ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

“Бөгжний эзэн”-ий түүх амжилтанд хүрэх үү?

ikon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Эрэн сурвалжлагчдын хувьд “нууц” гэж үгүй болжээ. Шаардлагатай бол хамгийн найдвартай гэж хэн нэгний тооцоолсон газар ч тэд нэвтэрч чадаж байна. 

Швейцарийн банкийг эрэн сурвалжилсан бүтээл үүний нэг жишээ юм. Энэхүү эрэн сурвалжлагад 55 орны 170 сэтгүүлч нэгдэн ажиллаж чадсан нь дэлхийн сэтгүүл зүйн түүхийн хамгийн том үйл явдлын эхлэл болсон юм. 

Ямар нэг ажил эрхэлдэггүй Дани эмэгтэйн Швейцарь дахь тансаглал тэндхийн сэтгүүлчийн хараанд өртсөнөөр энэ түүх эхэлжээ. Гэхдээ сурвалжлагч сэдвээ өмчлөлгүй харин ч мэргэжил нэгтнүүддээ ил болгосон байна. Ингэснээр түүнийг хаана хэнтэй уулзаж явааг эрэн сурвалжлах багийн орон орны сэтгүүлчид алган дээрээ мэт харж байв. 

Цаг хугацаа өнгөрөх бүр үйл явдлын өрнөл илүү олон улсыг хамарч эхлэв. Тэр хэрээр эрэн сурвалжлах багт хамтрагчид нэмэгдсээр. Дэлхийн 55 орны 170 сэтгүүлч өөрсдөдөө зориулж бүтээсэн цахим сүлжээнд нэгдэж олсон бүх мэдээллээ тал талаас оруулсаар... 

Тэнд баримтыг нягталж шалгах, шинэ шинэ мэдээлэл, дата санд дүн шинжилгээ хийх ажил далд өрнөж байлаа. Гурван жилийн шаргуу хөдөлмөрийн дараа тэд татвараас зувчуулсан мөнгөө банкинд хадгалсан хэдэн зуун гэмт бүлэглэлийн жагсаалтыг гартаа оруулж чадсан юм. Улмаар орон орноос хамгийн их анхаарал татсан, ихээхэн мөнгө эргэлдүүлсэн, өндөр эрх мэдэл, нэр нөлөө бүхий хүмүүс хаана юу хийж явааг илчилсэн билээ. 

Энэ бүхэн ээдрээтэй зам туулсан. Хэвлэн нийтэлж түгээх нь амар хялбар байгаагүй. Хамгийн эхний жижиг мэдээ Францын нэг сонинд гарлаа. Тэгмэгц банк болоод данс эзэмшигчдийн өмнөөс 130 өмгөөлөгч, хуулийн ажилтан сэтгүүлчидтэй шүүхээр заргалдаж ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжлэхээ мэдэгдэв. Дэвид Лэйтэй Швейцарийн банкны эрх мэдэл бүхий хуульч уулзаж мэдээллээ цацахгүй байхыг зөвлөж. Харин сэтгүүлч энэ ажил өөрийнх нь хил хязгаараас давж олон улсын эрэн сурвалжлагчдын хамтын бүтээл болсныг тайлбарлаж шаардлагыг хүлээж авсангүй. 

Энэ хооронд данс эзэмшигчдийн ар гэрийнхэн сэтгүүлчдийг хувийн нууц мэдээлэл тараасан хэмээн буруутгаж эхлэв. Тэдний дунд зүрхний өвчтэй эцгийнх нь амь нас хутганы ирэн дээр байгааг бичсэн залуугийн захидал анхаарал татав. “Эцэг минь зүрхний өвчтэй. Хэрэв энэ мэдээлэл цацагдсанаас болж зүрхний өвчтэй аав минь нас барвал би та нараас эцгийнхээ амийг нэхнэ гэсэн” хэмээн тэрээр заналхийлэв. 

Энэ мэтээр хэвлэл мэдээллийн байгууллагуудад ирэх дарамт өдөр бүр нэмэгдсээр. Эцэст нь “The Guardian” сэтгүүлийн удирдлагууд харзнахаар шийдвэрлэв. Гэтэл BBC түрүүлээд маш зоригтойгоор цацаж орхив. Ингээд хууль бус мөнгө хадгалж байсан банкны тухай мэдээлэл маш олон хэл дээр дэлхийн өнцөг булан бүхэнд цацагдаж хэвлэгдэх нь тэр. Сонирхолтой нь тэрхүү жагсаалтад эрүүл сэтгүүл зүйн төлөө ихээхэн хөрөнгө оруулж дэмждэг нэгэн эмэгтэйн нэр байсан явдал юм. Тэрээр орилж хашгирч бухимдсан ч хэн нэгнээс хараат бус байх ардчилсан сэтгүүл зүйн зарчмаас гадуур үлдэж чадаагүй билээ. 

Энэхүү нууц баримтыг илчилсний дараа улс орнуудад юу болсон бэ хэмээн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээг үүсгэн байгуулалцсан Марк Ли Хантераас нэгэнтээ асуухад “Зарим нь туйлын хүнд байдалд орсон. Нэг хэсэг нь албан тушаалаасаа огцорсон байдаг. Нотолгоогоор илчлэгдсэн, буруутгагдсан хүмүүс ихэвчлэн богино хугацаанд уучлалт гуйсан” гэж хариулж билээ.
 
Хамгийн түрүүнд Их Британийн Засгийн газар олон нийтээс уучлал гуйсан гэдэг. 

Түүнээс хойш өнөөг хүртэл оффшорыг мөшгисөн бүтээлүүд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд шинэ хандлага бий болгож байна. Түүнтэй яг адил Монголд ч “Панамын баримт бичиг”-ийн дуулиан сэтгүүл зүйн салбарт шинэ хөдөлгөөн эхлүүлсний нэг нь эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн анхдугаар чуулган юм.
 
Чуулган өнөөдөр болно. Үр дүн нь Монголын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамтын ажиллаганы эхлэл байх болно гэдэгт итгэлтэй байна.

“Бөгжний эзэн” гэдэг кино бий. Гол дүрийн баатар зөвхөн өөртөө өмчлөхийн тулд бөгжийг гартаа тас атгаад бусдад алдахгүйг хичээдэг. Зарим сэтгүүлч ийм л байдаг. Тэглээ гээд амжилтад хүрэхгүй. Олсон мэдээллээ ил гаргаж арга барил, туршлагаа бусадтай хуваалцаж олуулаа нэгдэж ажиллах нь эрэн сурвалжлагын шинэ хандлага болж байна. Бид ч ингэж чадна. Бид нэгдвэл хэвлэн нийтлэх эрх чөлөө маань улам л тэлнэ. 

Хэрвээ чиний бүтээлийг Монголд түгээж болохгүй байвал бусад орны хэвлэл мэдээлэлд нийтлэх боломж нээлттэй болж байна гэсэн үг. Түүнчлэн сэтгүүлчид аюулгүй байдлаа хамгаалахад эв нэгдэл чухал юм. Хамтын бүтээл зөвхөн нэг хүнд хаяглагдахгүй учраас тэр л дээ. Эрэн сурвалжлах нь зөвхөн нэр төрийн хэрэг биш. 

Харин хүмүүсийн амьдралд сайн сайхан өөрчлөлт авчрахын тулд нийтийг хамарсан үйл явц болж байна. Энэ үйл явцад нэгдэхийн тулд сэтгүүлч тууштай, зоригтой байх нь чухал гэдгийг дээрх явдал сануулж байгаа юм.

Сэтгүүл зүй хуулиас ч хүчтэй

 

Зөвхөн авлига хэмээх хорт тогтолцоог устгахад эрэн сурвалжилсан бүтээл хуулиас ч илүү үйлчилнэ хэмээн дээрх орны иргэд өнөөдөр итгэж байна. Олон нийтийн итгэл үнэмшлийг сэтгүүлчид нь олж чадсан болохоор тэр. Тухайлбал ДОХ-той цусыг захиалгаар борлуулдаг сүлжээг илрүүлсэн Францын сэтгүүлчдийн жишээ байна. Уг хэрэгт хууль сахиулагч эрх мэдэлтнүүд оролцсон. Түүгээр ч барахгүй зарим сэтгүүлч ч хутгалдсан байдаг. Сэтгүүлч сэтгүүлчээ мөрдсөн энэ бүтээл олон хүний амийг авраад зогсоогүй юм. Бүхэл бүтэн авилгын нэг томоохон тогтолцоог сэхэхээргүй болтол зогсоож чадсан. Энэ мэтээр дээрх зургаас тухайн оронд дөрөв дэх засаглал, “хоточ нохой”-н үүргээ сэтгүүл зүй хэрхэн гүйцэтгэж байгааг харж болно. 

Зөвхөн авлига бус улс дамнасан хүний наймаа, тив дамнасан Италийн мафи, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины бохир мөнгө, Дэлхийн банкны хэрэг гэх мэт олон далд зөрчлийг илрүүлсэн олон улсын сэтгүүлчдийн жишээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бусад улс орнууд хөхиүлэн дэмжих нэг шалтгаан болж байгаа юм. 

Тийм ч учраас дэлхийн 50 гаруй оронд 150 орчим ашгийн бус байгууллага эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлж, сургаж түгээн дэлгэрүүлж байна. Энэ тоо нь сүүлийн 15 жилийн дотор хамгийн багаар бодоход хоёр дахин нэмэгджээ. Бид ч хоцормооргүй байна. 

Сэтгүүлчдийн бүтээлийг олон нийтэд түгээхэд тулгарч буй бэрхшээлийг гэтлэх том давалгаа Монголын эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн анхдугаар чуулганаас эхэлнэ хэмээн найдаж байна. 

Ц.Чимэддондог