домог, зохиомжийн чанартай өгүүлэмжийн үнэн худлыг шинжлэх ухааны үүднээс нотлох боломжгүй байдаг. Гэхдээ, үүгээрээ тэдний итгэл үнэмшлийг худал хуурмаг, мухар сохор гэж үзэж, соёлыг нь үл хүндэтгэж байгаа хэрэг огт биш шүү!

Ард түмэн хэн бэ гэдгээ, хаанаас гаралтай вэ гэдгээ ялангуяа түүхийн бодитой баримт байхгүй тохиолдолд их бага хэмжээгээр зохиосон байдаг. Энэ нь домог, үлгэр байхаас гадна төр засаг баригчид, удирдлага, түүхэн цаг үед байсан лидерүүд нь ард түмнээ өөдрөг үзэлтэй байлгах, эсвэл илүү агуу түүх үлдээхийн тулд албаар зохиосон ч байж болно.

Ер нь аливаа ард түмэн өөрсдийгөө агуу болгох гэж уралддаг шүү дээ. Агуу түүх бичихийн тулд агуу угсаа гарал хэрэгтэй болдог. Жишээ нь, Киргизчүүд Зөвлөлт Холбоот Улс задрахад тусгаар улс болсноосоо хойш өөрсдийгөө Манас гэдэг баатраас үүсэлтэй, Киргизстаны анхны төрт улсыг Манас баатар үүсгэн байгуулсан гэдэг ойлголтыг дэмжиж, дэлгэрүүлж байгаа юм.

Ард түмний тайлбар зохиомол, уран сэтгэмж оруулсан байх магадлал ихтэй.

Манас гэдэг нь манайхаар Гэсэр, Жангар, Хан Харангуй шиг Киргизстаны баатарлаг туульсын дүр.

“Манас баатар үлгэр туульсын дүр юм биш үү?” гэж асуухаар, “Үгүй ээ, түүхэн бодит хүн” гэж хариулдаг.

Гэтэл түүхчид үүнийг нь батална гэдэг маш хэцүү. Манай Ц. Дамдинсүрэн гуай Гэсэрийг түүхэн хүн байсан гэж нотлохоор докторын судалгааны ажил бичиж хамгаалсантай төстэй юм даа.

Үүн шиг, уламжилсан зарим баримтаас үзэхэд, Монголчуудын уг гарлын тухай асуудалд үеийн үед шашны, улс төрийн гэхчлэн янз бүрийн шалтгаантай зохиомол зүйлс их бага ямар нэгэн хэмжээгээр орсон байдаг.

Жишээлбэл, XVII зууны эхээр зохиогдсон гэж үздэг “Хаадын үндсэн хураангуй Алтан товч” хэмээх сударт өгүүлснээр Монголчууд Энэтхэг Төвөдөөс гаралтай болж хувирдаг. Энэ нь дараа дараагийн олон сурвалжид нөлөөлсөн.

Үнэндээ, бидэнд гарал үүслээ бүрэн тодорхойлох ноттой баримт уламжилж ирээгүй. “Монголын нууц товчоо” зэрэг түүх-уран зохиолын бүтээлд тэмдэглэгдсэн Бөртэ Чоно, Хоо маралд холбогдох өгүүлэмж, Алан гоо эхийн домог, Эргүнэ Хунгийн домог гэхчилэн баримтууд л бий.

Эдгээр нь домгийн өгүүлэмж юм. Домгийг түүх болоод антропологийн шинжлэх ухаанд бодит баримт гэж үздэггүй. Гэхдээ, худал хуурмаг, ор үндэсгүй гэж үзэж байгаа хэрэг биш шүү. Шинжлэх ухаан юу гэж үзэхээс үл хамааран аман домогт ард түмэн олон үеэрээ итгэж үнэмшиж ирсэн байдаг.

Хүмүүсийн зарим нь аман баримтад, нөгөө хэсэг нь түүхэн баримтад итгэдэг байж ч болно. Тиймээс, Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал юм.

- Түүхчид түлхүү санал нэгддэг зүйл бий юу. Монголын тухай тэмдэглэсэн хамгийн эртний баримт юу вэ?

- Одоогоор эртний гэгдэх түүхэн баримт бол Хятадын Тан улсын үеийн түүхэн сурвалжид “Мэн-вү” (Meng-wu) буюу Монгол гэсэн үг бий. Энэ нь 618-907 он буюу VII-X зуунд холбогдоно. Судлаачид шантралгүй судалж, баримт сэлт нотолгоо хайсаар байна.

Ер нь, Монголчуудын гарлын асуудал шинэ бичмэл түүхэн баримт олдсон үед л баттай, ноттой болно. Тэр үед шинжлэх ухааны арай өөр төвшинд авч үзэх боломжтой болно.

Ийм зүйлгүйгээр домогт үндэслэх нь өнөө цагт эцсийн байдлаар олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Бид шинжлэх ухаанд итгэж үнэмшдэг цаг үед амьдарч байна. Тэгэхлээр, хүмүүсийн итгэдэг, хүлээж авдаг арга замаар нь л нотлон харуулахаас өөр аргагүй.

- Монголчуудын уг гарлыг “Монголын нууц товчоон”-д “...Бөртэ Чоно, Хоо марал... тэнгис гэтэлж ирэв...” гэсэн байдаг. Энэ талаар тодруулж өгнө үү. Монголчууд одоогийн энэ нутагтаа хаанаас ирсэн юм бол?

- Олонх эрдэмтэд үүнийг Монголчуудын өвөг дээдэс Байгал далайгаас нүүдэллэн иржээ гэж тайлбарладаг. Энэ нь эрдэмтдийн дэвшүүлж байгаа таамаглал бөгөөд хөдөлгөөнгүй баталгаатай зүйл хараахан биш.

Түүнчлэн, уг үйл явдлын он цагийг тогтоох оролдлого ч хийсэн байдаг. Хэцүү ч биш л дээ. “Нууц товчоон”-д Чингис хааныг хүртэл хэдэн үе өгүүлснийг тооцоолоход ямар нэг хугацаа гарч ирнэ. Гэхдээ үүнд үндэслэх төвөгтэй. Домог шүү дээ.

Монголчуудын угсаа гарлыг шууд “ийм” гээд оноон хэлэх боломжгүй, маргаантай асуудал.

Хэл шинжлэлийн үүднээс гаргасан бас нэг таамаглалыг дурдвал, Туркийн хэл шинжээчид өнөөдрийн Монголын нутаг дэвсгэр дээр байсан Монгол болон Түрэг аймгийн гарлыг хэлээр нь дамжуулж судалсан байдаг.  

Тэдний судалгаанд өнөөгийн энэ нутагт нэг хэсэг нь “анчин”, нөгөө хэсэг нь “малчин” хоёр өөр угсааны хүмүүс байсан гэж үзжээ. Анчид нь Монголын өвөг дээдэс, малчид нь Түрэгийн өвөг дээдэс. Анчид Сибир буюу тайгаас өнөөгийн тал нутагт бууж ирсэн. Тэр үед тал нутагт малчин улс байсан.

Учир нь Монгол, Түрэг хоёр хэлийг харьцуулан судалж үзвэл монгол хэлэнд байгаа мал аж ахуйн холбогдолтой нэр томьёо голдуу түрэг хэлнээс гаралтай, түрэг хэлний ан агнуурын үгс голдуу монгол гаралтай.

Монгол, Түрэг хоёр үндэстэн энэ газар нутаг дээр нийлж, улмаар ан агнуурын болоод мал аж ахуйн үг хэллэгүүд бие биедээ орсон гэж үзэж байгаа юм. Би үүнийг судалаагүй болохоор буруу зөв гэж шүүн тунгаах эрх алга. Энэ талаар илүү сайн мэдэх Монголын залуу судлаачид бий.

Тэд үүнийг илүү ярих байх шүү. Юутай ч, хэрвээ үнэн бол бидний өвөг дээдэс Байгал далайн цаана Сибирээс нүүдэллэж ирсэн болж таарах гээд байгаа юм. Гэтэл энэ эцсийн нотолгоо болж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй.

Түрэг судлалынхан олон үгийн гарлыг түрэг талаасаа тайлбарлаад байна гэж монголч эрдэмтэд шүүмжилдэг. Тэгэхлээр, үгийн гарлыг 100 хувь нотлох боломжтой юу гэдэг асуудал бас гарч ирнэ. Тиймээс, маш тодорхой бичгийн дурсгал байх л хэрэгтэй. Бусдаар үүнийг нотлох хэцүү. 

- Он цагийн хувьд арай наашилбал, Алан гоо эхийн домог байна. Чингис хааны удмыг эхийн талаас нь, Алан гоо эх Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас Хорь Түмэдийн нутаг Ариг ус хэмээх газар төрсөн гэж тодорхой дүрсэлжээ. Гэвч эцгийн талаас нь “...шөнө бүр цэгээн шар хүмүүн гэрийн өрх, тотгын гэгээгээр орж, хэвлийг минь илэхэд гэгээ нь хэвлийд шингэх бүлгээ...” гэж домгийн шинжтэй гэж хэлж болохоор дүрсэлсэн байх юм. Үүний учир юу вэ. Монголчуудын өвөг дээдэс хэн байв?

- “Монголын Нууц Товчоон”-д байдаг Монголчуудын гарал үүслийн тухай нэгэн чухал домог бол яахын аргагүй Алан гоо эхийн домог. Энэ домогт нэг зүйлийг тодорхой хэлж өгдөг. Чингис хааны удам яг Добу мэргэнтэй холбоотой юу гэхээр “үгүй” болж таарч байгаа юм.

Домогт өгүүлснээр Алан гоо эхийн эр нөхөр буюу Добу мэргэн үгүй болсон байтал хоёр хүү төрсөн асуудал гарч ирж байгаа. Энэ үед гэр дотор байсан ганц эр хүйстэй хүн нь Малиг Баягудай нэрт зарц шүү дээ.

Төв Халхчууд тэнгэр дугарахад “Хиюуд аа, Баяуд аа” гэж дууддаг байж. Аавын минь үзэж байгаагаар, Төв Халхчууд “бидний бодит овог, өвөг дээдэс Хиад бус, Баягуд ч юм бил үү” гэж боддог учраас ингэж хамтад нь дууддаг байсан байх гэдэг.

Үүнд холбогдуулан бас бөө мөргөл судлаач, түүхч агсан О.Пүрэв гуай өгүүлсэн зүйлийг дурдах ёстой. Тэрбээр, бөө нар хүн махны сүнс, ясны сүнс, оюуны сүнстэй гэж үздэг бөгөөд ясны сүнс нь эцгийн талаас Малиг Баягудай зарц байж болох юм.

Гэхдээ оюуны сүнсний үүднээс энэ нь Мөнх тэнгэр өөрийн биеэр орж ирж сүүлийн хоёр хүүг үлдээсэн гэж үзсэн.

 

Цэгээн шар хүн гэдгийг монгол домог зүй, бөө мөргөл, аман зохиолоос судлаад үзвэл гарцаагүй дээд гарлын сүнс болж таардаг. “Урт шар хүн, шар нохой мэт шарвалзан гарна” гэх зэргээр нь яалт ч үгүй чоныг хэлж байгаа.

Одоог хүртэл Дархадуудын дунд чоныг “шар нохой” гэж эерүүлэн хэлдэг төдийгүй ер нь Монголчууд ингэж хэлдэг баримт олонтаа олддог. “Нохой” гэж хэлж байсан баримт бүр ч олон.

Тэгэхээр, шар нохой гэдэг нь Бөртэ Чоно байж магадгүй. Үзэгдэж байгаа цэгээн шар хүн нь бурханлаг, оюунлаг дээд төвшний сүнсийг дүрсэлсэн байгаа юм. Ингэж үзвэл, Мөнх тэнгэр, түүнтэй холбоотой дүрслэл байх боломжтой.

Алан гоо эх ингэж тайлбарласан нь “Монголын нууц товчоон”-д байдаг шүү дээ. Тухайн үеийн хүмүүс Алан гоо эхийн хэлсэн шиг домгийн шинжтэй, бэлгэдлийн зүйлд итгэдэг байсан нь гурван ахаас нь харагддаг. Тэр үед гэлтгүй өнөөдөр ч гэсэн бөө мөргөл, шашинд итгэж л байна.

Нарийн яривал, энд Чингис хааны эцгийн талын удам тасалдаж байгаагаар харагддаг. Гэвч, маш олон хүний үзэж байгаагаар, Чингис хаан аль ч овгийн хүн байлаа гэсэн энэ хүн бол агуу хүн. Баягуд ч бай, Боржигон овогт ч бай энэ хүн бол Монголчуудын өвөг дээдэс болсон чухал хүн.

Цаашлаад, Алан гоо эхийн домог таван сумаар төлөөлүүлж эв нэгдлийг сургахаас гадна Монголчуудын өвөг дээдэс Хиюуд байна уу, Баягуд байна уу хамаагүй, та бүгдээр Монголчууд гэдгийг, битгий овог аймаг, угсаа гарлаараа хуваагдаж алалцаад, тарж бутраад, улс орноо тараах гээд бай гэдгийг сануулаад байгаа юм биш үү!

Мах цус, гарал угсаа чухал боловч шаардлагагүй үед хэт чухалчлах нь дотоодын задрал бутралд хүргэх аюултайг сануулж байгаа домог гэмээр байна. Шаардлагагүй тохиолдол гэж уг гарлыг улам нарийсган мөшгөөд, улмаар түүндээ тулгуурлан олон бүлэг болон жижигсэж хоорондоо зөрчилдөхийг хэлж байна л даа.

Олон овог аймгуудыг “Монгол” болгон нэгтгэж хүчирхэг тусгаар улс байлгахын төлөө Чингисийн угсааны ноёд тэмцсээр ирснийг түүхчид нэлээд судалсан. Монголчуудыг олон овог аймаг эсвэл угсаатны бүлэг болгон хувааж задлах зорилготой улс төрийн бодлого манай хоёр хөршид байдгийг антропологич Л. Мөнх-Эрдэнэ сайхан бичсэн байдаг.

Тиймээс, Алан гоо эхийн домог бол ялангуяа бидний энэ цаг үед мартаж болохгүй сургаал. Өнөөдөр зарим Монголчууд маань өөрсдийгөө монгол хүн гэхээсээ илүүгээр Буриад хүн, бүр Увс хүн гэх ойлголт гаргаж ирээд байна. Алсдаа энэ их хортой байж мэднэ. Учир нь, монгол хүн байх нь чухал биш болж болзошгүй.       

- Хүннү нар одоогийн Монгол улсын газар нутаг дээр анхны төрт улсыг байгуулсан. Монголчууд болон Хүннү нарын хооронд удмын холбоо бий юу. Тийм бол ямар үндэслэлээр вэ?

- Монгол гэдэг овогтон бүрэлдэж, Монгол гэдэг нэр томьёо бий болж, Тан улсын тэмдэглэлд бичигдэхээс өмнө, бидний өвөг дээдэс өөрсдийгөө Монгол гэж нэрлээгүй байсан ч хаа нэгтээ байсан байж таарна.

Гарлын хувьд, өвөг дээдэс маань Хүннү гүрний дотор байсан байх магадлал маш их. Гэхдээ, Хүннү бол Монгол биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүннү бол Хүннү. Тэдний дотор Монголчуудын өвөг болсон хүмүүс байсан байж болно.

Түүх соёл, газар нутаг, уг гарлын талаар ямар нэг байдлаар холбогдох нь тодорхой боловч нэр томьёоны хувьд, Хүннү болон Монгол хоёр тусдаа.

Удмын талаас, Хүннүгийн үеийн булшны олдвороос удмын хэв шинжийг, ялангуяа хаад ноёд, язгууртнуудынхыг өнөөдрийн Монголчуудынхтай харьцуулж үзвэл бидний удам холбоог нягталж болно. Энэ талын судалгаанууд бий.

Хүннү гүрэн одоогийн манай төдийгүй хөрш зэргэлдээх улсын нутаг дэвсгэр дээрх тухайн үеийн ард түмнийг нэгтгэсэн улс байсан болохоор харьяанд нь Монголчуудын өвөг дээдсээс гадна Түрэг, Киргиз, Казах, Манж-Түнгүс магадгүй Хятад, Төвөд гээд хэчнээн үндэстэн, угсаатан байсныг хэлэхэд хэцүү.

Жишээ нь, Эгийн голоос олдсон болоод бусад Хүннүгийн үеийн булшнаас авсан ДНХ-ийн судалгаа Монгол, Түрэг, Хан Хятад, Японы Айну, Жомон, Якутын Саха, бүр зарим нь Европ хүнийхтэй хүртэл холбогдохыг тогтоосон. Үүгээр бол, Хүннү олон үндэстэн холилдсон улс байсан гэсэн үг.    

- Хүннү нар бидний өвөг дээдэс бол Их Монгол Улсын үеийг хүртэл Монгол газар нутагт оршин тогтнож байсан Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Киргиз, Хятан зэрэг төрт улс бидэнтэй ямар холбоотой байх вэ?

- Холбоотой. Түүх, биологийн антропологи, археологи, генетикийн судалгаагаар тэдний булшнаас олдсон хүмүүсийн ДНХ-г харьцуулж судалсан байдаг. Хүннүгээс хойшхи олон улс гүрэн Монгол газар нутаг дээр байсан. Монголчууд тэдэнтэй холбоогүй, харин Хүннүтэй л холбоотой гэж болохгүй.

Гол нь эдгээр улсаас Хүннү гүрэн илүү хүчирхэг, илүү дэлхий дахинд нэртэй. Тиймээс л Хүннүг онцлоод байгаа болохоос, бусад нь Монголтой огт холбоогүй гэсэн үг биш.

Хүн амын хэдэн хувь нь ямар хэмжээнд холбоотой байна вэ гээд нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Ер нь, Хүннү, Сяньби, Нирун гээд одоогийн Монголын нутагт байсан олон төрт улсын дотор Монголчуудын өвөг дээдэс ямар ямар байр суурьтай байсан нь л их сонирхолтой.

Алан гоо эхийн домог бол ялангуяа бидний энэ цаг үед мартаж болохгүй сургаал.

Бас нэг чухал холбоог дурдах хэрэгтэй. Мах цусны холбооноос гадна соёлын холбоо гэж маш чухал зүйл байна. Монголын нутагт байсан энэ олон улс гүрэн удмын холбоотой, холбоогүйгээс үл хамааран соёлын хувьд холбогдож, бие биеэ өвлөж залгамжилж байсан. Нүүдэлчин малчин ард түмний соёлыг хэлж байна л даа.  

- Өнөөдрийн Турк, Унгар, Казахстан, цаашлаад Япон, Солонгосчуудыг Монголчуудтай ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай байсныг хэлний талаас нь тайлбарлаж болох юм. Түүхэн цаг үе, үйл явдлын судалгаа шинжилгээний үүднээс үнэхээр холбоотой улс уу. Тухайлбал, Монгол болон Унгарчууд нэг гаралтай гэж үзээд байна шүү дээ.

- Өнөөдрийн Турк болоод эртний Түрэг, бүр нарийн хэлбэл Хөх Түрэг энэ хоёр холбоотой, мөн өнөөдрийн Унгар эртний Хүннүтэй холбоотой байсан гэж үзээд байгаа. Ялангуяа Hungary гэх нэрийн “Hun” нь эртний Хүннү гүрний “Хүн”-тэй язгуур холбоотой гэж үздэг.

Унгарыг нэгтгэж улс байгуулж байсан Мажар үндэстэн Атилла хааны удам байсныг баталсан. Мөн Болгарыг нэгтгэн улс байгуулж байсан Ирник (Irnik) буюу бас Ирнах (Irnakh) ч гэдэг хааныг Атилла хааны удмын хүн байсан гэж үздэг түүхийн судалгаа бий.

Иймээс Унгарын дотор одоо бол цөөнх нь болсон Мажарууд болон мөн Болгарын Ирник хааны удам Хүннүтэй холбоотой. Ялангуяа Ирник хаан Атилла хаантай холбоотой гэвэл Хүннү гүрний язгууртнуудтай холбоотой болж таарна.

Гэхдээ Хүннү гүрний дотор олон үндэстэн ястан байсан гэдгийг үндэслэн Унгарчуудыг Монголчуудтай холбоотой байсан гэж хүчээр тааруулж болохгүй. Хэр холбоотой болохыг цэвэр генетикийн судалгаа л харуулах байх. Жишээ нь, Унгарын Мажаруудтай (Magyar) бараг адилхан нэртэй Мажар (Madjar) гэж жижиг бүлэг Казахстанд байгааг харьцуулсан генетикийн судалгаагаар нотолсон байсан.   

Нөгөөтэйгүүр, өнөөдрийн Унгарын ард түмний удмын хэв шинжийг эртний Мажар үндэстнийхтэй, өнөөдрийн Туркийг эртний Түрэгүүдийнхтэй холбож судалсан судалгаа бий.

Туркт ч тэр, Болгарт ч тэр, Унгарт ч тэр, тухайн үед төрт улсаа байгуулж байсан эсвэл тэр улсын харьяат байсан хүмүүсийн удмын хэв шинж хадгалагдаж үлдсэн. Гэхдээ өнөөгийн хүн амтай нь харьцуулж үзвэл тэд МАШ БАГА хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, улс байгуулсан хаад ноёдынх нь угсаа язгуур хүн амын цөөнх нь болчихсон.

 

Сүүлийн үеийн судалгаануудыг үзэхэд, өөрсдийгөө Унгар, Болгар үндэстэн гэж байгаа хүмүүсийн ихэнх хэсэгт нь Хүннү нарын юм уу Төв Ази, Монголын цус огт байхгүй, маш цөөн хэсэгт нь л байгаа.

Тэгэхээр, тухайн үед генетикийн ямар нэг холбоогүй ард түмнийг эзлэн суусан учраас өнөөдрийн Турк, Болгар, Унгарчуудын хүн амын ихэнх нь өөр хэв шинжтэй байна гэсэн үг.

Монгол ч мөн ялгаагүй. Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ. Чингис хааны Монгол овогтон Их Монгол Улсыг байгуулаад тив дэлхийн олон улс үндэстнийг захирч, тэдний олон төрлийн цус холилдож, янз бүрийн удмын хэв шинжтэй хүмүүс бий болж төлөвшсөн.

Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн. Ганц С.Бямбадорж багш ч ингэж үзсэн юм биш. Дэлхий дээр цэвэр үндэстэн байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна шүү дээ.

Бид их бага хэмжээгээр заавал холилдсон байгаа. Ялангуяа Түрэг, Төвөд, Манж, Уйгар, Узбек, Киргиз, Казахтай магадгүй Хятадтай ч холилдсон байж таараа.

Хэрвээ Монголд мөнгө төлөөд удмаа тодорхойлох үйлчилгээ нэвтэрвэл олон хүн гутрах байх. Багахан хувиар Хятад холилдсон байхад л манайхан хүлээж авахгүй хэцүүднэ. Азаар гэх үү дээ бид түүнийг шинжлүүлэхгүй, мэдэхгүй, цэвэр Монгол гээд л явцгааж байгаа. Өнөөдрийн хүмүүсийн хандлагыг харвал мэдэхгүй  нь ч дээр. 

Хэлнийх нь талаас тайлбарлаж бас болно. Киргиз, Казах, Уйгар, Туркүүд хэлний хувьд их ойрын холбоотой. Өнөөдөр Казах гэж тусдаа үндэстэн байгаа боловч хэлээр нь хөөгөөд үзвэл Казах, Турк бие биеэ тодорхой хэмжээгээр ойлгож байгаа. Хувиар тооцож гаргасан судалгаа үгүй юм шиг байна лээ.

Түрэг хэл, казах хэл хоёр үгсийн сангийн хувьд ижил үг олон учраас хоорондоо ойлголцоод байна. Мөн Монгол хэл Алтай овгийн хэл учраас Манж хэлтэй ч холбогдох жишээтэй. Гэхдээ хэл ойр байна гэдэг нь угсаа гарал 100 хувь ойр гэсэн үг биш. Тийм байх албагүй.

Тухайлбал, дээр дурдсан Мажар хэл өнөөгийн Унгар хэлэнд зонхилох үүрэг гүйцэтгэж байхад Мажар угсааныхан хүн амын хэдхэн хувь болохыг харуулсан судалгаа байдаг.

Эртний Мажар хэлний нөлөө өнөөдрийн Унгар хэлэнд илүү хадгалагдаж ирсэн байтал Мажар угсааны хүмүүс нь генетикийн хувьд тархаж чадаагүй. Иймээс, хэлний холбоо хамаарал нэг үндэстэн байсныг гэрчлэх бүрэн үндэслэл болж чадахгүй.

- Сүүлийн үед зарим эрдэмтэн Монголчуудыг Түрэг аймаг гэх болжээ. Ийм үндэс бий юу?

- Иймэрхүү асуудлыг бид шинжлэх ухааны үндэстэй авч үзэх ёстой. Туркт очиход, Туркчууд Монголын эзэнт гүрнийг Түрэгийн эзэнт гүрэн гэж хэлдэг. Түрэг судлаачид ч ингэж хэлдэг. Киргизстанд ч бас Чингис хааныг Киргизийн өвөг дээдэс гээд байдаг.

“Яагаад” гэж асуухаар “Чингис хааны эхийн талынхан Киргиз байсан шүү дээ” гэдэг юм. Эхийн талын гарал угсааг мөн л генетикийн үүднээс нотлох хэрэгтэй л дээ. Мэдээж өнөөдрийн Түрэг болоод Киргизийн уг үндэс байсан байж болно. Үгүйсгэх аргагүй.

Хэлний холбоо хамаарал нэг үндэстэн байсныг гэрчлэх бүрэн үндэслэл болж чадахгүй.

Үүнээс гадна Монголын эзэнт гүрний дотор Монгол овогтон угаасаа цөөн хүн амтай байсан.

Өөрөөр хэлбэл, Их Монгол Улс өнөөгийн Орос, Хятад, АНУ-тай адил олон үндэстнийг нэгтгэсэн байв. Харин Их Монгол Улсыг байгуулж, удирдаж байсан язгууртан, хаад ноёд нь Монгол овогтон байв.

Тиймээс, төрөл гарал, хэл соёл хамгийн ойр бүлгүүд нь бас Монгол гэх нэрийг зүүх болсон хэрэг.  Их Монгол Улсын харьяат хүн амын дотор, тухайлбал, цэргүүдийн хүрээнд түрэг овгийнхон маш их байж.

Тэгэхээр, Монголын эзэнт гүрнийг байгуулахад хувь нэмэр оруулсан учраас өнөөдрийн Туркчууд Монголын эзэнт гүрнийг бас Түрэгийнх гэж үздэг байж болох талтай.

- Өнөөдөр ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН гэж байхгүй юм байна. Тэгвэл бид бүгдийг МОНГОЛ гэдгийг тодорхойлох хүчин зүйл юу вэ?

- “Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш. Антропологийн ухааны үүднээс авч үзвэл, хүний угсаа гарал тухайн хүний цусанд бус, нийгэмд нь, соёлд нь байдаг.

Өнөөдөр өндөр хөгжсөн генетикийн шинжлэх ухаан  бидний дунд цэвэр үндэстэн байхгүй гэдгийг хүссэн, хүсээгүй нотолж байна. Бид өнөөдөр өөрсдийгөө Монгол цустай гэж цээжээ дэлдээд явж байтал нэг л өдөр тэрхүү итгэл үнэмшлийг маань үгүйсгэж болох нь. Ингэхээр Монгол угсаатан гэдгийг хэн, юу, яаж хэмжих вэ? Цус биш болж таарлаа.

Тэгвэл Монгол үндэстэн гэдгийг юугаар тодорхойлох вэ гэхээр бидний сэтгэл зүрх, оюун ухаан, хүмүүжлээр, өргөн утгаараа, нийгэм дээр суурилсан соёлоор нь тодорхойлно. Тэрхүү соёл, хүмүүжлээр Монгол гэдэг ухааныг олж авч, тэрхүү хүмүүжил өнөөдөр биднийг Монгол хүн гэдгийг илтгэж байна.

Жишээ нь, Турк гаралтай хүүхдийг Монголд авчраад багаас нь “Чи Монгол хүн” гэж хэлээд өсгөе. Тэр Монгол хүн болж л өснө. Түүнд турк удам хэчнээн байлаа ч, сэтгэхүй нь Монгол л болно.

Тэр ч битгий хэл хүнийг “чи хүн биш, нохой юм аа” гээд өсгөчихвөл тэр хүн өөрийгөө “нохой” л гэж бодож өснө. Үүний тод жишээ амьтантай өссөн хүүхдийн (feral child) тухай судалгаа олон байна.

Украйны Оксана Малаяа (Oxana Malaya) гэдэг нохойтой өссөн охины тухай мэдээлэл интернэтэд бий. Монгол болох байтугай, хүн ч болж чадахгүй тохиолдол байна. Тиймээс, хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.

Хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.

Нийгэмшил гэдэг ийм хүчтэй юм бол Монгол гэдэг хэв шинж цусанд мянга байгаад нэмэргүй. Таны хүмүүжил, төлөвшил л таныг Монгол болгоно.

Энэ бол хүний байгалиас өвлөсөн удмын хөгжил болон нийгмээс олсон соёлын хөгжил хоёрын аль нь хүчтэй вэ гэсэн маргаан юм.

Тэгэхээр Монгол гэдэг угсаа гарлыг янз бүрийн төвшинд төлөвшүүлж өгөх нь маш чухал. Өнөөдөр эх оронч үзэлтэй, хоосон үндсэрхэг үзэлтэй гээд л буруутгаад байдаг. Миний харж байгаагаар бол ийм зүйл байх ёстой. Энэ бол хэрэгтэй зүйл шүү. Гэхдээ мах цустай хэт холбоод бол хэрэггүй. Соёлтой нь холбо.

Хэрэв угсаа гаралтай холбоотой төрийн бодлого гэх зүйл байх ёстой бол энэ итгэл үнэмшил, төлөвшил, хүмүүжлээр бид илүү олон хүнийг Монгол болгох хэрэгтэй. Бүгдийг нь Монгол болгох хэрэгтэй.

Хүн болох багаасаа гэдэг шиг угсаа гарал нь багаасаа л төлөвшинө. Тэгэхээр ерөөсөө бидний угсаа гарал бол бидний нийгэм, соёлын дотор олж авч байгаа төлөвшил юм гэдгийг хэлье.

- Ярилцсанд баярлалаа.     

 

АРХИВ: 2017-02-22