ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал өнөөдөр эхэллээ.
Удирдах хорооны 24 дүгээр хуралд Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 12 орны 40 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Удирдах хорооны 24 дүгээр хурлыг нээж БОАЖЯ-ын Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа үг хэллээ.
Тэрбээр хуралд хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлж, ЮНЕСКО-гийн ус зүйн хөтөлбөрийн энэ удаагийн хурлыг Монгол улс зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болохыг дурдав.
Хурлын үеэр улс орнуудын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ус зүйн хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээний тайлангаа танилцуулсан юм.
ЮНЕСКО-гийн Ус зүйн хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны 2015-2016 оны үйл ажиллагааны тайланг Монголын Үндэсний хорооны дарга, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа танилцууллаа.
ЮНЕСКО-ийн Ус зүйн хөтөлбөрийн Монголын Үндэсний комисс 2016 онд Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, Үндэсний их сургуулиудтай хамтран “Ус ба тогтвортой хөгжил” сэдвийн дор оюутан сурагчдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан.
БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний алба хамтран ЮНЕСКО, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өргөжүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагааны чиглэл бүрээр хамтран ажиллах “Санамж бичгийн төсөл”-ийг боловсруулж байна.
Санамж бичигт Ус зүйн хөтөлбөр ба Монгол улсын цаашдын хамтын ажиллагааг усны нөөцийн тогтвортой ашиглалт, усны салбарын боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудлаар тодорхой чиглэлүүдээр “Хамтарсан хөтөлбөр” гаргаж ажиллахыг санал болголоо.
Маргааш буюу аравдугаар сарын 25-ны өдөр НҮБ-ын тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай зорилтыг хэрэгжүүлэхэд улс орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд судалгаа, шинжилгээний ажлын ач холбогдлыг онцлон хэлэлцэх болно.
Эх сурвалж: БОАЖЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!