Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батболд: Бүтээгдэхүүнүүд маань загварын хувьд ДАХИН ДАВТАГДАШГҮЙГЭЭР урлагддаг

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол түмний баяр Цагаан сар хаяанд иржээ. Үүнтэй холбогдуулан үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон уран нарийн хийцтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хүргэж буй Хаадын гэр компанийн гүйцэтгэх захирал Э.Батболдтой хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.


- Хаадын гэр компанийнхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?

- Хаадын гэр компани нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, 10 жилийн турш монгол гэр, гэрийн тавилга, эсгий ширмэл, эсгий эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.

Бид Монголын түүх соёл, уламжлалыг өөрийн ард түмэн, залуу хойч үе болон дэлхийн улс орнуудад сурталчлан таниулах, ард түмэн хойч үедээ түүхийн томоохон соёлын өвийг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгыг тавин ажилладаг.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн мэргэжилтнүүдээ сурган хөгжүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн технологио тасралтгүй шинэчилсээр ирсний дүнд сийлбэртэй болон угалзтай эрээн гэрийг чанар, мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

- Та компанийнхаа эрхэм зорилгыг Монголын түүх соёлыг залуу хойч үе болон дэлхийн улс орнуудад таниулах явдал хэмээн хэллээ. Та бүхэн энэ зорилгынхоо хүрээнд ямар ажлуудыг хийж байгаа вэ?

- Нэгт, эдгээр бүтээгдэхүүнүүдийг олон зууны өмнө ямар загвар дизайнтайгаар урлагдаж байсан тэр хэвээр нь үйлдвэрлэх, үүнийгээ сурталчлан таниулах ажлуудыг хийж байна.

Тухайлбал, түүх болон угсаатны зүй судлаачидтай хамтран шинжилгээ судалгаа хийсний үндсэн дээр Хүннүгийн үеийн хаадын эдэлж хэрэглэж байсан тоноглол бүхий бүрэн сийлбэртэй, дээд зэрэглэлийн гэрийг тавилгын хамт үйлдвэрлэн гаргаж байна. Мөн ханын эсгий ширмэлээ эртний хадны сүг зураг бүхий загвар дизайнтайгаар үйлдвэрлэдэг. 

Ингэснээр дотоод болон гадаадын иргэд манай бүтээгдэхүүнээр дамжуулан тухайн цаг үед хэрэглэж байсан эдлэл хэрэглэл, зураглал, хийц загварыг танин мэдэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авснаар өөрийн гэр орноо өвөрмөц, хээнцэр загвар дизайнтай бүтээгдэхүүнүүдээр гоёх боломжтой болдог.

 

Хоёрт, цаг үеэ дагаад хот суурин газар байгаа хүмүүс маань орон сууц байшинд амьдрах болсон. Иймд бид зөвхөн гэрт биш орчин үеийн тавилга, интерьертэй маш сайхан зохицож тансаг тав тухтай орчныг бүрдлүүлэх Хүннү загварын тавилга, эсгий эдлэлийг үйлдвэрлэж байна.

Энэ маань өв соёлоо дэлгэрүүлэх, үр хойчдоо уламжлуулан үлдээхэд их чухал ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

- Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хийдэг судалгаа, шинжилгээний ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Манай бүтээгдэхүүнүүд түүхтэй нягт уялдаа холбоотой учраас Монголчууд ямар эд, хэрэглэл эдэлж хэрэглэж байсан, ямар бэлгэ тэмдэгийг шүтэж биширч ирсэн гэх мэт түүхэн цаг үеийн судалгаа шинжилгээг нарийн хийх шаардлагатай болдог.

Үүний тулд бид Монголч эрдэмтэд, судлаачид, түүхчидтэй хамтран ажиллаж, зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр түүнийгээ бүтээгдэхүүндээ шингээж өгдөг.

- Танай бүтээгдэхүүнүүдийн үнэ цэн нь чухам юунд оршдог вэ?

- Түрүүн дурдсанчлан бид бүтээгдэхүүнүүдийнхээ загварыг судалгаа шинжилгээний үндсэн дээр гаргаж, 100 хувь гар аргаар үйлдвэрлэдэг учраас цаг хугацаа, хүч хөдөлмөр их ордог.

Ийм учраас бүтээгдэхүүнүүд маань Монголын түүх соёлыг өөртөө шингээж, загварын хувьд дахин давтагдашгүй байдлаар урлагддагт томоохон үнэ цэн нь оршдог. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүнүүдийг маань урлагийн бүтээл гэж хэлж болно.

Харилцагчийн хүссэн загвар дизайнаар буюу цорын ганц бүтээгдэхүүнийг урладагаараа онцлог.

Бидний хийж бүтээж байгаа зүйл нэг талаас тухайн айлд өнгө нэмэх чимэг, эдлэл гэдгээс гадна Монгол хүний үр хүүхэддээ үлдээх үнэт өв гэж бид боддог.

 

Нөгөөтэйгүүр гар аргаар үйлдвэрлэснээр автомат машины хийх боломжгүй уран нарийн хийц гаргах боломжтойн дээр чанар, эдэлгээний хувьд харьцуулалтгүй өндөр түвшинд бүтээгддэг.

Мөн орчин цагт хүмүүс энергийн талаар их ярьдаг болж. Гар аргаар үйлдвэрлэл явуулж байгаа ажилчид зүрх, сэтгэлээ шингээж тухайн бүтээгдэхүүнийг урладаг. Тиймээс тэрхүү бүтээл маань сайхан сэтгэл шингэсэн, зөв энергитэй болж чаддаг.

- Бүтээгдэхүүний чанар чансаа нь түүнийг бүрдүүлж буй түүхий эдээс шууд хамааралтай гэдэг шүү дээ. Хаадын гэр компанийн хувьд ямар түүхий эд, материалыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг вэ?

- Мод, эсгий гэх мэт бидний ашигладаг түүхий эдүүд маань бүгд байгалийн гаралтай байдаг.

Бид "Могол Ноос" компанийн угаасан ноосны ноолуурлаг хэсгийг ялгаж аван, эсгийгээ хийдэг. Эрт дээр үед монголчууд зөвхөн ноос болон усыг ашиглан эсгий боловсруулдаг байсан.

Манай компаний хувьд яг энэ уламжлалт аргыг ашиглан, ямар нэгэн химийн бодис, цавуу ашиглалгүйгээр эсгийгээ үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнүүд маань 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог гэсэн үг.

Түүнчлэн энэхүү боловсруулалтын үр дүнд эсгий маань маш зөөлөн болдгоос гадна хялгасгүй, үнэргүй болдог тул манай эсгий бүтээгдэхүүнүүдийг ашиглахад маш тааламжтай байдаг.

Хонины ноос нь хүний биед олон талын ач тустай түүхий эд болохыг Монголчуудын уламжлалт хэрэглээний түүх, эрдэмтдийн судалгаанаас тогтоосон байдаг.

Энэхүү түүхий эд нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг, галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний эрүүл мэндэд ач тустай 15 онцлог шинж чанартай байдаг.

Түүнчлэн хонины ноос нь амьсгалдаг бүтээгдэхүүн учраас хүний биеийн дулаантай ойролцоо температурыг хадгалж байдаг. Тиймээс эсгий ширмэл дээр хөл нүцгэн явахад доороос жинддэггүй тул хүний бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Харин модон эдлэлийн хувьд өөрөөсөө байгалийн үнэрийг ялгаруулснаар тааламжтай, байгальд ойр мэдрэмжийг төрүүлэхээс гадна агаарын солилцоог бий болдог. Цэвэр модон эдлэл нь бие махбодид ээлтэйгээс гадна үнэ цэнтэй орчинг бүрдүүлдгээрээ давуу талтай.

Модон материалаа бид ОХУ болон дотоодоос авдаг бөгөөд хамгийн сайн хатаалгатай, дээд зэрэглэлийн, яргүй цэвэр моднуудыг шилж, сонгон үйлдвэрлэлдээ ашигладаг.

- Эдгээр түүхий эд, материалыг амилуулан урладаг гол мэргэжилтнүүд нь ямар туршлага, ур чадвартай хүмүүс байдаг вэ?

- Манай компани ажиллах хүчний хувьд мэргэжлийн баг хамт олонтой. Дүрслэх урлагийн сургуулийг төгсөж, мэргэжлээрээ олон жил ажилласан уран сийлбэрчид, мужаанууд монгол гэр болоод тавилгыг урлан, уран нарийн хээ, сийлбэрийг амилуулдаг.

 

Мөн Урлах эрдэм дээд сургууль, Үйлдвэрлэл урлалын коллежийг төгсөж, олон жил эсгий эдлэлийн загвар дизайн, судалгаа шинжилгээний чиглэлээр дагнан ажилласан мэргэжлийн дизайнерууд, оёдолчид эсгий ширмэл, эсгий эдлэлүүдийг бүтээдэг.

- Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудад монгол гэрт амьдрах, түүнийг хэрэглэх шинэ хандлага ихээхэн дэлгэрч байгаа. Энэ  утгаараа Хаадын гэр компанийн хувьд зах зээлээ тэлэх, бусад улс орнуудад бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Бүтээгдэхүүнүүдээ олон улсад таниулж, сурталчлахын тулд үе шаттайгаар олон улсын семинар, үзэсгэлэнд оролцдог. Тухайлбал, 2014 оноос хойш БНСУ, Тайван зэрэг орнуудад болсон олон улсын үзэсгэлэнд оролцож, бидний хийсэн Хүннү гэр алтан медаль авч, “Монгол гэр” төсөл маань хүрэл медаль хүртсэн гэх мэтчилэнгээр олон улсад таниулах үйл ажиллагаа хийгдээд явж байна.

Цаашид төлөвлөгдсөн үзэсгэлэн худалдаануудад оролцон бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах төлөвлөгөөтэй байгаа.

Мөн alibaba.com худалдааны сайтад алтан гишүүнчлэлийн эрхтэй болсон. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүд дэлхийн 190 оронд худалдаалагдах боломжтой болчихсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аль ч улсын иргэн тухайн сайтаар дамжуулан манай бүтээгдэхүүнийг худалдан авах зам нээлттэй болсон байна гэж ойлгож болно.

- Ер нь Монголчуудын эдлэл хэрэглэл түүхэн цаг үедээ хэрхэн өөрчлөгдсөн байдаг юм бол?

- Энгийн жишээ дурдахад Хүннүгийн үед эдэлж хэрэглэж байсан эд хэрэглэл, бэлгэ тэмдэг зэрэг нь байгаль орчин, ан амьтдаа шүтсэн шинжтэй байсан.

Харин 13-р зууны үеийг авч үзвэл хэлбэр, загварын хувьд хувьсан өөрчлөгдөж, хамгийн наад зах нь гэхэд гэрийн тооно бортого хэлбэртэй болсон байдаг. Улмаар 1920-иод оны үед илүү энгийн хэрэглээ тал руугаа болсон байх жишээтэй.

Харин орчин үед энгийн хэрэглээний загварыг түүхэн цаг үеийн чимэглэлтэй хослуулсан дизайнтай болох хандлагатай байна.

- Танай байгууллагатай хэрхэн холбогдох вэ?

- Энэ сарын 25-ыг дуустал Шангри-Ла-Моллд зохион байгуулагдаж буй сар шинийн үзэсгэлэнд Хаадын гэр компани үндэсний бахархалт уламжлалт ёс заншил болон орчин үеийн хэв маягийг шингээсэн монгол гэр, гэрийн тавилга, эсгий эдлэлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна.

Та бүхэн манай компанийн павильонд хүрэлцэн ирснээр монгол дархны оюуны бүтээл болсон, уран нарийн хийц бүхий авдар, ор, ширээ, сандал зэрэг монгол гэрийн тавилга, төрөл бүрийн хэмжээтэй эсгий ширмэл, бүтээлэг зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтойгоос гадна өөрийн хүсэл, сонирхолд нийцүүлэн цорын ганц, дахин давтагдашгүй бүтээгдэхүүнийг захиалгаар урлуулах боломжтой.

Мөн манай байгууллагын фэйсбүүк хуудас Khaadiin ger LLC гэсэн нэртэй байгаа. Түүнчлэн Алибаба сайт руу ороод хайлтын хэсэгт Хаадын гэр гэж бичвэл манай хуудас гарч ирнэ. Мөн манай 99054449, 90115888, 99083264 гэсэн дугааруудаар холбогдож болно.

- Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.