Есүс Христийн бунхан гэгддэг байгууламжийг анх удаа нээх ажиллагаа Иерусалемын хуучин хотод эхэлжээ.
Тус хотод орших Holy Sepulchre хэмээх сүм дотор загалмайн шашинтнуудын хамгийн ариун газар гэгдэх уг бунхан оршдог юм. Хамгийн сүүлд бунхныг 1555 оны үед гантиг хавтангуудаар хучсан гэдэг.
Одоо эдгээр хавтангуудыг хуулах ажиллагаа явагдаж байгаа ба эцэст нь Есүсийг цовдлуулсных нь дараа хэвтүүлсэн гэх хаданд хүрэх ёстой юм.
Есүсийг М.Э 30-33 оны үед Ромчууд цовдолж хөнөөсний дараа энд оршуулсан гэдэг бөгөөд оршуулснаас гурав хоногийн дараа ирэхэд шарилнаас нь юу ч үлдээгүй байсан гэдэг. Загалмайтнууд түүнийг дахин төрсөн гэж үздэг юм.
Түүний дараа Есүсийн шарилыг хэвтүүлсэн хадан дээр Эдикюл (Латин хэлээр “жижиг байшин”) хэмээх суварга босгосон бөгөөд энэ нь Holy Sepulchre сүмийн дотор оршдог юм. Хамгийн сүүлд 1808-1810 оны үед галд өртсөн Эдикюлийг сэргээн босгосон байна.
Одоо Эдикюлийг нээх ажиллагааг профессор Антониа Морополоугийн удирдлага дор Афиний Үндэсний Техникийн Их сургуулийн судлаачид гүйцэтгэж байгаа юм.
Энэхүү ажиллагааны алхам бүрийг дүрс бичлэгт үлдээж байгаа ба сүүлд олон нийтэд сонирхуулах юм байна.
Уг сүмд өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид ирдэг тул зөвхөн шөнийн цагаар ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Holy Sepulchre сүмийг Загалмайн шашны зургаан урсгалынхан хамтран хамгаалж байдаг. Эдгээр нь Ромын Католик, Грекийн Ортодокс, Армений Апостолик, Сирийн Ортодокс, Этиопын Ортодокс болон Коптууд юм байна.
Эдгээр урсгалын төлөөлөгчид өмнө нь зөрчилдөх үе байсан тул сүмийн түлхүүрийг 12 дугаар зуунаас хойш дундын этгээд болгон нэгэн Муслим гэр бүлд хадгалуулсаар ирсэн ажээ.
2015 онд Грекийн Ортодокс хийдийн хамба бусад урсгалын тэргүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Афиний судлаачдыг урьсан байна. Афиний Их сургуулийнхан өмнө нь Афиний Акрополис, Турк дэх Ариун Софиягийн дурсгалуудыг нээж байсан туршлагатай юм.
Ингээд 2016 оны гуравдугаар сард Есүсийн бунхныг судлах ажил эхэлж, 2017 оны хавар дуусахаар төлөвлөгджээ. Уг төсөлд $4 саяын санхүүжилт орсон ба Иорданы хаан хоёрдугаар Абдулла, Дэлхийн Хөшөө дурсгалын Сан зэрэг газруудын хандиваар бүрдсэн байна. Сүмийг хамгаалагчид ч өөрийн хувийг нэмэрлэсэн гэнэ.
Үндэсний Газарзүйн Суваг, Ариун сүмийг хамгаалагчид, Афиний Үндэсний Техникийн Их сургууль энэ ажиллагааг хамтран гүйцэтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: National Geographic
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!