WSJ: Монгол Улс БНАСАУ-ыг дэлхийтэй холбох гүүр болохыг хүсч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдрөөс эхлүүлсэн билээ.
Тэрбээр албан ёсны хөтөлбөр эхлэхээс нэг хоногийн өмнө буюу ням гарагт Пеньянд хөл тавьсан юм. Манай Улс БНАСАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр дахь улс бөгөөд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
Түүхэн ой давхацсан энэхүү түүхэн айлчлалын талаар гадна дотны хэвлэлүүдэд хэрхэн бичиж байгаа хийгээд, айлчлалаас үүсч буй хүлээлтийн талаархи мэдээллийг хүргэж байна.
Ким Жон Уны “баг хуулрах уу”
Манай Ерөнхийлөгчийн айлчлалыг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр чамгүй мэдээлжээ. Тэдний сонирхлыг Ц.Элбэгдорж Ким Жон Унтай уулзах уу, үгүй юу гэсэн асуудал хамгийн их татаж байгаа бололтой. Асуудлын голыг энэ тал руу хандуулсан байв. Учир нь залуу Ким улс орноо удирдах болсноос хойш гадны нэг ч төрийн тэргүүнтэй уулзаагүй байгаа юм.
Эцэг Ким Жон Ил нь нас барсны дараа түүнийг улс орны жолоог атгахад шинжээчид “Хэт туршлагагүй учраас эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж чадах нь эргэлзээтэй” гэж дүгнэж байсан. Үнэхээр ч тэрбээр өдийг хүртэл гадны нэг ч улс орны удирдагчтай уулзаагүй нь дээрх яриаг одоохондоо “үнэн” гэж харагдуулж буй.
Хэрвээ тэрбээр манай Ерөнхийлөгчтэй уулзвал түүний талаархи төсөөлөл илүү бодитой болно. Ким Жон Ун хүчирхэг удирдагч уу, “бодлого таардаггүй”, бараг дайсан гэж хэлж болох барууны удирдагчидтэй ижил төвшинд харилцаж чадах уу гэдэг нь энэ уулзалтаас харагдах гэнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар эртнээс найрсаг харилцаатай байсан Монголын Ерөнхийлөгчтэй уулзах нь Ким Жон Уны хувьд сайхан “бие халаалт” болох гэнэ.
Монгол Улс БНАСАУ-ыг дэлхийтэй холбох гүүр болохыг хүсч байна
Дэлхийн томоохон вэбсайт, сонинуудад айлчлалыг угтан гарсан олон нийтлэлийн нэг нь ийм гарчигтай байв. “Уолл Стрийт Журнал”-д гарсан тэрхүү нийтлэлд “Ц.Элбэгдорж БНАСАУ-ыг зорьсон шалтгаан нь эдийн засгийн харилцаагаа өргөжүүлээд зогсохгүй цаашид дэлхийн бусад улстай харилцахад нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтээ албан ёсоор тавих явдал” хэмээн бичжээ.
Зарим нь шууд “Тэрбээр Ким Жон Уныг цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зогсоохыг ятгана” гэх мэтчилэнгээр бичсэн байна. Японы Эн Эйч Кей агентлагийн мэдээнд “Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “БНАСАУ-д хулгайлагдсан” гэх япон иргэдийн асуудлаар БНАСАУ-тай тохиролцоонд хүрэхэд туслахыг Монгол Улсаас хүсч байсан удаа бий.
Тиймээс Монголын Ерөнхийлөгч энэ асуудлыг хөндөж магадгүй” гэж өгүүлсэн байв. БНАСАУ бол дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг цөөхөн улсын нэг. Энэ улсыг гадаад ертөнцтэй холбох зуучлагчийн дүр манай улсад ногдвол нэр хүнд өсөх нь мэдээж юм.
БНАСАУ-тай таарамжгүй харилцаатай барууны орнууд БНСУ, Японтой манай улс харилцаа сайтай учир энэ нь тийм ч биелэх боломжгүй зүйл биш юм.
Айлчлалаас гарах үр дүн юу вэ
Манай орны хувьд Пеньянтай найрсаг харилцаатай цөөхөн орны нэг. Тиймээс хамтран ажиллах өргөн боломж бий.
Монголын “Хай Би Ойл” (HBOil) хувьцаат компани БНАСАУ-ын газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн зургадугаар сард цацагдсан билээ. Тус компани Малайзын Ninox Hydrocarbons (L) Berhad (NHLB) компанийг худалдан авахад Хойд Солонгосын KOEC International, Inc (KOECII)-ийн хувьцааны 20 хувь дагалдан ирсэн юм.
Ингэснээр “KOECII”–ийн 80 хувийг Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (Хойд Солонгос) газрын тосны төрийн өмчит Korea Oil Exploration Corporation (KOEC) компани, 20 хувийг нь Хай би ойл компани эзэмших болсон юм.
Тэдний хамтын ажиллагаа цаашдаа амжилттай болбол “Хай Би Ойл” компани Монгол руу түлш импортлох цоо шинэ замыг нээхээр төлөвлөж байгаагаа тухайн үед мэдэгдэж байв /ОХУ нефть боловсруулах үйлдвэрүүдээсээ Алс Дорнод руу шатахуун нийлүүлэхийн тулд маш хол зам туулах шаардлагатай байдаг.
Тэгвэл БНАСАУ-д үйлдвэрлэсэн нефть бүтээгдэхүүнийг ОХУ-ын Алс Дорнодод нийлүүлж, ОХУ харин Монгол руу нийлүүлбэл аль, аль талдаа ашигтай гарах тооцоог хийсэн аж.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авах үүсвэр хэдий чинээ олон байх тусмаа сайн. Тиймээс нэгэнт тавигдсан энэхүү хэлхээ холбоог улам өргөжүүлэн, цаашид олон салбарт хамтрах боломжийг эрэлхийлэх байх.
Манай улсад Ардчилсан Солонгосын 1500 орчим иргэн хөдөлмөр эрхэлдэг гэсэн мэдээ бий. Тэгвэл Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд энэ тоог 5000 хүргэж өсгөх боломжтой.
БНАСАУ нь аж үйлдвэр, барилгын салбар өндөр хөгжсөн орон. Манай орны хувьд энэ салбарт Хятадаас ажиллах хүч авдаг. Тэгвэл тэдний нэг хэсгийг хойд солонгосчууд бүрдүүлэх боломж гарч ирнэ гэсэн үг юм.
Businessweek.com-д бичсэнээр дэлхийн бусад орны нэгэн адил БНАСАУ ч манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байгаа гэх. Айлчлалын үр дүнд Ардчилсан Солонгосын ашиг сонирхол манай уул уурхайн салбарт орж ирж ч магадгүй нь.
Далайд гарцгүй Монгол орны хувьд ашигт малтмал, түүхий эдээ дэлхийн зах зээлийн үнээр худалдахын тулд далайн боомтуудад хүргэх зайлшгүй шаардлага бий. Хэрвээ сайтар тохиролцож чадвал энэхүү зорилгодоо Хойд Солонгосын боомтуудыг ашиглах боломж манай улсад байгаа гэж WSJ сэтгүүлд бичсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн даваа гарагт БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намтай албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний дараа Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Эдгээр баримт бичгүүдэд дээр дурьдсан асуудлууд тусгалаа олсон нь дамжиггүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
