Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төр барилцах эрхээ эдлээрэй залуус аа

Ж.Отгонмягмар
2016 оны 10 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа нэг хоногийн дараа буюу аравдугаар сарын 19-ний лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм.

Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгаа. Сонгуульд AH, МАН, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын “Төв нутаг”эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний намууд оролцож буй.

Сонгууль бүрийн дараа яригддаг нэг зүйл нь “Залуус сонгууль идэвхгүй оролцлоо” гэдэг асуудал. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр санал өгөх насны иргэдийн 50.4 хувь нь 18-35 насны залуус байдгийн дөнгөж 20 хувь нь 2012 оны сонгуульд санал өгсөн байдаг.

Харин 18-25 насны залуусын дөнгөж 10 хувь нь л санал өгсөн гэдэг судалгаа байгаа юм. Энэхүү тоон судалгаанаас харахад л залуус сонгууль гээч зүйлд ямархуу ач холбогдол өгдөг вэ гэдэг нь ойлгомжтой.

Уг нь хэн нэгэн таны хувь заяаг өмнөөс чинь шийдээд байвал, таны ах дүү, амраг садангийн амьдралд нөлөөлөөд байвал ямар байх вэ гэдгийг нэг бодоод үзэхэд гэмгүй. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг биз дээ. Тэгвэл таны амьдралд таны зөвшөөрөлгүйгээр шууд оролцоотой байх эрхмүүдийг бид өөрсдөө сонгодог болмоор байна.

Ялангуяа залуус маань сонгуульдаа идэвхтэй оролдох хэрэгтэй. Ахмадууд маань өмнө нь ч, одоо ч тэр сонгуулийн өдөр алхаа сайтай морио унаж, аль гоё гэсэн дээл, хувцсаа өмсч, очоод саналаа өгдөг.

Өөрөөр хэлбэл, улсын баяр наадам, хурим найртай дүйхээр чухал үйл явдал бол тэдний хувьд сонгууль байдаг. Тэгэхээс ч аргагүй юм. Дөрвөн жил өөрийг нь төлөөлж төр барих хүнээ сонгох үйл явдал тохиож байгаа учир ийнхүү ач холбогдол өгдөг хэрэг.

Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амардаг уламжлалтай. Тиймээс ч иргэд ажил, төрөлдөө санаа зовохгүйгээр дөрвөн жилд нэг л өдөр тохиох төр барилцах эрхээ эдэлдэг юм. Тэгвэл ирэх дөрвөн жилд таны амьдралд оролцох буюу таны өмнөөс төр барих хүнийг сонгох үйл явдал тохиож байхад, залуус энэ өдөр юу хийдэг вэ.

Тэдэнд сонгуульд хэн ялах, аль нам олон суудал авах нь огтоосоо ч хамаагүй. Сонгуульд санал өгөхийн оронд илүү цагаар унтдаг байж болох. Харин ч фэйсбүүкээс хэн өөрийг нь найзаасаа хассан, нэмсэн, шинээр ямар кино нээлтээ хийж байгаа, залуус ямар аппликэйшн хамгийн ихээр татаж, хэрэглэж байгаа зэрэгт анхаарлаа хандуулдаг байх жишээтэй.

Уг нь Монгол Улсыг залуусын орон гэгддэг. Хүн амын 66 хувь нь 30-аас дээш насныхан эзэлдэг гэдэг. Тиймээс улс орны хувь заяанд уршигтайгаар нөлөөлөх хүмүүсийг сонгогдсоны дараа компьютерийн араас үзэн ядаж “Эд нарыг анхнаасаа сонгохгүй байсан юм” хэмээн харааж, халаглаж суухыг хүсэхгүй л байгаа бол сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөөрэй.

Төр барилцах эрхээ эдлээрэй залуус аа.

Зураг