“Хэнтийн нурууг Бурхан халдун болгон өөрчлөх гэж байна. Хэнтий, Хангай, Соёны.. гэхийн оронд Бурхан халдун, Хангай, Соёны.. гэж уншдаг болох нь” гэхчлэн шүүмжлэлүүд сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тарах болсон.
Үүнийг учрыг тодруулбал, Засгийн газрын энэ сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож хуучин нэрийг нь сэргээх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл, тун удахгүй энэхүү тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Бурхан халдун хэмээх нэрийг яагаад сэргээх болсон, уул усны нэр дураараа өөрчилж болох уу гэдэг асуулт урган гараад байгаа. Тиймээс Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулсан асуудлын талаар тодрууллаа.
Тус яамнаас бэлдсэн мэдээлэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний өв соёлыг хадгалж, хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэх зарлиг гаргасан.
Харин 2015 оны долоодугаар сарын 4-нд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” нь Төв аймгийн Мөнгөн морьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын зарим хэсгийг хамран 415,012 га талбайг эзлэн оршдог.
ЮНЕСКО-гоос Бурхан халдун уулыг "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгууд" гэсэн нэрээр Дэлхийн өвд бүртгэж авсан ч энэ нь дан ганц Бурхан халдун уулыг бус түүнийг хүрээлэн орших бусад тахилгат газрууд болох Чингис хааны амьдралтай холбоотой түүхт газрууд, Түрэгийн жанжин Тоньюкукын гэрэлт хөшөө, Төгс баясгалант номын их хүрээ /Сарьдагийн хийдийн туурь/, Гүнжийн сүм, Өглөгийн хэрэм, Балдан бэрээвэн хийд, Биндэр овоо гэх мэт олон арван тахилга шүтлэгтэй газар нутгийг хамтад нь хадгалан хамгаалах шаардлага гарч ирж байгаа.
Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар аль нэг уулын нэр өөрчлөгдөх бус Бурхан халдун уулын нэрийг газрын зурагт албан ёсоор тэмдэглэдэг болж буй хэрэг
Дэлхийн өвийн төвөөс Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN) болон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS) гэсэн хоёр зөвлөх байгууллагаар үнэлгээ хийлгүүлэхээр болж 2014 оны есдүгээр сард дээрх хоёр байгууллагаас тус бүр нэг эксперт манай улсад ирсэн. Экпертүүд нэр дэвшиж байгаа газар нутгийг судлан танилцаад зарим үл ойлголцох асуудал гарч байгааг тэмдэглэсэн байна.
Тодруулбал, Бурхан халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдэж байгаагүй, зарим эрдэмтэн, судлаач нар хэд хэдэн байршлыг Бурхан халдун хэмээн тэмдэглэсэн зэргээс нэр дэвшүүлж байгаа уул нь Бурхан халдун мөн гэж нотлоход төвөгтэй байсан аж.
Гэсэн ч эрдэмтэн, судлаачдын гаргасан үндэслэлийг олон талаас нь судалсны эцэст нэр дэвшүүлж буй уул нь Бурхан халдан уул мөн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Үүнээс үүдэн олон янзын ойлголтыг нэг мөр болгох шаардлагатай гэж үзэн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /В=48°45’43.3844, L=109°00’36.1315/ солбицолд байгаа д.т.д. 2,361.5 метрт орших Хэнтий Хан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан халдун уул болгож өөрчлөх нь зүйтэй” гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар аль нэг уулын нэр өөрчлөгдөх бус Бурхан халдун уулын нэрийг газрын зурагт албан ёсоор тэмдэглэдэг болж буй хэрэг аж.
Харин газар нутаг, уул усны нэрийг өөрчилж болох тухайд, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хилийн цэс, газар усны нэрийг УИХ, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллага /Засгийн газар/ тус тус батална” 8.5-д “Газар усны албан ёсны нэрийг зөвхөн УИХ өөрчилнө” гэж заасан хуулийн заалтыг үндэслэж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|