Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттүшиг "Скайтел" группийн ТУЗ-ийн даргаар томилогдлоо

Ч.Болортуяа
2016 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Б.Баттүшиг, Гэрэл зургийг MPA.mn

Үүрэн холбооны салбарын анхдагчдын нэг "Скайтел" группийг "Алтай холдинг" болон "Шунхлай" групп хамтран эзэмшдэг ба тэд удирдлагын багийн шинэ томилгоог өнгөрсөн долоо хоногт хийсэн байна. 

Тодруулбал, "Скайтел" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан П.Батсайханы оронд Б.Баттүшигийг томилж харин Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Д.Болор ажлаа хүлээлгэн өгчээ. Д.Болор захирлын оронд "Скайтел"-н Тэргүүн дэд захирал Д.Нарантуяаг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. 

"Алтай холдинг" групп энэ жил Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны сүлжээнд цоо шинэ стандарт бүхий  "И-Март" дэлгүүрийг зах зээлд танилцуулж богино хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болоод байгаа билээ. Тус группын ТУЗ-ийн даргаар Батболдын Баттүшиг мөн энэ жилээс ажиллаж эхэлсэн юм. 

"Алтай холдинг" групп нь "Чингис хаан" зочид буудал, "Алтай кашмир", "И-Март", "Стар HD" телевиз зэрэг бизнесийн олон төрөлд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. 

Давхардсан тоогоор 3.1 сая хэрэглэгчтэй болсон Монголын үүрэн холбооны салбар хэрэглэгчийн хувьд аль хэдийнээ ханаж өсөлт саарч байгааг салбарын тоглогчид болоод ажиглагчид онцолдог. 

Дата хэрэглээний цоо шинэ орчинд оператор компаниудын бизнес мөн л цоо шинэлэг арга барилаар ажиллах сорилт тулгараад байгаа билээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.