Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: 2016 оны баримтуудаа энэ сарын 6-ны дотор бүртгүүлэх боломжтой

Г.Номин, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон.

Хуулийн дагуу иргэд 2017 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтоо авах юм. Буцаан олголтоо хэрхэн авах талаар түгээмэл асуултуудад хариулт өгч байна.

- 2016 оны баримтуудаа бүртгүүлэх боломжтой юу?

- 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын АЖЛЫН ЭХНИЙ ТАВАН ӨДӨРт багтаан Ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлнэ.

- Буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах гол асуудал юу вэ?

- Иргэд Ebarimt.mn цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягталснаар буцаан олголтоо цаг хугацаанд нь авах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар 623,437 иргэн НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой байгаагаас 480,614 нь бүртгэлээ баталгаажуулсан байна. Үлдсэн 140 мянга гаруй иргэдийн дийлэнх нь мессежээр 131313 дугаарт сугалааны дугаар, мөнгөн дүнгээ илгээж баримтаа бүртгүүлдэг иргэд байгаа ажээ. Тиймээс тэдгээр иргэдийг аль болох хурдан аймаг, дүүргийнхээ татварын хэлтэст хандаж, буцаан олголт авахад шаардлагатай өөрийн болон дансны мэдээллээ хэрхэн бүртгүүлэх, баталгаажуулах талаар зөвлөгөө аваарай.

Бүртгэлээ хэрхэн баталгаажуулахыг ЭНД дарж харна уу.

НӨАТ-ын буцаан олголтыг авахад тавигдах шаардлага 

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Буцаан олголтын дараалал

  • Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
  • Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.
  • Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.
  • Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

Буцаан олголт хийгдэж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Ebarimt системийн хэрэглэгчийн хэсэгт албан татвар төлөгчийн буцаан олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна:

  • "Хянагдаж байгаа" - буцаан олголгдох албан татварын хэмжээ хянагдаж байгаа;
  • "Баталгаажуулалт" - хянасан дүнг баталгаажуулсан;
  • "Урамшууллыг шилжүүлсэн" - баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд шилжүүлсэн;
  • "Урамшууллыг олгосон" - Сугалаанд оролцогчийн дансанд төлөлт хийгдсэн;
  • "Буцаагдсан" - дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан.

Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөжээ. Мөн 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.