Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээн болж буй. Тус тэмцээнд хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан "Хасын Хүлэгүүд" хасагдах шатанд Филиппиний "Мералко Болтс"-той учраа таарсан билээ.
Энэ тоглолтод "Хүлэгүүд" өрсөлдөгчөө 83:78-аар буулган авснаар хагас шигшээд шалгарав.
Ингэснээр тэд маргааш Японы "Үцүномия Брекс" багтай хүч үзэхээр боллоо. Японы лигийн аваргууд шөвгийн наймд Ираны "Табиат" багийг 94:93-аар хожсон юм.
Манай залуус гуравдугаар үеийн 11 онооны зөрүүгээр хожигдож эхлүүлсэн ч Иан Миллерийн чухал үед багаа сэргээсэн довтолгоонууд оноо болсноор шийдвэрлэх дөрөвдүгээр үе эхлэхэд дөрвөн оноогоор илүүрхэж байв. Улмаар онооны зөрүүгээ улам холдуулж, 11 онооны зөрүүгээр давамгайлж эхэлсэн.
Филиппиний баг онооны зөрүүг ойртуулж эхлэх үед И.Миллер эцсийн цэгийг нь хатгасаар багаа ялалтад хөтөллөө.
Америк тоглогч 32 оноо, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол Б.Барсболд 13, А.Азбаяр, Жордан Толберт нар тус бүр 10 оноо авсан юм. Харин эсрэг багаас Жордан Варнадо 23 оноо, 14 самбараас бөмбөг авсан бол Глин Уатсон 22 оноогоор багаа тэргүүлсэн ч хожил авч чадсангүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!