Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭЕШ-ын монгол, англи, орос хэлний шалгалтад сонсож ойлгох даалгаврууд нэмэгдсэн"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэл хийлээ.

БҮТ-ийн хэлтсийн дарга Л.Ганбат "Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Online бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана.

Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох.сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл бичгийн шалтгалтыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.

 

Шалгалтад бүртгүүлэхдээ:

  • Цахим үнэмлэх
  • Чээж зураг
  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode \БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл\
  • И-мэйл хаяг \Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ\

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх юм.

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг бөгөөд хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn веб сайтын “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд нэмэгдсэн.

Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.

Шалгалтын өдрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа. 

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Шалгалтын өдрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа. БСШУСЯ-тай зөвшилцөөд өмнөх жилүүдийн жишгийн дагуу зургаадугаар сарын дунд 10 хоногт зохион байгуулах байх.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтад байршуулан нийтэд зарлана.

Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгөх ба батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна" гэлээ.

Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг 37,500 сурагч төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд 40,000 мянга орчим төгсөгч ЭЕШ өгөх тооцоолыг БҮТ-өөс хийжээ.

ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БҮТ-ийн лавлах 75779498 утсаар авах боломжтой.

2017 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ