Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяаг ялж аварга болсон Рафаела Силва арьс өнгөний үзлээс болоод жүдог орхих гэж байжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө Рио 2016 наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд аварга болсон Бразилийн бөх Рафаела Силвагийн амьдрал Рио де Жанейрогийн алдарт ядуусын хорооллоос эхлэлтэй.

Хүнд хэцүү амьдрал туулсан Силва өнөөдөр Рио 2016-аас Бразилийн анхны алтан медалийг авч ирсэн нь түүнийг онцгойруулж байгаа юм.

Алтан медальд хүртлээ тэр хэд хэдэн удаа шантарч, хэсэг хугацаанд жүдогоо орхиж хүртэл үзжээ.

Одоо 25 настай Силвагийн амьдралын эхний найман жил нь “Бурхдын хот” гэгддэг, гэмт хэрэг, хүрчирхийллээр дүүрэн ядуусын хороололд өнгөрсөн юм. Энд байхдаа тэр байнга хөвгүүдтэй зодолдож, сургуулиасаа хөөгдөж байсан гэнэ.

Гэхдээ тэр багаасаа гудамжны хөлбөмбөг, пипа тулааны тоглоомд авьяастай нэгэн болох нь тодрон харагдаж байжээ. Пипа нь байшингийн дээвэр дамжин цаасан шувуу хөөргөж гүйхдээ өрсөлдөгчийнхөө цаасан шувууны утсыг тасдах зорилготой тоглоом юм.

Силваг таван настай байхад эцэг эх нь түүнийг эгчтэй нь хамт жүдогоор хичээллүүлж эхэлсэн нь ядуусын хорооллын дүрэмгүй амьдралаас дэг журамтай ертөнцөд ороход тусласан гэдэг.

Гэвч Силвагийн алдар нэр 2012 оны Лондоны Олимпийн наадмын хэсгийн барилдаан дээр дүрмийн бус үйлдэл хийж хасагдсанаар огцом унажээ. Үүний дараа түүн рүү Бразилийн олон нийт арьс өнгөөр нь гадуурхаж доромжилсон довтолгоогоор бөмбөгдөж эхэлсэн байна. Бразилийн нийгэмд амжилттай яваа хар арьст эмэгтэйчүүдэд ийм зүйл байнга тохиолддог аж.

Энэ тухайгаа Силва ярихдаа “тэмцээнээс хасагдсан маань гутамшигтай явдал болсон” гээд “өрөөндөө ороод би сошиал медиагаар хүмүүс хэрхэн намайг доромжилж, шүүмжилж, бүр сармагчингаар дуудаж байгааг хараад сэтгэлээр унасан. Би тэгэхэд жүдог орхих тухай бодоод эхэлсэн байлаа” гэжээ.

Ингээд Силва үнэхээр спортоо орхин, өдөржин телевизийн өмнө сууж, заримдаа ганцаараа уйлдаг байсан нь гэр бүлийнхний санааг зовоож эхэлсэн байна. Түүний дасгалжуулагч Жеральдо Бернардез ч авьяаслаг шавиа бараг алдсанд тооцоход ойрхон болоод байсан гэнэ.

Ийм байдалтай хэдэн сарыг өнгөрөөсний дараа Силва жүдодоо эргэн ирж бэлтгэлээ үргэлжлүүлснээр 2013 оны дэлхийн аварга болжээ.

Амьдралд нь тохиолдсон энэ явдал түүнийг хурцалж өнөөдөр Силва Олимпийн аварга буюу "Бурхдын хот"-оос төрсөн спортын од болоод байна.

 

Эх сурвалж: Washington Post