Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

О.Амартүвшин: Зүй нь ҮНДЭСНИЙ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ дэмжиж, тэднийг даган дуурайж байж улс орон ХӨГЖДӨГ

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Бизнес эрхлэгчдийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөж, тэд өөрсдөө эрх баригчдын эгнээнд орж байж асуудлаа шийдэх гэсэн оролдлогууд үргэлжилсээр байх. Нэг бол өөрийгөө үгүй бол бусдыг лоббидож улстөрд нөлөөллөө бий болгох гэсэн бизнесмэнүүдийн санаархал нийтлэг эрх ашгийн асуудлыг хэзээ ч хөндөж бас дэвшүүлж чадахгүй байсаар байна. 

Тэгвэл нийгмийн хамгийн том баялаг бүтээгчид болох бизнес эрхлэгчдийн бие даасан хамгийн том төлөөлөл, нэгдэл хаана уулзах вэ. 

Гарц хайсаар ... 

Тэд энэ хүндрэл, хямрал дундуур туучин байж асуултын хариу болох нэгэн хувилбарыг дэвшүүлж байна. 

Эдийн засгийн хүндрэлээс үүдсэн хохирол, алдагдал тоймгүй ч энэ хүндрэлээс бидний олж авах хамгийн том давуу тал магадгүй нэгдэл байж болох юм. Гэхдээ улстөрчдийг хэлээгүй юм шүү.

Энэ бол БАЯЛАГ БҮТЭЭГЧИД.

iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын буланд яг энэ асуудлаар өөрийн санаа бодлоо чилээж яваа Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг О.Амартүвшинг урьж ярилцсан юм. 

Ингээд UFC группын Ерөнхийлөгч, CEO club-ийн Дэд Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй хийсэн ярилцлагыг маань хүлээн авна уу.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр...

 

БИД МОНГОЛД БИЗНЕСИЙН ТОМ ПИРАМИДЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

- Ирэх даваа гаригт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит XIX Их хурал болох гэж байна. Танхимын бодлого өөрчлөгдөх ёстой, хийх ажил нь илүү цар хүрээтэй болох ёстой гэсэн хүлээлт бизнесийнхэнд байна. Таны хувьд?
- Өнөөдрийн байдлаар бизнесийн орчин байж болох хамгийн хүнд үедээ ирчихлээ.

Монгол Улсын эдийн засаг өсч байгаа юу гэвэл өсч байгаа. Гэхдээ 2010, 2011 онтой харьцуулахад байж болох хамгийн доод түвшиндээ ирчихлээ. Тухайн үед орж ирж байсан хөрөнгө оруулалт 7.5 дахин буурчихлаа

Үүнийг дагаад бизнесийн үйл ажиллагаа маш их хумигдаж байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалт дээр энэ нь шууд анзаарагдаж байна. Гол, гол сүлжээ дэлгүүрүүдийн борлуулалт 30 орчим хувиар буурав.

Барилгын бизнес гэхэд зогсонги болчихлоо гэж хэлж болно. Бид нар яагаад ийм байдалд оров гээд эргээд хүмүүсээс асуугаад үзье. Бизнес эрхлэгчид бид ажлаа зогсоогоогүй ажилласаар л байна. Ам.долларын ханш нэмэгдэж байгаа. Гэхдээ үүнийг дагаад бид үнэ ханшаа өсгөсөн зүйл байхгүй. Гэтэл улам л эргэлт буураад эхлэхээр компаниуд тодорхой хэмжээнд зардлаа танаж эхэлж байна. Байж болох урсгал зардлуудаа бүгдийг нь. Энэ байдал цаашаа үргэлжлээд байвал ажилчид руугаа л орно. Цомхотгол хийж эхэлнэ гэсэн үг. 

- Зарим аж ахуйн нэгж аль хэдийнээ цомхотгол хийгээд эхэлчихсэн шүү дээ. 
- Тийм. Тэгэхээр энэ бол цөөн хэдэн компанид тулгараад байгаа бэрхшээл биш монголын бизнесийн орчинд нийтэд нь ийм хүнд үед ирээд байна.  

Орлого буураад ирэхээр мэдээж улсын төсөв тасалдах нь ойлгомжтой. 

Гэтэл зөрөөд нөгөө татвар, гаалийнхан чинь төсөв бүрдүүлэх төлөвлөгөөндөө ороод дараагийн дарамт бий болж байна.  Өмнө нь зүгээр болоод явдаг байсан зүйл улам их түвэгтэй болоод байна. Энэ цаг үед бид юу болов гээд нэлээд ярилцлаа. 

Өнгөрсөн онд болсон Эдийн засгийн форумаар манай CEO club-ээс нэлээд идэвхтэй оролцсон. Миний хувьд Төр, хувийн хэвшилтэй өрсөлдөх нь зөв юм уу гэсэн хэлэлцүүлэгт модериатор хийсэн.  Хэлэлцүүлэг явж явж хоёр гуравхан зүйл дээр очоод зогссон.

Нэгдүгээрт,  бизнесийнхэн ажлаа бол хийгээд л байна. Гэхдээ бид нэгдсэн зохион байгуулалтад орж ерөөсөө чадаагүй юм байна. Бидний эрх ашгийг хамгаалах ёстой танхим гэдэг байгууллага маань зөв процедурын дагуу ажиллаж чадахаа больчихсон юм байна. Аль хэдийн эрэг, шураг нь зогсоод доороо хий эргэдэг болчихсон юм байна. Хоёрдугаарт, хий эргээд байхад нь бизнесийнхэн танхимыг харж суусаар их цаг алдаж байгаа юм байна. Дээрээс нь танхим ажиллахаа больчихоор дөрөв, тавуулаа нийлээд жижиг төрийн бус байгууллага байгуулдаг. Жишээ нь, CEO club. 

Бидний зорилго хуулийн орчныг л сайжруулах гээд үзээд байна гэсэн үг шүү дээ. Ингээд ажиллаад үзсэн чинь хүмүүс маань арай цөөдөөд Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл гэж байгуулаад арай жаахан өргөтгөөд явж байна. Гэтэл бид нартай адилхан ийм үйл ажиллагаа явуулж байгаа маш олон төрийн бус байгууллага гараад ирчихсэн байна. Эв нэгдэлгүй баахан олон холбоо, бүлэг бий болчихсон. Энэ байдал нь төртэй ажиллахаар хамгийн том саад болдог. Үүнээс үүдээд бизнес эрхлэгчдийн дуу хоолой хаана ч хүрэхээ больчихсон байна. Яагаад гэхээр нэгдсэн зохион байгуулалтад орж байгаа юм алга. Үзэл бодлоо нэгдсэн системээр илэрхийлж байгаа зүйл алга. Тэгэхээр ерөөсөө бид энэ олон жижиг бүлэг, холбоо биш нэгдэх ёстой юм байна. 

МҮХАҮТ гэж хуулиараа хэм хэмжээ нь тогтоогдчихсон байгууллага байгаа учир эндээ нэгдэж байж баялаг бүтээгчдийн дуу хоолой ямар нэгэн дарамт шахалтгүй үндэсний томоохон компаниудаа дэмжээд гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байж одоо үүсээд байгаа хүндрэлээс гарах юм байна гэж бид харсан. Хоёрдугаарт, мөн төр Засгийн тогтворгүй байдал шийдэгдэж байх шиг байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад ядаж нэг, хоёр сонгуулийн мөчлөгт улс төрийн хувьд их сайхан тогтвортой болчихвол их хэрэгтэй байна. 

Энэ цаг үетэй давхцаад танхимын ээлжит Их хурал болох гэж байна. Тиймээс бизнес эрхлэгчид үүнд их ач холбогдол өгч тал талаасаа ойлголцож, шинэчилье, өөрчилье гэдэг асуудлыг дэвшүүлж байгаа юм. 

МҮХАҮТ-ын үндсэн зорилго нь Монголын бизнесийн байгууллагын хамгийн том төлөөлөл байх ёстой. 

"Бүгдээрээ асуудлыг тавьж чадвал улстөрийн шийдлүүдэд нөлөөлөл үзүүлэх боломж нь бүрдэнэ шүү дээ"

Дээрээс нь гишүүнчлэлийн хувьд хамгийн хүчтэй байгууллага. Эргээд түүхийг нь харахад ч 50 гаруй жилийн түүхтэй. Маш том бүтэц. Гэтэл өнөөдөр танхимын дуу хоолой яагаад ийм сул болчихсон юм бэ. Бизнесийнхэнд хүмүүс яагаад итгэхээ болив. Анх манайх танхимд гишүүн болоод ороход бид асуудлаа хэлэлцдэг, ярьдаг байсан.  Харин одоо ихэнх нь тэнд би үгээ хэлээд хэнд хэрэгтэй юм бэ дээ. Тэрний оронд өөрөө асуудлаа шийдэхийг оролдох нь илүү амар гэдэг зам руу шилжсэн. Энэ өөрөө маш буруу алхмуудыг бий болгосон. Нэг компани асуудлаа шийдэх гээд төртэй ярих нь бидний яриад байдаг ашиг, сонирхол, авлигын асуудал руу хүссэн хүсээгүй түлхчихдэг. Харин бүгдээрээ асуудлыг тавьж чадвал улстөрийн шийдлүүдэд нөлөөлөл үзүүлэх боломж нь бүрдэнэ шүү дээ. 

- Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж  жишээ нь танай группын тухайд  ямар хэмжээний алдагдал хүлээгээд байгаа вэ ?
- Хүнсний салбарын хувьд шууд хасах гараад эхэлчихсэн. Яагаад гэхээр бид сав, баглаа, боодлоо ам.доллараар авдаг. Дээрээс нь татвараа ам.доллараар төлдөг. Аль, аль нь 30-40 хувийн өсөлттэй нөхцөлд бизнес энэ хэмжээний ашиг олж чадахгүй шүү дээ. Ашиг бол аль хэдийн долларын ханшийн өсөлтөд идэгдчихсэн. Барилгын салбар гэхэд маш түвэгтэй байдалд орчихлоо. Эдийн засаг мөнгөгүй болчихсон энэ үед барилгын салбар өөрөө хумигдаж байна. 

Бид энэ онд гэхэд шинэ оффисын барилга ашиглалтад оруулсан. Энэ төслийг эхэлж байхад захиалагч, сонирхож байгаа хэрэглэгчийн тоо маш их байсан. Өнөөдөр тэгэхэд сонирхож ирж байгаа байгууллага компани гэж алга. 

"Монголд явж байсан том инерц бүрэн утгаараа зогсчихсон байгааг илэрхийлж буй"

Монголд явж байсан том инерц бүрэн утгаараа зогсчихсон байгааг илэрхийлж буй үзүүлэлт юм уу гэж бид харж байна. 

- Ганц өсөлттэй байгаа салбарыг л барилгын салбар гээд байгаа. Энэ нь гэхдээ зөвхөн орон сууцны зах зээл дээр илүү харагдаад байна уу?
- Орон сууцны борлуулалт ч бас зогсонги болчихоод байна. Аливааг хүчээр хийх нэг хэрэг. Зах зээл өөрийнхөө хуулиар явах нэг хэрэг. Өнгөрсөн онд найман хувийн хүүтэй зээл гэж гараад тодорхой хугацаанд барилгын салбарт дэмжлэг өгч чадсан. Урт хугацаанд бол чадахгүй байгааг бид харж байна. 

- УИХ-ын 34-р тогтоол, "Эзэн -100" хөтөлбөрт жишээ нь CEO club саналаа тусгаж чадсан уу?
- CEO club-ийн Ерөнхий зохицуулагч орж ажилласан. Энэ хөтөлбөрийн санаа бол зөв байсан. Гэхдээ аль хэдийн хоцорчихсон байсан. "Эзэн 100" хөтөлбөрийг эхлүүлэх шаардлага байгаа эсэхэд би бас гайхаж л байлаа. Цаг зуурын шинж чанартай зүйл харагдаж байсан. Харин үндсэн асуудал өөр газар байсаар байна. 

- Танхим яагаад ийм "унтаа" болов?
- Миний харж байгаа өнцгөөр одоогийн танхимын удирдлагууд дөрвөн удаа сонгогдсон. 17 жил ажиллачихсан юм байна. Ингэж удаан нэг удирдлагатай явсан олон холбоо, ТББ-уудыг бид мэднэ. Хөлбөмбөгийн холбоо, Бөхийн холбоо гэж бий. Тэд анх энэ байгууллагуудыг сайн сайхан гаргаж ирж, сайн ажиллуулсан байх. Харин он цаг яваад ирэхээр анх тавьж байсан зорилго нь хазайдаг ч юм уу, тухайн ажлыг хийдэг өнцөг нь өөр болдог ч юм уу, зорилгоосоо хазайгаад явчихдаг юм шиг байгаа юм. 

Ер нь ямар ч сайн хүн нэг байранд удаан байхаар механизм тэр хүнийг өөрчилдөг шүү дээ. Тэгээд гишүүдийнхээ итгэлийг алдаад, үйл ажиллагааны цар хүрээ нь ч тийм дорвитой биш, гол шийдвэр гаргагчид үгийг нь сонсохоо байчихсан ийм нөхцөл байдал руу орчихсон юм л даа. 

Тиймээс  ч бид CEO club-ийг гаргаж ирсэн. Хууль боловсруулах шатанд нөлөөлье гэсэн зорилготойгоор манай гишүүд үүн дээр нэлээд цаг заваа гаргаж ажилладаг. Гэхдээ энэ чинь нийт бизнес эрхлэгчдийн төлөөлөл биш учраас бас л хүмүүст буруу ойлголт өгчих гээд байдаг. Тэгэхээр танхимын асуудлыг шийдэх нь манай клубын болоод Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөлийн гол асуудал юм байна аа гэдэг дээр бид санал нэгдсэн. 

Ерөөсөө бизнес эрхлэгчид нийгэмд ямар хүндтэй байна вэ. Сөрөг мессеж нь илүү давамгайлсан байдалтай байна. Гэтэл төрийнхөн эсвэл үйлдвэрчний эвлэл зэрэг популизм хийсэн хүмүүс нь илүү нэр хүндтэй байх жишээтэй. Баялаг бүтээгчдийн нэр хүнд яагаад уначихсан бэ гэхээр төлөөлөл нь байхгүй болчихсон, эв нэгдэлгүй болчихсонтой л холбоотой. 

"Нэг, нэгээрээ дампуураад л эсвэл нэг нэгээрээ шоронд л орох юм"

Бидний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр байнга л гардаг. Гэтэл бид нар түүнд ерөөсөө нөлөөлж чадахгүй байна. Нэг, нэгээрээ дампуураад л эсвэл нэг нэгээрээ шоронд л орох юм. 

- Танхимд өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй байгаа тухай яриа маань нэг хүн рүү л чиглэж байгаа нь ойлгомжтой боллоо. Гэхдээ нэг хүнийг л суудлаас буулгаад таны ярьж байгаа өөрчлөлт, шинэчлэл хийгдэж чадах уу?
- Тухайн байгууллагыг удирдаж байгаа хүн ямар философитой байна гэдгээс байгууллагын үйл ажиллагаа хамаарч байдаг. 

Миний хувьд бизнес эрхлэгч. Миний философи ямар байх, асуудалд яаж хандахаас ажлынханд маань нөлөөлж байдаг. Тэгэхээр танхим гэдэг нийт бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Үүнийг удирдаж байгаа хүн зөвхөн энэ бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө явж байх ёстой. Дэлхий даяараа тогтчихсон том бүтэц байдаг. Бид энэ жишгээр л ажиллах ёстой. 

Дээрээс нь зах зээлийн хандлага 16, 17 жилийн өмнө нэг хэрэг, өнөөдрийн хүнд үеийг нийлж туулаад дараагийн үе шат руу бид нар өөрсдийгөө бэлдэх шаардлагатай болж байна. 

Ерөнхий сайд асан М.Энхсайханы яриад байгаа мега төслүүд ч гэдэг юм уу дараагийн шат руугаа гарах цаг ирээд байна. Гэхдээ энэ том төслүүд рүү Монголын аль ч том компани дангаараа орж чадахгүй байна. Бид Монголд бизнесийн том пирамидыг бий болгох хэрэгтэй. Бүгд өөр өөрийн үүргийн дагуу нэгдсэн зохион байгуулалттай орох хэрэгтэй байна. Эцсийн эцэст бизнесийнхний хүсээд байгаа зүйл бол хийх ёстой зүйлээ хийнэ. Олох ёстой ашгаа олмоор байна. Өөр илүү хүсэл шунал байдаггүй. Хэрвээ боломжийн хуримтлал үүсэх юм бол өөр төсөл рүү хөрөнгө оруулалт хийж байдаг. Гэтэл энэ болгоныг маань яагаад хангаж чадахгүй байна вэ. Татварын хяналт, шалгалт гэж хэрээс хэтэрлээ. Гаалийн татвар маш хүнд байдалд байгаа. Бид энэ бүх хүндрэлтэй асуудлаа шийдүүлэхийн  тулд танхимын удирдлагыг томилсон байхад тэд ажлаа хийхгүй байгаад л асуудал байгаад байна. 

- Бизнес эрхлэгчид CEO club-ийн саналыг хэрхэн хүлээн авч байгаа вэ. Танхимын гишүүд ямар байр суурьтай байгаа вэ?
- Бизнесийнхэн үүнийг маш таатай хүлээж авч байгаа. Ялангуяа ийм хямралтай үед. 

Шинэ компани байгуулагдахад татвар төлөх асуудалд гадны олон оронд янз бүрээр хуульчлагдсан байдаг. Жишээ нь, Хятадад гэхэд тэнд хэн нэгэн шинэ бизнес эхлэхэд татварынхан түүнийг зүгээр бүртгэдэг. Тэр компани ашиг орлоготой болоод хөл дээрээ тогтоод ирэхээр "Одоо танайх ийм ашигтай болж байгаа юм чинь ийм хэмжээний татвар төлнө шүү" гэдэг. Харин хөрөнгө оруулалт нь нэмэгдээд компани боломжийн томроод ирсэн хойноо хуулийн дагуу татвараа төлж эхэлдэг. Энэ бол бодитой дэмжлэг. Гэтэл өнөөдөр Монголд хүн бизнесээ эхэлж амжаагүй байхдаа л татварын дарамтанд ордог. Тэр үйл ажиллагаа нь ашигтай, ашиггүй байх, тогтвортой, тогтворгүй байх ерөөсөө сонин биш. Би зээлээр тоног төхөөрөмж аваад хилээр оруулж эхлэхээсээ авхуулаад л 15, 15 хувийн татвар төлж эхэлдэг. Ийм зүйлүүдийг л бид өөрчлөх хэрэгтэй гэж яриад байгаа юм. 

"Монголд хүн бизнесээ эхэлж амжаагүй байхдаа л татварын дарамтанд ордог"

Дээрээс нь одоо байдаг үндэслэлгүй шалгалтууд байна. Данс хаачихна. Зүгээр л нэг байцаагчийн үзэмжээр данс барьчихдаг. Энэ бүх бүтэхгүй асуудлыг Ерөнхий сайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 55 мянган аж ахуйн нэгжтэй тулаад саналыг нь сонсох боломжгүй. Яах ёстой вэ гэхээр бидний төлөөлөлтэй нь уулзаж ярих ёстой. Тэр төлөөлөл нь танхим байхгүй юу. Миний хэлээд байгаа санаа ердөө энэ. Бизнесийнхэн нэгдэцгээе. Нэгдэхэд бэлэн байна. Нэгдээд өөрсдийгөө төлөөлж чадах хүмүүсээ сонгоё. Тэр хүмүүс нь засагтайгаа зөв ажилламаар байна. Энэ бол хөгжлийг илүү хурдасгая гэж байгаа болохоос хойш нь татах гэж байгаа нэг ч сонирхол алга. 

 

ТӨР ЗӨВХӨН ЗОХИЦУУЛАЛТАА Л ХИЙХ ЁСТОЙ БОЛОХООС БИДЭНД АЖИЛ ӨГДӨГ ГАЗАР БИШ

- Эдийн засгийн хүндрэл хэдийгээр маш их алдагдлыг бий болгож байгаа ч энэ хүндрэлээс хүмүүс төөрөлдөж байсан олон зүйлийнхээ зангилааг олж байх шиг байна. Жишээ нь баялаг бүтээгчдийг арай өөр нүдээр харж тэдний үгийг сонсох ёстой юм байна гэж ойлгож байгаа байх. 
- Энэ хүндрэлээс хүмүүс нэг л зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Хүмүүс байх ёстой газраа очоосой. Улстөрчид нь улстөрийн шийдвэрээ гаргаад явдаг, баялаг бүтээгчид нь хэвийн нөхцөлд ажлаа хийгээд, ажилчид нь ажлын байртайгаа л байгаасай гэж хүсч байна. Тэгэхгүй нэг хэсэг сая юу болов. Үйлдвэрчний эвлэл гэж нэг байгууллага гарч ирээд бизнес эрхлэгчдэд заах гээд ч байгаа юм шиг. 

Баялаг бүтээгчдийн төлсөн татвараар төр ард иргэдийн аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал бүх зүйлийн байр солигдоод хэн хаана байхаа ойлгохоо больчихсон байна.
 
Бизнесийнхэн улс төрд орчихвол бүх юм сайхан болчих юм шиг санадаг. Зөвхөн хэдхэн хүнд зориулсан хууль дүрэм гаргаад л. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол үүний л нэг жишээ шүү дээ. Зарим нэг томоохон компани салбараа, өөрийгөө хамгаалахын тулд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлачихсан. Гэтэл энэ нь өөрсдөд нь буцаад ямар их гай болов. Гэх мэт бид ажиллаад л байдаг. Тэгсэн төрийнхөн бид нараас илүү нөхцөлд амьдрах гээд хүсээд байдаг. Хүн болгон дүрмээ ойлгохоо байчихсан байна. 

Одоо нөхцөл байдал хэцүүдээд ирэхээр хэн нь яг яах ёстой байсан юм бэ гэдгээ эргэж харж байгаа нь их сайн. 

Компаниуд ч мөн адил хэрэггүй зардлаа танаад, утга учиргүй зардал гаргах биш ийм цомхон байж болох байсан юм байна гэдгээ ойлгоод эхэлж байна. 

Ингээд тал талдаа ойлгосон юм чинь цаашдаа энэ тоглоомын дүрмээ маш хатуу тохирчих хэрэгтэй юм. Хүн ер нь бүх зүйл сайхан байх үед муу зүйлийг нэг их боддоггүй. Хүнд байх үедээ л асуудлыг сайн боддог. Урдах ажлаа л сайн хийе. Ингэхийн тулд танхим нэг дуу хоолойтой болох хэрэгтэй байна. 

- Магадгүй энэ хямралаас олж харсан гол давуу тал нэгдэл байж болох юм. Тийм үү?
- Би тэгж л харж байгаа. Ядарсан үед бүгд нийлж асуудлаа шийддэг юм байна л даа. Энэ цаг үе нь бизнесийнхэнд ирсэн байна. 

- Улстөрчид хэр ойлгож байгаа юм бол доо. Популизм хийдэг нөгөө нөхөд маань ер засарсан шинжгүй байх шиг. 
- Одоо үүнийг ойлгуулахын тулд л бид нийлж хийх хэрэгтэй байна. Хэн нэг хүнийг биш системийг засах гэж оролдох нь зөв. Үүн дээр институцууд хамтарч ажиллаж байж л үр дүнд хүрнэ. 

- Ер нь манай улсын бүх л салбарт холбоод, ТББ-ууд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, нэгдэлгүй гэдэг шүүмжлэл байдаг.  Ирэх даваа гаригт болох хурлаар танхимыг өөрчилж чадах эсэхэд та хэр итгэлтэй байна вэ.
- Надад тулгарч байгаа проблем бизнес эрхлэгчдэд яг л адилхан тулгарч байгаа гэж би хараад байгаа. Бидний дуу хоолой алга. Бизнес эрхэлж байгаа хүмүүс аль нь ч байсан ашиг орлоготой байх, ажилчдын маань ажлын байр баталгаатай болох гол зорилго шүү дээ. Энэ байдал эргээд улс орондоо татвараа төлөөд хүмүүсийн амьдралын түвшин илүү аятайхан болох нөхцөлийг л хийж өгч байгаа гэсэн үг.  Харин энэ ажилчдын цалин, орлоготой байхыг жишээ нь улс шийдэж чадахгүй шүү дээ. Улс өөрөө мөнгө хийгээд л иргэдэд тараагаад баяжуулчихна гэж яриад байдаг. Гэтэл энэ чинь бүтэхгүй юм байна гэдгийг харлаа шүү дээ.

Гол нь энэ утгагүй байдлаараа бид явж ханалаа гэж үзээд байна.

 Хамгийн энгийн логик. Бид ажлаа хийгээд татвар төлөөд тэр татвараар төрийн байгууллагынхан цалингаа аваад, энэ ард иргэдийн төлөө ажиллаж байх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчид маань улсаа царайчилдаг болчихлоо. Надад нэг тендер өгчих гээд л. Нөгөөдүүл нь ямар нэгэн ажил өгчихөөр түүнд барьцаалагддаг буруу эргүүлэг рүү орчихоод байна. Үүнийг л бид зогсоох ёстой. Бид баялаг бүтээж иргэдийг ажилтай, орлоготой байлгана. Төр зөвхөн зохицуулалтаа л хийх ёстой болохоос бидэнд ажил өгдөг газар биш. 

Бизнес эрхлэгчид гэж харьцангуй асуудалд тэвчээртэй ханддаг, аливааг өсөн дэвжинэ гэсэн өөдрөг сэтгэлээр хардаг хүмүүс. Энэ алдаа завхралыг зогсооё гэдэг дээр ихэнх маань санаа нэгдэх байх гэж найдаж байна. 

- Монголд бизнес эхлэхэд ямар хүндрэлтэй байгаа тухай та ярьсан. Яг UFC группын тухайд ямар хүндрэлийг давсан бэ. Бид танай группын амжилтын түүхийг бол хангалттай сонсож байлаа. 
- Анх бизнес эхэлж байгаа хүнд хангалттай хэмжээний капитал байдаггүй. Бид анх бизнесээ эхэлж байхад нэг компьютер л байсан байх. Хамгийн хүндрэлтэй нь бид хийх юмаа олоод харчихсан ч гэсэн шууд хөрөнгө оруулагчид хөрөнгө хийдэг орчин байгаагүй. Одоо энэ байж магадгүй юм. 

Ингээд л бид банктай харьцах болно. Ойлгомжтой бидэнд баталгаа байхгүй гээд олон асуудал үүснэ. Тэгэхээр танхим маань жинхэнэ утгаараа ажилладаг бол шинэ бизнесүүдэд хөрөнгө оруулагч зуучилдаг гэх мэт ажил хийж болж байгаа юм. 

- Танай компани жишээ нь энэ бэрхшээлээ яаж давсан бэ?
- Банкныхантай л сайн ярилцаж байж зээл авсан. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны н.Мөнхбат гэж захирал бидний нөхцөл байдлыг ойлгоод дэмжиж байж энэ чацарганы бизнесийн гол суурь тавигдаж байсан юм. 

-  Танай групп мөн архины бизнес эрхэлдэг. Тэгвэл яг одоо УИХ-д  Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Үүнд бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байгаа вэ?
- Архи, тамхины бизнес гэдэг дэлхийн аль ч улс оронд тодорхой түвшинд хянах зайлшгүй шаардлага байдгийг үгүйсгэхгүй.

Бидэнд нэг том дутагдал байдаг. Манай эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг онолын дагуу судалдаг газар гэж алга. Үндэсний Статистикийн хорооны мэдээлэл гэж нохойн баас шиг юм байдаг. Тэр тоог хэн ч үзэх арга байхгүй, итгэх ч арга байхгүй. Тэгэхээр нөхцөл байдал ийм байна аа гээд бодит тоо байдаггүй учраас хүн болгон дур дураараа юм ярьдаг. УИХ-ын гишүүд нэг зүйл ярина. Компаниуд нэг юм ярина. Иргэд нэг өөр юм ярина. Ийм нэгдсэн зөв тоо байхгүй учраас дурын нэг хүн гарч ирээд Монголчууд архин далайд живсэн гэж нэг юм яриад байдаг. Гэтэл бид хөгжингүй, соёлтой газруудаар зөндөө л явж үзсэн шүү дээ. Тэд биднээс илүү их уудаг. Харин ч бидний хэрэглээ бол учиртай. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар манай хэрэглээ яг л дундаж байдаг. Аливаа зүйлийг  нэгжид шилжүүлэх энэ тоо бодох аргыг ерөөсөө ойлгодоггүй. Тоогоо, сууриа хараад мэдэхгүй  байж мэдэмхийрээд байдаг. 

Бид нар архи уугаарай гээд л архины хэрэглээг ерөөсөө дэмжээгүй. Хэрэглэвэл соёлтой л хэрэглэ гэдэг зүйлийг ярьдаг. 

 "Архинаас илүү манайд энэ эмний хэрэглээ утгаа алдчихсан байна шүү дээ"

Ийм худлаа тоон дээр үндэслээд бид хуульд нөлөөлөх гээд байх шаардлагагүй. Бүх юм тодорхой байх ёстой. Бид архи, тамхийг зохиогоогүй, бас үгүй ч хийж  чадахгүй. Харин үүнийг хорих тусам ямар байдалд хүрдэг вэ гэдгээ л сайн мэдэж байх хэрэгтэй. Архины эсрэг хамгийн хатуу хууль гаргасан улсууд яг үүндээ ороогдож бүр дампуу байдалд орж байсан. 

Бусад төрлийн мансууруулах бодисны хэрэглээ эрс нэмэгддэг. Тэр нь бүр илүү аюултай. Энэ талаар юмны учир мэдэхгүй хүн гарч ирээд л яриад байх нь буруу юм. Харин архинаас илүү манайд энэ эмний хэрэглээ утгаа алдчихсан байна шүү дээ. 

- Хяналт гэхээсээ зохицуулалтын зүйлүүдийг л хийх гээд үзээд байна гэж  харж байгаа. 
-  Цагийн хязгаарлалт гээд л асуудал байдаг даа. Жишээ нь, баар, рестораныг 24.00 цагт хаана гэдэг. Бид сая жуулчин авна л гээд байдаг. Тэгээд ямар ч шөнийн клубгүй, бааргүй газар жуулчид жишээ нь ирэх үү. 

Бид хяналт гэдэг зүйлийг хийхээсээ илүү хэрэглэгчийн тархитай ажиллах ёстой. Тэртээ тэргүй эдийн засаг өсөөд ажлын байр нэмэгдээд хүний нэгж цагийн үнэлэмж өсөөд ирэхээр наргиж цэнгэх соёл зохицуулагдаад эхэлдэг. Үүнийг л хийх нь чухал. Механик хориглолт гэдэг зүйл л байх ёсгүй. Голын урсгалыг хүчээр боолоо гэхэд нэг өдөр тэр чинь сад тавина биз дээ. Урсаж байгаа зүйлийг хааш нь зөв залах вэ гэж л ярина уу гэхээс хязгаарлаж, боовол өөрсдөө л эргээд хүнд байдалд орно л доо. 

- Архины бизнес эрхлэгчдээс асуудаг юм. Таны бизнес яагаад заавал архи гэж?
- Мэддэг чаддаг зүйлээсээ л бизнесээ эхэлсэн. "Спирт бал бурам"-д архины маркетинг хариуцаж ажиллаж байсан. "Увс хүнс" үйлдвэрийг авахад архи болоод чацарганын бизнес байсан. MCS-ээс гараад учиргүй барилга бариад явж чадахгүй шүү дээ. Мэдэхгүй юм чинь.

Гэхдээ бидний эхний маркетинг бүх зүйл маань яах аргагүй чацаргана дээр суурилсан. Энэ салбартаа яах аргагүй анхдагчид нь байсан. Тэгээд мэдээж дараагийн боломж гараад ирэх үед орон нутгийн архийг дахин брэндинг хийгээд зах зээлд танилцуулсан. Тухайн үед орон нутагт хуурамч архи маш их байсан. Ямар ч хяналт байхгүй. Тэгэхээр бид чанартай бүтээгдэхүүн хийчих юм бол нэгдүгээрт хэрэглэгчдэд хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, ашиг олох боломжтой юм байна л гэж харсан. 

 

ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 40 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛЧИХСӨН БАЙНА

 iKon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа, "Өглөөний хүн" ярилцлагын булангийн зочин О.Амартүвшин нар, 

-  Таныг бизнесийнхэн андахгүй мэднэ. Харин олон нийтэд хандаж өөрийгөө танилцуулж болох уу?
- Миний хувьд ТИС-ийн Компьютер, Техник Менежментийн Сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж тус сургуулийн мастерын зэргийг маркетингийн чиглэлээр хамгаалсан. Үндсэн мэргэшил гэвэл үйлдвэрлэлийн удирдлага. Мэргэжил гэвэл бизнесийн удирдлага. Үйлдвэрлэлийн удирдлагаар сурч төгссөн хүний хувьд аливаа зүйлийг дандаа системээр нь харахыг оролддог. 

Сургуулиа төгсөөд "Ньютел" буюу одоогийн Мобикомд маркетингийн менежерээр ажилласан. Дараа нь зургаан сарын хугацаатай Японд суралцаж ирээд MCS-т орсон. Тухайн үед MCS-ын орчин нь үнэхээр цоо шинэ байсан. Өөрөөрөө бас их бахархаж байлаа. Тэндээс их юм суралцсан. Тухайн үед MCS- д архины маркетингийн менежер гэж ороод тодорхой хугацааны дараа "Спирт бал бурам"-ын Маркетинг хариуцсан захирал болсон. 

"Маркетингийн зах зээлд манай баг дандаа шинэ зүйлүүдийг хийсэн"

Маркетингийн зах зээлд манай баг дандаа шинэ зүйлүүдийг хийсэн. Бүтээгдэхүүний PR-ийн анхны санаа, нийгмийн хариуцлагын анхны санаанууд бүгд тэндээс гардаг байлаа.

Тэгээд дараагийн алхам хийх бодол ерөөсөө салахаа байсан л даа. Одоо л хувийн юмаа хийж үзье.

Болсон ч болоогүй ч өөрсдийнхөө зам мөрийг эхлүүлье гээд Т.Дүүрэн бид хоёр хамтарч бизнесээ эхлүүлсэн. Эхлүүлэх эхлүүлэхдээ хаа байсан Увс явсан. Тухайн үедээ л боломж нь тэр байсан. Яагаад Увс юм бэ гэж хүмүүс их асуудаг юм. Зүгээр л тухайн үед хамгийн ойрхон гарт ирсэн боломж л тэр байсан. Хүн санал тавьсан. Очиж үзсэн, харсан, маш их боломж байсан. Үүнийг л бид ашигласан.

"Увс хүнс" үйлдвэр маань 1942 онд байгуулагдсан, орон нутагтаа нэр хүндтэй томоохон компани байсан. Одоо ч гэсэн энэ нэр хүнд нь хэвээрээ байгаа. Өнөөдөр ингээд харахад Монголд чацарганы салбар гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь бий болгосон байна. Хамгийн сүүлийн тоогоор энэ салбарт ажиллаж байгаа бараг 80-аад компани байна гэж байна. Тэгэхээр энэ болгоны суурь болж тэдний нүдэнд нь харагдтал ажиллаж чадсан болов уу л гэж боддог. 

Үүний дараа манай архин бүтээгдэхүүн маш амжилттай гарч эхэлсэн. Дэлхий даяар байж болох хамгийн том үзэсгэлэн, шалгаруулалтуудад оролцож хамгийн том шагналуудыг авсан. Гадаадад энэ бол UFC- ийн архи юм гэж хэн ч хэлэхгүй. Монгол архи бол сайн юм л гэж хэлдэг. Яваандаа бидний мөрөөдөл маш том экспортлогч болох ёстой гэж зорьдог. Экспортын бүтээгдэхүүнийг солонгоруулъя л гэж байгаа бол архи бол яах аргагүй нэг боломжтой бүтээгдэхүүний нэг. Улаан буудайг тарьж болж байна. Байгаль орчинд ямар нэгэн хор нөлөө байхгүй. Түүнийгээ нэрээд спирт гаргаж аваад архи болгоод гаргаж байна. Энэ өөрөө их эрүүл бизнес. Хүмүүс мэдээлэл дутмагаасаа л их буруу ойлголттой байдаг байх. 

Ингээд 2010 онд бид барилгын салбар руу орсон. "Герман стандарт" гэж компанийн брэндингийг хөгжүүлээд явсан. UFC-тэй нэг их уялгүйгээр "Герман стандарт" маань өөрийнхөө хэмжээнд хэрэглэгчиддээ танил болсон. Хийсэн бүтээснийг маань хүмүүс хараад мэдэрчихсэн ийм компани болоод хөгжиж байна. 

Товчхондоо ийм байна даа.

- CEO club-ийн Дэд Ерөнхийлөгч?
- Тийм ээ. Сүүлийн найман жил CEO club-ийн гишүүнээр явж байна. Энэ оноос клубынхээ Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байгаа. 

- UFC группын хувьд өнөөдөр яг хэчнээн ажилтантай вэ?
- Анх "Увс хүнс" компанийг авахад 23 хүнтэй байсан. Тухайн үедээ жилийн борлуулалт нь тэрбум төгрөг байсан. Өнөөдөр тоо маш том болчихсон. Өнөөдрийг хүртэл төлсөн татвараа бодоход 40 гаруй тэрбум төгрөг төлчихсөн байна. 

Бүх салбарт маань 350 орчим хүн тогтмол ажилладаг.  Зуны улиралд энэ тоо нэлээд нэмэгддэг. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес гээд тодорхой хэдэн салбарт диверсификаци хийчихсэн явж байна. 

- Таны тухай мэдээлэл хайхаар маш олон шагналын тухай мэдээлэл гарч ирдэг юм билээ. Энэ нь та бүхний бас маркетингийн арга байв уу. Эсвэл үнэхээр шилдгээр байнга шалгарч тодорч байв уу?
- Хэн нэгэн нь аливаа салбарт лидер болж харагдаж байгаа ч энэ бол багийн тоглолт байдаг. 

Шагналын тухайд бид хэзээ ч ийм шагнал авъя гэж асуудалд хандаж байгаагүй. Бизнес эрхлэгчдийн хувьд шагнал гэдэг чинь өөр ойлголт байдаг болов уу. 

Монголд чацарганы салбар гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь бий болгосон байна. 

Бид ажилчдын сэтгэл хангалуун байдал, компанийн ашиг орлого сайн байх, тэлэлт гэсэн зүйлүүдээс таашаал авдаг юм ш дээ. Мэдээж үүнийг аль нэг байгууллага, төр үнэлнэ гэдэг хувь хүний хувьд урам болдог байх. 

Миний хувьд хамгийн баярлаж авч байсан нь оны шилдэг маркетер гэж шагнал байсан. Тухайн үед яг маркетингийг хийж байсны хувьд их бахархалтайгаар тэр шагналыг авч байсан санагдаж байна. Ийм мэргэжлийн шагнал л хүнд их урам өгдөг болов уу. 

- Та ажлын гараагаа "Ньютел" буюу үүрэн холбооны салбараас ажлаа эхэлсэн. Гэтэл шууд архины маркетинг гээд өөр зүйл рүү ороод явчихаар хэр төөрч будилж байв?
- Сонголтыг эцсийн эцэст хэрэглэгч хийдэг. Банк байна уу, утас байна уу, юу ч байсан. Нэг хувь хүн л сонголтоо хийдэг. Тэр хүнийг л бид тал талаас нь ятгаж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчийг л ойлгочих юм бол юу зарах нь хамаагүй. Хэрэглэгч юу хүсдэг вэ гэдгийг л мэддэг байх. Дэлхийн хүн ам долоон тэрбум янз. Тэгэхээр энэ ялгаануудыг сайн ойлгож хэрэглэгчээ мэддэг болсон бол машин зарна уу, бал зарна уу зарчмын ялгаа байхгүй. 

Тухайн үед архины бизнес рүү орохдоо маш том суурь судалгаануудыг хийж байлаа. Дээрээс нь өөрөө ажиглалт маш их хийсэн. Архи зардаг дэлгүүр дээр очоод л архи авч байгаа хүмүүсийг харна. Тэд нартай уулзана. Яагаад архи авсан тухай нь асууна. Өөрөө энэ бүх судалгаагаа хийдэг байсан. Хүн зах зээлээ ойлгоод ирэхээр юу хийх ёстой нь ойлгомжтой болоод ирдэг болов уу. 

- Нэг хэсэг чинь Монголд хамгийн сайн маркетингийн санаанууд архи зарахад л гардаг байсан гэж хэлж болно. Харин яг энэ оргил үед сурталчилгааг бүрэн зогсоосон. Та нар тэгэхээр сурталчилгаагаа бүр зогсоосон уу. Ямар арга руу шилжсэн бэ?
- Энэ өөрөө их сонирхолтой кэйсүүд шүү. Монголын маркетингийн түүхэнд нэлээд жинтэй хувь нэмэр оруулах кэйсүүд байсан гэж боддог. Анх архины хууль их задгай байсан. Тэр үед бид хуулийн дагуу л рекламдсан. Үүнээс болж хуульд өөрчлөлт орж байлаа. Нөхцөл байдал илүү хэцүү байх тусам бид түүнд зохицуулж арга бодож олох хэрэгтэй. Жишээ нь, Сайн үйлсийн аянг бид эхлүүлсэн. Нэг талаараа нийгмийн хариуцлага, нөгөө талаас яах аргагүй л дэлхий даяараа хэрэгжүүлдэг маркетингийн арга байсан. Хууль өөрчлөгдөхөөр бид түүнд тохируулж шинэ зүйл хайж эрэлхийлнэ. Дахиад л хааж, бооно. Түүнийг нь дагаад л бид өөрчлөгдөнө. 

- Та хүнсний салбараа хасах баланстай болсон тухай ярьсан. Одоо ямар боломж байна вэ?
- Монголд архины бизнес дампуурлын шатанд ирчихээд байна. Тиймээс Европ, Швейцар руу экспортын томоохон гэрээнүүд хийгдэж эхэлж байгаа. Энэ бол хамгийн том боломж. 

- Яг аль бүтээгдэхүүнийг экспортод гаргах вэ?
- "Гэрэгэ", "Морьтой Чингис".  Нэлээд том хэлцэл хийгдэж байгаа. Экспорт гэдэг гурван сая хүн дотор ажиллах, долоон тэрбум хүнд ажиллах гэдэг зарчмын том ялгаатай. Үнэхээр зөв хамтрагчаа олоод бүтээгдэхүүнээ гаргаж чадах юм бол их том боломж гэж хараад байгаа. 

2002 оноос хойш архины салбарт ажиллаж байгаа том компаниудын өрсөлдөөн дундаас Монгол архины чанар дэлхийд номер нэг болтлоо сайжирсан. Үүнийг хэрэглэгчид ойлгох цаг болсон. Бид гадны импортын бүтээгдэхүүнийг шүтэх хандлагаасаа салах ёстой. 

"Экспорт гэдэг чинь улсаараа нийлж, дэмжиж байж хийдэг зүйл. Түүнээс ..."

Та бүхэн анзаарч байгаа бол Хятад энэ тал дээрээ маш их анхаарч байгаа. Яагаад тэр Төрийн тэргүүн нь олон улсын томоохон уулзалтууд дээр дандаа Хятад архи тулгаж уугаад байна вэ. Бүгд бодлого. Одоо та бүхэн харж байгаа биз дээ. Гадны татваргүй дэлгүүрүүдэд Хятадын маш үнэтэй архинууд аль хэдийнэ байршаад эхэлчихсэн. Хүмүүс түүнийг нь аль хэдийн хэрэглээд эхэлчихсэн байх жишээтэй. Тэгэхээр экспорт гэдэг чинь улсаараа нийлж, дэмжиж байж хийдэг зүйл. Түүнээс хааж, хориглож, дотоодын үндэсний үйлдвэрлэгчээ доош нь хийснээр үүнээс хэн хожиж байна вэ. 

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛ АЛДАГДЛАА ӨӨРӨӨ ХҮЛЭЭНЭ ШҮҮ ДЭЭ. ТӨР АЛДАГДЛАА ХҮЛЭЭДЭГГҮЙ БАЙХГҮЙ ЮУ

- UFC группын тухайд брэнд болсон чацаргана, архины тухай л голлож асуугаад байх шиг байна. Харин танай группт багтдаг танил биш нэртэй компаниуд байна. Яг одоо таны анхаарлыг хамгийн их татаж байгаа салбар чинь аль байна вэ?
- Бидний хувьд цоо шинэ салбар буюу үйлчилгээний салбар руу орж эхэлж байгаа. MH Development гэж компани юм. Энэ баасан гаригт гэхэд нэг салбар маань нээлтээ хийх гэж  байна. Шинэ соёлыг л бий болгох гэж байгаа хэлбэр юм. 

Германд бид ямар гоё орчинд шар айраг ууж, хоол зооглодог билээ. Яг л тэр орчныг бид бий болгож байна гэсэн үг. 

- Үйлчилгээний салбарын борлуулалт бууралттай байгаа талаар дээр ярьсан. Тэгэхээр энэ хэр цагаа олсон бизнес вэ?
- Тийм ээ. Гэхдээ ийм нөхцөл байдал мөнхөд байхгүй. Хүний идэж, уух хэрэглээ бол мөнхийн зүйл. Бид хүнд үед ашиг багатайгаар хэрэглэгчид хямд үнээр бүтээгдэхүүнээ санал болгох ёстой байж магадгүй. Хувилбар, гарцууд бол байгаа. Бүх юм болохоо болилоо гэвэл юу ч явахгүй. Яаж болгох вэ гэвэл 1000 гарц бий.  Үнэ ханшийн уян бодлого барих хэрэгтэй. Гэхдээ гол нь бүтээгдэхүүний чанар гэдэг зүйл. Тэр Герман шар айргийг бид Германд хийж байгаагаас нь илүү сайн хийж байна. Ирээд хэрэглээд үз. 

Ийм үед эхэлсэн бизнес их амжилт олдог гэдэг. Магадгүй хамгийн зөв нөөцийн хуваарилалт дээр эхэлдэг болохоор тэр байх. 

- Яг энэ хүнд үед Монгол Улсаас анх удаа ам.долларын тэмбумтан төрсөн баяртай мэдээ гарсан. Та энэ мэдээллийг хэрхэн хүлээж авсан бэ?
- Энэ бол баяртай мэдээ. Монголд бизнес хийгээд тэрбумтан болчихдог юм байна аа гэдэг мэдээлэл бол олон улсад маш чухал. Энэ баялаг бүтээгчдийг дэлхий даяараа хүндэлж, даган дурайхыг оролддог. Гэтэл Монголд улстөрчдийг даган дуурайх хандлага нь илүү байх шиг. Энэ гэхдээ цаг зуурын гажиг юм байгаа. Зүй нь бол үндэсний баялаг бүтээгчдийг дэмжиж, тэднийг даган дуурайж байж улс орон хөгждөг. Тэгэхээр бид энэ нийгмийн буруу ойлголтыг залруулах хэрэгтэй. 

Ийм үед эхэлсэн бизнес их амжилт олдог гэдэг. Магадгүй хамгийн зөв нөөцийн хуваарилалт дээр эхэлдэг болохоор тэр байх. 

Гэтэл иргэд өөрсдийнхөө асуудлыг төр л шийдээд байна гэж боддог. Үгүй шүү дээ, тэр автобусны мөнгийг чинь төр өгөөд байгаа юм биш. Татвар төлөгчид тэр мөнгийг чинь өгч байгаа шүү дээ. Энэ баялаг бүтээгчид. Төр бол зүгээр л хуваарилалтыг хийж байгаа нөхдүүд шүү дээ. 

Дээрээс нь төр өөрөө мөнгө олох гээд бизнес хийгээд байдаг. Төр өөрөө өөрийгөө хэзээ ч хянаж чаддаггүй юм. Бизнес эрхлэгч бол алдагдлаа өөрөө хүлээнэ шүү дээ. Төр алдагдлаа хүлээдэггүй байхгүй юу. Дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр нөхдөг юм. МИАТ алдагдалтай ажилладаг гээд л бид ярьдаг. Тэр алдагдлыг нь хэн нөхөж байгаа юм. Татвар төлөгчдийн л мөнгөөр шүү дээ. Энэ болгоноо зогсооё. Бизнес эрхлэгчидтэй битгий төр өрсөлд гэж хэлээд байгаа юм. 

Энэ нөхцөл байдалд залуу Ерөнхий сайд томилогдсон нь бизнес эрхлэгч хүний хувьд сэтгэл хангалуун байгаа. Хүлээлт ч их байна. Яг ийм үед танхим өөрөө шинэчлэгдэх хамгийн зөв цагтаа ирж байна гэж харж байгаа.

- Таныг Porsche оруулж ирж зарах гэж байна гээд шуугисан. Энэ үнэн үү?
- Porsche удахгүй Монголд showroom - ээ нээнэ. 2015 ондоо багтаад нээгдэнэ. Зүүн өмнөд Ази хариуцсан салбарынх нь удирдлагын ярьж буйгаар зургаан одтой буудал  ямар стандарттай байх ёстой байдаг вэ. Яг тэр стандартаар барихыг шаарддаг гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол бидний хувьд хариуцлагатай, нэр хүндийн төсөл юм гэж харж байгаа. Гадны маш өндөр стандартыг бид оруулж ирнэ. Түүнд нь бид нийцэж ажиллана гэдэг их том сорилт болж байгаа. 

- Миний асуултууд ийм байна. Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?
- Өөр ч юу байхав дээ. Гол санаа маань бид юм болгоныг харлуулж явснаас нийлээд  өөрчилье гэсэн зорилготой. 

Ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа бол түүнийг засах тухай хувилбараа л дэвшүүлэх хэрэгтэй. Энэ гарцаа бид дэвшүүлж гаргаж ирэх ёстой. Бид алдсан уу алдсан. Одоо ямар хувилбар байна вэ. Тэр дэвшүүлсэн хувилбараа бид өөрсдөө хэрэгжүүлэх зорилго тавиад байгаа юм. 

 

Ярилцсан Ч.Болортуяа - @Bolort
Гэрэл зургийг Б.Бямба-Очир  - MPA.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.