Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Болор: Мобайл зах зээлийн хувьд дата үйлчилгээний шинэ эрин одоо л эхэлж байна

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 21
IKON.MN
Скайтел группын Гүйцэтгэх захирал Д.Болор, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

iKon.mn сайтын "Өглөөний хүн" булан шинэ оны анхны зочноороо үүрэн холбооны оператор "Скайтел" группын Гүйцэтгэх захирал Д.Болорыг урьж ярилцлаа. 

Харилцаа холбооны салбарт инженерээс нь эхлэн 30 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр арвин их туршлага хуримтлуулсан ч хувь хүний талаарх асуултуудад маань энэ удаад хариулахаас татгалзсан юм. 

Харин салбарт нь өрнөөд байгаа олон томоохон өөрчлөлтийн талаар өөрийн бодлоо ярилаа. 

MCS, Мобикомын хувьцааны наймаа, дугаартайгаа шилжих үйлчилгээ болоод, "Скайтел"-д өрнөж буй шинэчлэлийн талаар бидний ярилцлагаас уншаарай. 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр...

 


- Юуны өмнө Мэдээлэл технологийн салбарын Манлайлагчаар хоёр дахь удаагаа шалгарсанд баяр хүргэе. 

Миний сонссоноор хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж авч байгаа анхны тохиолдол юм байна лээ. Монголын Хөгжлийн Гарц ТББ, Монголын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хамтарсан энэхүү шалгаруулалт Мэдээллийн технологийн салбартаа хамгийн нэр хүндтэй шагнал байдаг гэдэг шүү дээ.

- Баярлалаа. Энэ бол манай удирдлагын багийн шагнал гэж ойлгож хүлээж авч байгаа.

- MCS групп Мобикомын Монголын талын хувьцааг худалдан авах тухай яриа нь харилцаа холбооны салбарын хамгийн том сэдэв болоод байна. Хэрэв энэ яриа биеллээ олбол эерэг болон сөрөг талыг та хэрхэн харж байна вэ?
- Энэ яриа сонсогдож байсан. 

Мобиком корпораци нь Ньюком, Сумитомо, KDDI гэсэн гурван хөрөнгө оруулагчтай. Үүнээс Монголын талын буюу Ньюком групп өөрийн хувьцаагаа зарах сонирхолтой юм шиг байна. Гэхдээ асуудал бүрэн шийдэлд хүрээгүй байгаа талаар Мобикомын албаны хүмүүс мэдээлэл өгсөн байсан. Ньюком хувьцаагаа гуравдагч этгээдэд зарахын тулд бусад хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцоонд хүрэх байлгүй дээ.  

Мобиком үүрэн холбооны зах зээлийн 40%-г эзэлдэг “Давамгайлагч”, Юнител ч мөн адил 35%-тай болж “Давамгайлагч”  ангилал руугаа орчихсон үед энэ яриа хэлэлцээ биеллээ олбол үүрэн холбооны зах зээлд дангаар ноёрхох хэт төвлөрөл бий болж бусад өрсөлдөгчдөө зах зээлээс шахан зайлуулах, үнэ тарифт хяналтаа тогтоох, технологийн хөгжлийг хязгаарлах зэрэг олон сөрөг нөлөөллүүд үүснэ.  

Ер нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу ШӨХТГ нь эхлээд Зөвлөлөөрөө хэлэлцэж Юнител компани зах зээлд “Давамгайлагч” болсныг албан ёсоор тогтоочихоод, үүрэн холбооны зах зээлд ямар сөрөг нөлөөллүүд үүсч болохыг сайн шалгаж байж MCS-д Мобикомын хувьцаа худалдаж авах зөвшөөрлийг өгөх байсан ч үүнийгээ хийгээгүй юм байна гэж нөхцөл байдлаас ойлгогдож байна.  

- Таны хувьд илүү сөрөг талаас нь харж байна. Тийм үү?
- Тийм, үүнд ямарч эерэг тал байхгүй. 

Мобиком, Юнител хоёр шууд нэгдэхгүй байлаа /конгломерат мержер/ ч бодлого үйл ажиллагааны хувьд нэг этгээдэд хамааралтай болох учраас сөрөг нөлөөллүүд дээрхтэй адилхан л гарна.

Энд, Харилцаа холбооны салбарын тухай  зориуд тэмдэглэж хэлэхэд, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Харилцаа холбооны салбарт төвлөрлийг бууруулж өрсөлдөөнийг бий болгох зохицуулалтын харьцангуй зөв бодлого хэрэгжсэн гэж ОУ-ын Цахилгаан Холбооны байгууллага үзсэн байдаг.

"Сайн шалгаж байж MCS-д Мобикомын хувьцаа худалдаж авах зөвшөөрлийг өгөх байсан ч үүнийгээ хийгээгүй" Д.БОЛОР

 Үүний дүнд хэрэглээний үнэ тариф тасралтгүй буурч, шинэ технологи цаг алдалгүй нэвтэрч, үйлчилгээний нэр төрөл олширч байгаа. Хэрэв илүү их төвлөрөл бий болбол энэ байдалд өөрчлөлт орно. Эхэндээ мержерийн үр дүнг харуулах үүднээс үнэ тарифын бууралт харагдах боловч энэ нь бусад өрсөлдөгч нарт оршин байх боломжийг үгүй болгох сөрөг нөлөөтэй нь ойлгомжтой юм.

- Ньюком групп яагаад хувьцаагаа зарахаар болов гэдэг бас сонирхолтой асуулт болоод буй.
- Ер нь Ньюкомын тухайд бизнес, санхүү, менежмент гээд янз бүрийн л хүндрэлтэй асуудал үүссэнээс болж хувьцаагаа заръя гэж үзсэн байж магадгүй. 

- TEDY-тэй залгаа байранд Скайтел үйлчилгээний төвөө нээсэн. Харин хоёр операторын дунд зарим нэг үл ойлголцол үүсээд байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 
- Тийм ээ. Анх 2004 онд Мэдээлэл, харилцаа холбооны худалдаа, үйлчилгээний томоохон төв  “TEDY”-г би өөрөө санаачилж байгуулж байсан. 

2014 онд энэ байгууламжийн эзэн ТахьКо ХК бидэнд олон улсын стандартад нийцсэн Скайтелийн үйлчилгээний төвийг  TEDY-гийн залгаа байранд байгуулах боломж олгосон юм. ТахьКо ХК-ий бодлого нь энэ байгууламжаа  зөвхөн ганц компанийн бус олон компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид нэг цэгээс авах боломжтой том цогцолбор болгох зорилготой юм билээ. 

Харамсалтай нь Мобикомын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр барилга шууд холбогддог хаалгуудаа нээхгүй, хэрэглэгчдийг хохироосон зохисгүй арга хэрэглэж байгаа. Мобиком уг нь  үүрэн холбооны салбартаа тэргүүлэгч компани болохоор эмээгээд  байх зүйл  байхгүй шүү дээ. 

- Дугаартайгаа шилжих үйлчилгээг он гараад хэрэгжиж эхлэх байх гэсэн хүлээлт байсан. Гэвч яах, эсэх нь тодорхойгүй байдал үүсээд байна. Танд ямар мэдээлэл байна вэ?
-Энд харин ч бүх зүйл тодорхой байгаа. 

Зарим компанийн хувьд сүлжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахын оронд энэ үйлчилгээ нэвтэрвэл хэрэглэгчээ алдахаас болгоомжилж, хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэсэн, технологийн хувьд нарийн ажиллагаатай, их хөрөнгө оруулалт шаардагдана гэх зэрэг худал мэдээллүүдийг сайтуудаар зориудаар санаатай тарааж байна. 

Гар утасны дугаараар нь барьцаалж хэрэглэгчийг сүлжээндээ хүчээр байлгаж болохгүй биз дээ. Дугаартайгаа шилжих үйлчилгээ нь дэлхийн  олон оронд олон жилийн өмнөөс эхэлж одоо бүр хурдацтайгаар тархаж буй үйлчилгээ бөгөөд 2014 оны долоодугаар сард УИХ-аас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэд олон жил ашигласан дугаартайгаа өөр оператор компанийн үйлчилгээ авч болохоор хуульчилсан учраас үүнийг хэрэгжүүлэх ёстой. 

"Гар утасны дугаараар нь барьцаалж хэрэглэгчийг сүлжээндээ хүчээр байлгаж болохгүй биз дээ" Д.БОЛОР

Энэ үйлчилгээг нэвтрүүлэх талаар гадны туршлага болон дотоод зах зээлийн судалгаанууд дэлгэрэнгүй хийгдсэн бөгөөд судалгаагаар нийт хэрэглэгчдийн 33.5% нь энэ үйлчилгээг ашиглахад бэлэн байна гэсэн дүн гарсан байгаа. 

Өнгөрсөн жилийн аравдугаар сард ХХЗХ дээр үүрэн холбооны компаниудын захирлуудыг оролцуулсан ажлын хэсгээс гадна, компаниудын мэрэгжилтнүүдийн төлөөлөл оролцсон Эдийн засаг, Технологийн ажлын дэд хэсэг байгуулагдан маркетинг, санхүү, үйлчилгээний журам, технологийн шийдэл гаргах чиглэлээр хангалттай ажилласан. 

Дугаартайгаа шилжих үйлчилгээний журам болон техникийн шийдэл нь удахгүй эцэслэгдэн батлагдахад бэлэн болсон гэж ойлгож байгаа. 

Энэ үйлчилгээ нь зах зээл дээр шударга өрсөлдөх боломжийг дэмжиж, хэрэглэгчид өгөөжөө өгсөн үйлчилгээ болох юм. 

- Скайтел компани Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр ямар бэлтгэл ажлууд хийгдэж байгаа вэ? 
- Энэ үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажилтай холбоотойгоор бид компани дээрээ  ажлын хэсэг байгуулж нэлээд их судалгаа хийж, гадаад, дотоодын зөвлөх компаниудтай ажиллаж, технологийн шинэчлэлийнхээ боломж дээр тулгуурлан бүтээгдэхүүний шинэчлэл, сайжруулалт хийж, хэрэглэгчийн үйлчилгээндээ Сингапур Улсын “Үйлчилгээний төгөлдөршил” стандарт нэвтрүүлж байна.

 

- Скайтел групп одоо хэчнээн ажилтантай вэ?
- 700 гаруй ажилтан бий. 

- Та Скайтелийн гүйцэтгэх захирлын ажлыг авч байхдаа энэ компанид хийх ёстой олон ажил байгаа талаар ярьж байсан. Одоо энэ группын өөрчлөлт, шинэчлэлтэд өмнө нь таны Мобикомд хийж байсан ажлууд давтагдаад байгаа юм шиг харагддаг. Ийм байх ёстой юу?
- Мобиком дээр хийж байсан ажлууд зарим талаар давтагдаж байгаа нь үнэн.

Би хаана ч ажиллаж байсан хамгийн сүүлийн үеийн удирдлагын арга, хэрэгслүүдийг л ашигладаг. Тэрнээс өөр арга байхгүй. Улсын хэмжээнд ч ялгаагүй, хөгжье урагшилъя гэж бодож байгаа бол олон улсын түвшинд амжилттай хэрэглэгдэж байгаа бүтээмж, чанар дээшлүүлэх, үр ашгаа сайжруулах, зөв төлөвлөх, мониторинг хийх, гүйцэтгэлийн үнэлгээ, хүнээ хөгжүүлэх гээд удирдлагын шинэлэг арга хэрэгсэл, стандартуудыг хэрэглэж, хэрэгжүүлж байж л амжилтанд хүрнэ. Түүнээс биш өмнөх нийгмийн удирдлагын хуучин арга барилтайгаа зууралдаад байх юм бол  зах зээлийн нийгэмд яаж хөгжихөв.

Миний хувьд олон жил удирдах ажил хийж байна. Ажиглаад байхад манай улсад улс төр, бизнес, олон нийтийн байгууллагуудын аль нь ч бай удирдлагын арга барил нь хоцрогдчихсон хуучнаараа л яваад байна.

Зарим бизнесийн байгууллагууд нь аргаа ядахаараа гадны зөвлөх компанид асар их мөнгө төлөөд зөвлөх үйлчилгээ авдаг ч үйл ажиллагаа болон компанийн засаглалд нь дорвитой өөрчлөлт гардаггүй. 

"Монгол Улс эдийн засгийн хямрал гэхээсээ менежмент, засаглалын хямралд орчихоод байна гэж боддог" Д.БОЛОР

Монгол Улс эдийн засгийн хямрал гэхээсээ менежмент, засаглалын хямралд орчихоод байна гэж боддог.

Бид сүүлийн гурван жил компанийхаа бүхий л үйл ажиллагааг хамарсан “Өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Үүнд компанийн Бизнесийн стратеги, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэл, технологийн шинэчлэл, компанийн дотоодын чадавхын сайжруулалт, олон улсын стандарт нэвтрүүлэх гээд олон ажлуудыг хийсэн. 

- Харилцаа, холбооны салбарын хувьд сүүлийн нэг жил хоёрхон хувийн өсөлттэй гарсан байсан. Тэгэхээр зах зээлийн цаашид тэлэлт дата хэрэглээнд л оршиж байгаа талаар салбарынхан ярьж байгаа. Скайтелийн хувьд ч мөн адил байх. 
- Мобайл зах зээл ханачихлаа гэж бодож болохгүй.

Интернэттэй бараг бүх юм холбогдож байна. Тэгэхээр манай зах зээлийг 3 сая хүнтэй жижигхэн зах зээл гэж хэлж болохгүй болчихож байгаа юм. Орон байр, цахилгаан, дулаан, машин тэрэг бүр цаашилбал мал ахуйгаа хүртэл хянах гээд мобайл зах зээлийн хувьд дата үйлчилгээний шинэ эрин одоо эхэлж байна. Скайтелийн хувьд бид зах зээлийн  энэ шинэ үед нь л ажиллах бэлтгэлээ хийж байна. 

Одоогоор дата багцуудын хувьд  манайх илүү боломжтой байгаа юм. Бид сая гуравдугаар үеийн технологийн шинэчлэл хийхдээ дөрөвдүгээр үеийн технологийн бэлтгэл ажлаа давхар хийсэн. 

- Дөрөвдүгээр үеийн технологи Монголд хэзээ нэвтрэх бол?
- Саяхан МШХХГ-с 4G/LTE технологийг нэвтрүүлэх Бодлогын бичиг баримтаа батлан гаргаж энэ ондоо тусгай зөвшөөрлийг нь үүрэн холбооны бүх операторт олгох тухай яригдсан. Манай компанийн хувьд суурь сүлжээгээ бэлтгэчихсэн болохоор багахан хөрөнгө оруулалт хийгээд 4G технологид шилжихэд бэлэн байж байгаа. 

 

- Өөрийн гэсэн тогтсон соёлтой, бизнесийн хувьд харьцангуй өөр соёлтой болчихсон байсан компанид ирээд ажилчиддаа урам зориг өгөх, итгэл үнэмшлийг бий болгох гээд хүний нөөцөө чадавхжуулах дээр та яаж ажилласан бэ?
- Өөрчлөлтийн удирдлагын хамгийн хэцүү хэсэг нь хүмүүсийн хандлагыг өөрчлөх явдал байдаг. Бизнесийн суурь зорилгууд, компанийн бүтэц зохион байгуулалт, дүрэм журам, технологи өөрчлөх зэрэг нь харьцангуй гайгүй. Өөрчлөлт шинэчлэлт хийх “зайлшгүй” хэрэгтэйг ажилтнууддаа сайтар ойлгуулж, итгүүлж үнэмшүүлж, сэдэлжүүлэн оролцоог дэмжих аргуудыг хэрэглэсэн. 

Компани амжилттай байхын тулд удирдлага нь идэвхтэй, санаачлагатай, хариуцлагатай байж ажилтнууддаа үлгэр дууриал болох ёстой. Удирдлагын багийнхаа манлайлал, удирдах ур чадварыг нь хөгжүүлэх гурван сараас эхлээд бүтэн жилийн хугацаатай, үйлдэн суралцах хөтөлбөрт сургалтуудад захирал, менежер, гол ажилтнуудаа хамрууллаа. 

- Мобикомын захирлын албаа өгөхөд тухайн үеийн ажилчид нь танд зориулж шүлэг хүртэл бичиж байсан гэдэг. Ажилчдаа өөртөө ингэж татдаг нууц чинь юу вэ?
- Хүмүүсээ эрч хүчтэй байлгах, хоорондоо халуун дулаан уур амьсгалтай байлгахад чиглэсэн зүйлүүдийг их хийдэг. Янз бүрийн л арга байдаг даа. Өглөөний мэндчилгээ, спорт, соёлын арга хэмжээ зэрэг олон нийтийн арга хэмжээ их зохион байгуулна. 

Компани өөрөө том зорилттой байх ёстой. Түүнийг биелүүлэхэд ажилчдын урам зориг гэдэг маш чухал. 

Монголчууд урам зориг гэдэг зүйлээр их дутаж явдаг юм шиг санагддаг. Бие биедээ сайхан үг хэлэх, эрч хүч өгөх тал дээр манай удирдлагууд их дутагдалтай байдаг. Энэ  тал дээр их анхаардаг. 

Монголд ер нь, юм хийсэн хүн нь буруудчих гээд байдаг талтай.  Жаахан шинэ зүйл эхлүүлсэн хүнийг илүү шүүмжлэхгээд  байдаг шүү дээ. Харин юу ч хийдэггүй нь ямар ч шүүмжлэлд өртдөггүй.

Тэгэхээр гол нь хүмүүсдээ ажиллах эрч хүч өгч ажиллах нь их чухал. 

- Та Скайтелийн Гүйцэтгэх захирлаар хэр удаан ажиллана гэж төлөвлөсөн бэ? 

- Хугацааны хувьд одоогоор тодорхой нөхцөл байхгүй байгаа. 

1996 оноос хойш  маш их эрч хүч, санаачилга, шинэчлэлийг шаардсан ачаалалтай ажлууд хийж байна. 

Энэ ажлын дараа цаашид өөрийн туршлага дээрээ үндэслээд  ментор, зөвлөхийн ажил хийж, зөвхөн нэг компанийн төлөө биш нийтлэг менежментийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтой байгаа.  

 

Ярилцсан Ч.Болортуяа - @Bolort
Гэрэл зургийг Б.Бямба-Очир  - MPA.mn 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.