Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгантуяа: Баримтаа бүртгүүлсэн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо хугацаанд нь авах боломжтой

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголтын талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах гол асуудал нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний 5 өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатай юм.

Түүнчлэн, иргэд энэхүү цахим хуудас дахь өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг дахин нягтлах нь буцаан олголтоо цаг хугацаанд нь авах бүрэн боломжийг олгож байгаа юм.

Энэ талаар Сангийн Яамны дэд сайд Х.Булгантуяа “Он гараад НӨАТ-ын буцаан олголтыг Сангийн Яамнаас зохион байгуулах гэж байна.

Олон нийт, байгууллагууд энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэлтэй байх нь нэн чухал байна.

Худалдан авагчид 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 00:00 цаг хүртэлх худалдан авалт хийсэн баримтаа ирэх долоо хоногийн ажлын тав хоногт бүртгүүлэх ёстой.

Үүний дараа Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төвөөс Татварын Ерөнхий Газрын орлогын хэлтэст мэдээллийг хүргүүлж, дахин нягталсны дараагаар Сангийн Яамны төрийн сангаар дамжуулан буцаан олголтыг зохион байгуулна.

Нийт 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөсөн байгаа.

Бүртгүүлсэн иргэдийн дунд системд байх ерөнхий мэдээллийг ташаа оруулсан тохиолдлууд нэлээн байна.

Тухайлбал, дансны дугаараа хийгээд нэр гэсэн хэсэгт нь хүүхдийнхээ нэрийг бичсэн байх, дансны дугаар хэсэгт картын дугаарыг оруулсан зэрэг тохиолдлууд гарч байна. Ингэснээр бидний зүгээс цаг тухайд нь олголтыг хийж чадахгүй байх талтай.

Өнөөдрийн байдлаар 895,873 иргэн баримт бүртгүүлснээс 250,000 орчим иргэдийн мэдээллийг дахин баталгаажуулах шаардлагатай байна. Энэ тал дээр арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна.

Харин 2017 оны хувьд энэ хууль үргэлжлэн хэрэгжинэ. Бид 2017 оны улсын төсөвт сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа” хэмээн тайлбарлалаа.


Одоогоор 20 хүртэл хувийн буцаан олголтын эрх үүссэн 618,862 иргэн 32,088,791,722 төгрөгийг авахаар болоод байгаа аж.

НӨАТ-ын буцаан олголтыг авахад тавигдах шаардлага
  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх
  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байнх
  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх
  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх
  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.
Буцаан олголтын дараалал
  • Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.
  • Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.
  • Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.
  • Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

Иргэдийн мэдээлэл үнэн зөв байгаа тохиолдолд Төрийн сангаас сугалааны тохирлын мөнгө, татварын буцаан олголт хугацаандаа олгогдох юм.

Мөн Ebarimt.mn сайт болон гар утасны аппликэйшн дахь хэрэглэгчийн профайлд 2017 гэсэн цонх шинээр үүсэх бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэж эхлэх юм байна.