Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.БОЛОР: Интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой эд зүйлсийн 99.4% нь холбогдоогүй байна

Ч.Болортуяа
2016 оны 5 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын өдрүүд тохиож байна. 

Салбарын 95 жил,  “Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийн хүрээнд жил бүр зохион байгууллагддаг  “ICT-EXPO-2016” үзэсгэлэн энэ жил “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Тус үзэсгэлэнгийн оролцогч, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын гол төлөөллийн нэг “Скайтел” компанийн Гүйцэтгэх захирал Д.Болорыг бид онцолж ярилцлаа. 

Учир нь Д.Болор нь энэ салбарын дунд үеийн гол төлөөлөл бөгөөд орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны салбарт гарсан өөрчлөлт, шинэчлэл, өрсөлдөөн зэрэг нь түүний намтар түүхээр илэрхийлэгдэхүйц билээ.

- Та бол мэдээлэл, харилцаа холбооны салбарын дунд үеийн гол төлөөллийн нэг. Таны ажлын туршлагаас харахад энэ салбарт хамгийн их өөрчлөлт, шинэчлэл авчирсан он, жилүүд хэзээ байв?
- Миний хувьд 1983 онд их сургуулиа төгсөөд л энэ салбартаа ажиллаж эхэлсэн. Тухайн үед цахилгаан холбооны суурь сүлжээ аналоги технологитой байлаа.  Ийм байдалтай явж байгаад 1993-2003 оны хооронд “Телеком” - 1, 2, 3, МОН-4 зэрэг томоохон төслүүд хэрэгжсэнээр  манай суурь сүлжээ  орчин үеийн тоон технологид шилжих шинэчлэл амжилттай  хийгдсэн.

Тухайн үед улс орны эдийн засаг тийм сайн байгаагүй ч Азийн Хөгжлийн Банк, Германы Сэргээн Босголтын Банк, Нордикийн Хөгжлийн Сангийн хөнгөлттэй зээл, Японы буцалтгүй тусламж зэрэг санхүүгийн эх үүсвэрүүдийг энэ салбарт ашигласан.

Мөн энэ хугацаанд салбарт гарсан бас нэг томоохон шинэчлэл өөрчлөлтүүдийн нэг нь хувийн сектор амжилттай хөгжиж эхэлсэн явдал. Энэ ч утгаараа манай салбар хамгийн либералчлагдсан салбар болсон. 1996 оноос Японы “Сумитомо”, KDDI, Монголын “Ньюком” групптэй хамтарч үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлсэн нь салбарын түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдал болсон төдийгүй Монгол Улсад өндөр технологи, зах зээлийн шинэ менежмент, сайн үйлчилгээ, байгууллагын шинэ соёл гээд  олон сайн давуу тал дагуулж орж ирсэн. Үйлчилгээний салбар хөгжихөд ч манай салбар нэлээд хувь нэмэр оруулж байгаа гэж боддог.  

- Та төрийн өмчийн оролцоотой байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан мөртлөө хувийн салбар руу яагаад “урвах” болов?
- 1996 оноос Монголын Цахилгаан Холбоо ХК-н удирдлагын багт орж техникийн ашиглалт, хэрэглэгчийн үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. Төрийн өмчийн оролцоотой байгууллагад ажиллахын нэг хэцүү зүйл нь сонгууль болгоноор гүйцэтгэх захирал нь улстөрийн томилгоогоор солигддог. Миний хувьд илүү ихийг хийж бүтээх хүсэл  байсан ч өөрийн хийе гэсэн зүйлээ тэр болгон хийж чаддаггүй байлаа. Төв шууданг хүртэл ТЕДИ шиг болгочих юмсан гэж боддог байсан. Тиймээс ч 2003 онд хувийн салбар руу явахаас өөр аргагүй болсон доо. 

- Та инженер хүн. Тэгсэн мөртлөө 2003 онд “Мобиком”-ын борлуулалт, үйлчилгээ хариуцсан “Ньютел” компани руу очсон нь их сонирхолтой. 
- Би энд нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Зарим хүн намайг захирлын донтой гэж  ойлгодог байж магадгүй.

Миний хувьд хэзээ ч аль нэг компанид захирал нь болъё гэж гуйж очиж байгааүй.

Тухайн үед “Ньюком” групп өөрийн охин компани болох  “Ньютел”-д ажиллах саналыг тавьсан.  “Ньютел” зөвхөн Улаанбаатар хотод үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээг үзүүлдэг 100 гаруй ажилтантай, үйлчилгээний салбаруудаа оруулаад 52 борлуулалтын цэгтэй жижигхэн  компани байсныг гурван жилийн дотор 1,000 гэрээт борлуулагчтай  болгож байлаа. Дилерийн сүлжээ ихсэх тусам  бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчиддээ ойртож хэрэглэгчийн тоо нэмэгдэхэд их нөлөөлдөг. Тэгээд  өмнө нь өөрийнхөө бодож байсан нэг цэгийн үйлчилгээний төвөө хуучин Оёдлын үйлдвэрийн нэгдэл  байгаад хувьчлагдсан байрыг  урт хугацаагаар түрээсэлж засч тохижуулаад “ТЕДИ” төвөө 2005 оны гуравдугаар сард ашиглалтанд оруулсан. 

 

"Хэрэглэгч байхгүй бол бид хэчнээн өндөр технологи нэвтрүүлээд ч бизнес болохгүй" Д.БОЛОР
 

"Ньютел" компанид ажиллаж байхдаа Үндэсний бүтээмжийн Төвтэй хамтран бүтээмж, чанар, байгууллагын соёл дээшлүүлэх олон улсад амжилттай хэрэглэгддэг арга хэрэгслүүд хэрэглэн, Сингапур улсын Үйлчилгээний төгөлдөршлийн  “Service Excellence”  стандартыг нэвтрүүлж, Азийн болон  Японы Бүтээмжийн байгууллагын шагналыг авч байсан.

Үйлчилгээний салбар руу орсны үндсэн гол шалтгаан нь ажлын чиг үүрэг, хариуцлага л даа. Хоёрдугаарт, үйлчилгээний салбарын шинэчлэл хөгжилд хувь нэмрээ оруулчих юмсан гэсэн миний хувийн бодол бий. Тэгээд ч харилцаа холбооны салбар өөрөө үйлчилгээний салбар. Хэрэглэгч байхгүй бол бид хэчнээн өндөр технологи нэвтрүүлээд ч бизнес болохгүй. Өнөөдөр манай Улсын үйлчилгээний салбарын хөгжлийн түвшин  олон улсын хэмжээнд их доогуур ордог хэвээрээ л байна.

- “Ньютел”-ийг та амжилттай хөгжүүлж  чадсан учраас “Мобиком”-ын Гүйцэтгэх захирлаар очсон байх. Тийм үү?
- 2006 оноос "Мобиком" корпорацийн Олон нийттэй харилцах албаны захирлын ажлыг хавсран ажилласан юм. Тухайн үед шар хэвлэл “Мобиком” руу их дайрч компанийн нэр хүнд олон нийтийн дунд жаахан тааруухан үед компаниа олон нийтэд зөв ойлгуулах  чиглэлээр олон томоохон төслүүдийг санаачилж хийсэн.

Дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрөөс эхлээд эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд авч өгөх, цахим сургууль, дүүрэг байгуулах хүртэл нийгмийн хариуцлагат маш олон төслийг хэрэгжүүлж Компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголтыг бид анх гаргаж ирж байлаа.

Улмаар дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн 2008 оны сүүлээр “Мобиком”-ын Гүйцэтгэх захирлаар миний бие томилогдож гурван жил энэ албыг хашсан.

- “Мобиком”-д байхдаа таны хийсэн хамгийн том өөрчлөлтүүд юу байсан бэ?
- Ер нь хамт олныг амжилттай удирдахын тулд бизнесийн Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Үнэт зүйлсээ хамт олноороо хэлэлцэж зөв тодорхойлохоос л ажил эхэлдэг. Ажилтнуудын оролцоо, удирдлагын эерэг нөлөө, багийн ажиллагаа зэргийг бүгдийг нь сайжруулж, шинэчилж байж олон улсын стандартад хүрдэг.

"Мобиком"  корпорацийн үйл ажиллагааг  мөн олон улсын стандартад хүргэхийн тулд бүтээмж, чанар, ажилтнуудын оролцоо, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах зэрэг олон шинэлэг арга хэрэгслүүд, Чанарын удирдлага /ISO 9001:2008/, Мэдээллийн аюулгүй байдлын  /ISO-27001/, тогтолцооны болон Сингапурын “Бизнесийн төгөлдөршил” /“Business excellence”/ стандартуудыг нэвтрүүлж, хэрэглэгчээ халамжлах M-Club, M- Bowling төвүүдийг байгуулж байлаа.

- “Скайтел” компанийн хувьд та яагаад энэ сонголтыг хийв?

 
Гэрэл зургийг MPA.mn

- “Мобиком”-ын Гүйцэтгэх захирлын хувьд хоёр жилийн ротациар ажилладаг. Миний хувьд хоёр жил ажиллаад дахиад нэг жил сунгаж ажилласан. Ингээд дараагийн ажлын саналыг хөрөнгө оруулагчдын зүгээс эрчим хүчний салбарт ажиллах санал тавьсан.  Харилцаа холбооны салбарт 30 жил ажиллачихаад өөр салбар руу орох сонирхолнадад байгаагүй. 

Энэ үед “Скайтел”-ийн хөрөнгө оруулагчид “Скайтел”-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг санал болгосон. 2012 онд “Скайтел”-ийн хувьд ерөнхийдөө царцмал байдалд орчихсон,CDMA  сүлжээтэй,  3G сүлжээ оруулчихсан мөртлөө түүнийгээ хэрэглэж чаддаггүй нөхцөл байдалтай байсан. Миний хувьд Монгол компанийг ер нь яагаад босгож болдоггүй юм бэ гэж л бодсон. “Скайтел”-ийн тухайд бид 4 жил байгууллагынхаа бүхий л үйл ажиллагааг нь хамарсан томоохон Өөрчлөлтийн удирдлагын хийж амжуулснаар цаашид олон жил тогтвортой өрсөлдөх чадвартай ажиллах хөрс суурь нь тавигдсан.

"Монгол компанийг ер нь яагаад босгож болдоггүй юм бэ гэж л бодсон" Д.БОЛОР

- Одоо тэгвэл та бүхэн бусадтай өрсөлдөхөд бэлэн гэсэн үг үү?
- Тийм ээ. Бид цаг хугацаатай уралдан өрсөлдөх чадавхиа сайжруулж цаашид урт хугацаанд тогтвортой хөгжих сууриа амжилттай тавилаа. 

- Дугаартайгаа шилжих үйлчилгээг  нэвтрүүлэх байр суурьтай хэвээрээ байгаа юу?
- Хэвээрээ.  Дугаартайгаа шилжих үйлчилгээг ХХЗХороо  өөрөө удирдаж хэрэгжүүлэхээр болсон.

- “Скайтел” хэзээ 4G сүлжээг нэвтрүүлэх вэ?
- Бид 4G рүү шилжих бэлтгэлээ хийгээд явж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд маш нарийн судалгаа, бэлтгэл хэрэгтэй. 

- "Юнител" группын Ерөнхий захирал Р.Ганболд “Өглөөний хүн” буланд өгсөн ярилцлагандаа оператор компаниуд сүлжээ байгуулах зэрэгтээ өрсөлдөх шаардлагагүй хамтарч ажиллах шаардлагатай байгаа талаар ярьсан. Энэ тал дээр таны байр суурь?
-  Ижил байр суурьтай байна. Операторууд  антенны цамхаг, төхөөрөмжийн байр зэрэг идэвхгүй дэд бүтцээ хамтарч хэрэглэдэг. Цаашид идэвхтэй дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын тал дээрээ хамтрах тухай асуудал яригдаж эхлэх цаг ирж байна.

- Танай хэрэглэгчдийн хувьд дата хэрэглээ хэрхэн өсч байна вэ?
- 2013 онтой харьцуулахад дата хэрэглээ 25 дахин их өслөө. Цаашдаа ч энэ тоо нэмэгдэнэ. 

- Дата хэрэглээ нэмэгдсээр байгаа энэ үед түүгээр дамжих контентийн бодлогодоо та бүхэн хэрхэн анхаарч байгаа вэ?
- Манай группын тухайд мобайлаас гадна IPTV үйлчилгээ эрхэлж байгаа учраас контент тал дээр их анхаарч ажиллаж байгаагаас гадна өөрийн “MAPPS” app store хөгжүүлсэн. Энэ нь нөгөө талаасаа контент хөгжүүлэгчдийг дэмжсэн ажил болж байна. 

"Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хөгжлийнхөө шинэ үе рүү орж байна" Д.БОЛОР

- Мэдээлэл, харилцаа холбооны салбар 95 настай боллоо. Энэ салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
- Нэг хэсэг хүмүүс энэ салбарын зах зээл ханачихлаа гэж дүгнэж байсан. Тэгвэл одоо бидний өмнө цоо шинэ боломж нээгдэж байна. 

Одоо цагт  интернэт бүх зүйлийн холбоос, үндэс суурь болж байна. Сүлжээнд холбогдох боломжтой эд зүйлсийн 99.4 хувь нь холбогдоогүй байгаа тухай судалгаа гарсан нь бидэнд асар том зах зээл байна гэсэн үг.

Мөн аль ч салбарын хувьд асар их өгөгдөл хуримтлагдаж байна. Үүнийг боловсруулдаг, хадгалдаг хэрэглээ бас эрэлттэй болж байна.

2020 он гэхэд гар утасны дата татах хурд 800 Mbps болох судалгаа ч бас бий. Гурван жилийн дараагаас 5G сүлжээ ороод ирэх байх. Тэгэхээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар хөгжлийнхөө шинэ үе рүү орж байна. Хөдөлгөөнт өргөн зурвасын өндөр хурдны үйлчилгээ, суурин өргөн зурвасын үйлчилгээтэй нэгдэж нийлэх явц хүчтэй өрнөж байна. 

- Баярлалаа. Танд баярын мэнд хүргэе.

- Баярлалаа. 

Монгол Улсад орчин цагийн харилцаа хобооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан үе үеийн холбоочид, мэдээллийн технологийн инженер техникийн ажилтнууд, шууданчиддаа баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Ярилцсан Ч.БОЛОРТУЯА @Bolort

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.