ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Малчин хүнээс ЦАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ болж 2,000 малтай ТЭНЦЭХҮЙЦ ашиг шим хүртэж байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 1 сарын 6
iKon.MN
 

ХХААЯ-нд өнөөдөр цай үйлдвэрлэгчдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо. Уулзалт хэлэлцүүлэгт төрийн болон шинжлэх ухааны байгууллагуудаас гадна цайны үйлдвэрлэл эрхлэгч 25 иргэн, ААН оролцов.

Хэлэлцүүлэгт оролцогчид “Органик хүнсний тухай хууль”, Монгол орны цайны ургамал, жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний загвар, дизайн зэрэг сэдвээр ярилцсан юм.

Монголд нийт 40 гаруй цай үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа явуулж байна.

С.Мааманхүү “Манай үйлдвэр жилдээ 10 мянга орчим цай үйлдвэрлэж байгаа”
 

Бид Өмнөговь аймгийн цай үйлдвэрлэгч С.Мааманхүү гуайтай эрхэлдэг үйл ажиллагааных нь талаар товч ярилцлаа.

-Та өөрийнхөө цай үйлдвэрлэлийн талаар танилцуулаач?

-Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин хүн. 2007 онд “Говь гурван сайхан” цайг үйлдвэрлэж эхэлсэн. Малчин хүн нэг ухаанаар биш нэг хэсэг ухаанаар амьдрах ёстой. Малчид бид зуд болохоор хэцүүддэг. Тиймээс өөрт хамгийн ойрхон цай үйлдвэрлэх бизнес эрхэлж эхэлсэн.

2004 онд бид Африк явж цайны үйлдвэрүүдтэй танилцаж, цай үйлдвэрлэхээр болсон юм. Одоо олон сайхан эрдэмтэн мэргэдүүдтэйгээ хамтраад цайгаа үйлдвэрлэж байна. Манай цайны үйлдвэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багт байрладаг. “Говь гурван сайхан” цайг аймгийнхаа хэмжээнд түгээдэг.

Цай хийхэд их тусалдаг байсан н.Отгонбилэг, н.Цэрэнлхам, н.Юмчмаа зэрэг эрдэмтэн докторууддаа их баярлалаа.

-Танай үйлдвэр жилдээ хэдий хэмжээний цай үйлдвэрлэдэг вэ?

-Манай үйлдвэр жилдээ 10 мянга орчим ширхэг цай үйлдвэрлэж байгаа.

-Цай үйлдвэрлэгч болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Би цай үйлдвэрлэж эхлэхээсээ өмнө мянга гаруй малтай байсан. 2007 онд цайны үйлдвэрлэл эрхлэх гэж байхдаа би мянган малын боол болчихсон явснаа мэдсэн. Одоо би цай үйлдвэрлэгч болсноороо хоёр мянган малтай тэнцэхүйц ашиг шим авч байна. Мөн олон хүний цангааг тайлах буянтай ажил хийж байгаа гэж боддог. Түүнээс гадна манай үйлдвэр олон сайхан эмчилгээний цай хийдгээрээ онцлогтой.

“Монгол оронд 200 гаруй төрлийн цайн ургамал бий”
 

Монгол дахь бэлчээрийн болон ургамлын загварууд гаргаж, хяналт мониторинг хийдэг “Ногоон алт” төслийн зөвлөх У.Будбаатараас цайны ургамлын талаар мэдээлэл авлаа.

 -Монголд цайны ургамал хэдэн төрөл байдаг, хаана ургаж байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Ерөнхийдөө цайны ургамал түүж, хатааж бэлтгээд борлуулж буй хүмүүс бүх аймагт байна. Өмнөговиос эхлээд Хөвсгөл, Дархан, Сэлэнгээр цайны ургамал түүдэг хүмүүс их бий.

Монголд эмийн болон цайны 200 гаруй ургамал байдаг. Цайны ургамлын хувьд бүх газар тархалттай ургасан ч аль хэсгээрээ их бага байгаа талаар нарийвчилсан, тодорхой судалгаа гараагүй.

-Монгол дахь цай үйлдвэрлэгчид ихэвчлэн цайны ургамлаа түүж хэрэглэдэг юм байна. Тариалах боломж бий юу?

-Байгалийн ургамлын үрийг боловсорсных нь дараа түүж аваад тухайн бүсдээ тариалах боломж байдаг. Хамгийн гол нь таарах бүс нутагт нь тариалах хэрэгтэй.

-Монголд байгаа 200 гаруй төрлийн цайны ургамлаас зөвхөн манайд ургадаг, онцлогтой төрөл зүйл хэр их бий вэ?

-Тийм төрөл зүйл бий. Гэхдээ хэд орчим гэдгийг нь хэлэх боломжгүй байна. Нарийн судалгаа харах шаардлагатай.

-Манайд 40 гаруй компани цай үйлдвэрлэж байгаа. Тэд түүхий эдээ зуун хувь дотоодоос авдаг уу?

-Цайны ургамлын хувьд гадаадаас авахгүй байгаа. Хөвсгөл цай хийж буй хүн Сэлэнгээс зарим түүхий эдээ авах гэх мэтээр улс дотроо өөр өөр газраас түүний эдээ татах тохиолдол байдаг.

ФОТО ЗУРГУУД: 

Цай үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэгт оролцож буй компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэн болгож дэлгэжээ. Сүүтэй, сүүгүй, ногоон, эмийн ургамалтай, тураах гээд маш олон төрлийн цай үйлдвэрлэгчид Монголд бий гэдгийг энэ үзэсгэлэнгээс харж болно.

Тэдэнд тулгамдаж буй дараагийн сорилт нь шинээр батлагдсан “Органик хүнсний тухай хууль”-ийн дагуу илүү сайжруулах шаардлага тулгараад байгааг хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.