Хааяа нэг гольф тоглохоос өөр дасгал хөдөлгөөн хийдэггүй, бараг унтдаггүй, маш их түргэн хоол иддэг. Энэ бол АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампын амьдралын хэмнэл.
20 настай залууд ч эмч нар ингэж амьдрахыг зөвлөхгүй. Гэтэл 70 гарсан Трамп яг ингэж амьдардаг тухай Axio мэдээллийн сайтад өгүүлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагааны үеэр Трампын гол хүнс нь Domino’s пицца, KFC болон McDonalds гурав байсан тухай эх сурвалжууд баталж байна.
Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Трамп түргэн хоолны газрууд ариун цэврийн стандарт сайн сахидаг тул түүний дурлах шалтгаан болдог гэж байжээ.
Харин гэртээ байхдаа тэр сайтар болгосон стик, хавч, сам хорхойг ногооны саладаар хачирлан зооглодог.
Ерөнхийдөө улаан мах идэхийг таашаадаг гэжээ. Трамп бас онгоцонд явахдаа амны зугаа болгон Lay’s төмсний чипс, Keebler Vienna Fingers авч явдаг гэнэ.
Эмч нар дундаж хүн долоо хоногт багадаа 150 минутын дасгал хийх ёстой гэдэг. Өмнөх ерөнхийлөгч нар болох Барак Обама, Жорж Буш нар үүнийг хатуу сахидаг байжээ. Харин Трамп үүнд маш хойрго ханддаг. Бүр 1997 онд өгсөн ярилцлагадаа тэр “хааяа тохиолдлоор… гэхдээ аль болох хөдлөхгүй байхыг хүсдэг” гэж ярьж байжээ.
Нойрны хувьд Трамп хоногт ердөө 3-4 цаг унтдаг. Ихэнх хүмүүст хоногийн 7-9 цагийн нойр хэрэгтэй байдагтай харьцуулбал энэ нь бараг унтдаггүй гэсэн үг. Хүмүүсийн ердөө 1 хувь нь 4-6 цаг нойрсдог гэсэн тоо бий.
Тэр харин архи, тамхи хэрэглэдэггүй боловч өдөржин Diet Coke уудаг зуршилтай гэнэ.
Энэ бүхэндээ санаа зовдоггүй Трамп өөрт нь бурхан удмын эрүүл бие заяасан гэж тайлбарладаг, үүндээ найдаж явдаг байна. Трампын эцэг Фред 93 насалсан ба амьдралынхаа сүүлийн 6 жил Алцгеймерийн өвчнөөр шаналж байжээ.
Харин эмийн хувьд тэр холестерин бууруулах бэлдмэл болон үс уналтаас сэргийлэх эм (Propecia брэндийн) байнга хэрэглэдэг гэх мэдээлэл байна.
190 см өндөр, 107 кг жинтэй Трамп BMI (Body Mass Index) хэмжүүрээр бол илүүдэл жинтэй гэсэн ангилалд багтана.
Гэсэн хэдий ч түүний энэ амьдралын хачин хэв маяг түүнийг АНУ-ын хамгийн ахмад ерөнхийлөгч болгосон нь сонирхолтой.
Эх сурвалж: Axios, Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!