Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн наадам буюу олимпд ямар төрлийн спорт нэмж орох вэ?

Э.Мөнхзаяа
2016 оны 8 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг

Рио-де-Жанейрогийн Олимпод 33 төрлийн спортод 306 цогц шагнал олгоно. Лондонтой харьцуулахад энд гольф, регби-7 гэсэн хоёр төрлийн спорт нэмэгдэж орсон байна. Одоогийн байдлаар шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин юм гэдэгтэй ижил зүйл тохиогоод байна.

Учир нь гольфийн тэмцээн тэртээ 1900, 1904 онд зохиогдож байсан бол сонгодог регби-15 1924 он хүртэл зохиогддог байжээ. Харин ойрын ирээдүйд ямар спорт дөрвөн жилд ганц тохиодог энэхүү том наадамд нэмэгдэж орох бол.

Олон улсын Олимпийн хорооны Рио-де-Жанейрод наймдугаар сарын 2-4-нд болох хуралдаанаар хорооны зохион байгуулагчдын зүгээс Токио-2020 наадамд бэйсбол, софтбол, каратэ, скэйтбординг, хаданд авиралт, сёрфинг зэрэг шинэ төрлүүдийг оруулж ирэх асуудлыг авч хэлэлцэнэ.

2014 оны арванхоёрдугаар сард болсон ОУОХ-ны хуралдаанаар Олимп зохион байгуулагч орнууд тэмцээний хөтөлбөрийг өөрчилж, өөрсдийн үзлээр ямар төрлийн спорт илүү нэр хүндтэй байна, түүнийг оруулж ирэх эрхтэй болсон юм. Мэдээж энэ журмын дагуу япончуудын санал болгосон бүх төрлийг оруулна гэж үгүй.

ОУОХ-ноос санал болгосон спортоос 1-2-ыг нь л сонгож оруулах журамтай. Учир нь шинэ стратегид зааснаар зуны Олимпийн наадамд оролцогсод 10.5 мянгаас хэтрэх ёсгүй бөгөөд шагналын тоо ч 310-аас давах ёсгүй аж.

Өөрөөр хэлбэл Токиог Риотой харьцуулбал дөрвөн цогц шагнал л нэмж оруулж болно гэсэн үг. Гэхдээ хөтөлбөрт багийн спорт нэмж оруулбал бусад төрлийн оролцогчдын тоог багасгах магадлалтай аж. 


Бэйсбол (эрэгтэйчүүд) ба софтбол (эмэгтэйчүүд)

Японд энэ спортод зориулсан цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтэц хөгжсөн, иргэдийн дунд нэлээд түгсэн зэргээс үүдэж энэ спортыг санал болгож буй бололтой. Харин Олимпод бэйсболын эрэгтэйчүүдийн зургаан баг, софтболын эмэгтэйчүүдийн зургаан баг л оролцох боломжтой.

Энэхүү хоёр төрлийн спорт Олимпод өмнө нь бүртгэлтэй байсан ч 2008 оны Олимпийн дараа хасагдсан юм. Ерөнхийдөө бэйсболын үзүүлэх тэмцээн 1904 онд Сент-Луист зохиогдож байсан ч 1992 онд л албан ёсны шагналтай тоглолт болон орж иржээ. Таван удаагийн

Олимпийн наадам зохиогдох хугацаанд АНУ-ын шигшээ нэг, Куба гурав, Өмнөд Солонгос нэг удаа алтан медаль хүртэж байсан түүхтэй.
Олимпийн софтболын тэмцээнээр 1996,2000,2004 онуудад америк бүсгүйчүүд ялалт байгуулж байсан бол 2008 оны Бээжингийн Олимпоор япончууд алтан медаль хүртэж байжээ. Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улсад бэйсбол тоглогчид байдаг.

Каратэ

Японы үндэсний спортын нэг. Токиогийн наадамд каратэгаар найман цогц медаль буюу эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн дөрвөн медаль олгохоор төлөвлөж байна.

Эхнийх нь каратэ ката, дараагийн гурав нь кумите каратэгаар жингийн ангиллаар хуваасан аж. Ерөнхийдөө энэ төрлийн спортоор оролцогчдын тоо 80-аас хэтрэх ёсгүй.

Дэлхийд каратэгаар хичээллэдэг 12 сая гаруй хүн байдаг. 

Дэлхийд каратэгаар хичээллэдэг 12 сая гаруй хүн байдаг.

Гэхдээ энэхүү төрлийн спортыг Олимпод оруулахад хүндрэл үүсгэж буй зүйл нь каратэгийн олон стиль юм. Каратэгийн ДАШТ 1970 оноос зохиогдож байгаа аж.

Скэйтбординг

Энэ спортыг Олимпийн наадамд багтаах магадлал тун бүрхэг. Уг асуудал 2007 оноос яригдаж байгаа ч одоо болтол ОУОХ-ны хүлээн зөвшөөрсөн Скэйтбордингийн олон улсын холбоо байдаггүй аж.

International Skateboarding Federation, World Skateboard Federation гэсэн хоёр холбоо бие биетэйгээ өрсөлддөг учраас ОУОХ-ны зүгээс эдгээр холбоог нэгтгэсний дараа л энэ асуудлыг нааштайгаар шийдэх магадлалтай. Скэйтбордингийн төрлийг Олон улсын роллер спортын холбооныхон далбаандаа авах хүсэлтээ ирүүлсэн байна. Энэхүү спорт нь хурд, акробатик зэрэг хэд хэдэн төрөлтэй.

Хаданд авиралт

Токиогийн наадамд багтсан тохиолдолд эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр цогц медалиар өрсөлдүүлнэ. Одоогоор спортын энэ төрлийн боулдеринг (богино, хүнд зайн цуврал), хурд, эсвэл хүчний гээд аль төрөл орох нь тодорхойгүй байна.

Сёрфинг

Олон улсын сёрфингийн нийгэмлэгийн зүгээс энэхүү спортыг Олимпийн хөтөлбөрт нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ байгууллага ДАШТ-ээ зохиодог бөгөөд хамгийн алдартай нь мэргэжилтнүүдийн оролцдог дэлхийн сёрфингтур юм.

Сёрфингийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг буюу Дэлхийн сёрфингийн лигийн далбаан дор тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг. Австрали, америк, бразилчууд энэхүү спортод амжилт сайн гаргадаг.

Хэрхэн сонгодог вэ

Ирэх оны есдүгээр сард ОУОХ Лимад 130 дугаар хуралдаанаа зохион байгуулж, 2024 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулах нийслэлээ зарлана. Энэхүү эрхийн төлөө Будапешт, Гамбург, Ром, Парис, Лос-Анжелес хотууд өрсөлдөх юм.

Ялсан хот Токиотой адил XXXIII Олимпод шинэ төрөл оруулж ирэх боломжтой болно. Ингэхдээ тэд дараах зарчмыг баримтлах шаардлагатай. Нэг төрлийн спорт нэг холбоотой байна.

Тэмцээний үр дүнг тодорхойлох тогтсон шалгууртай байх бөгөөд субьектив алдаа багатай гэж үнэлэгдсэн тамирчид оролцоно.

Тухайн спортын дасгал сургуулилт, тэмцээнийг зохион байгуулахад хэт их зардал, зохион байгуулалтын хүндрэл гарах ёсгүй. Тухайн нэр дэвшсэн спорт дор хаяж дөрвөн тивийн 75 орны эрчүүд, гурван тивийн 40 орны эмэгтэйчүүдэд тархсан байх. Сурталчилгааныхан болон залуу хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татдаг байх.

Сүүлийн жилүүдэд зуны наадмын хөтөлбөрт оруулахаар идэвхтэй лоббидож буй спортын төрөлд бильярд, боулинг, дугуйт тэшүүрээр гулгах, зүг чиг олох, элсний хөлбөмбөг, самбо, сквош, стритбол буюу гудамжны сагсан бөмбөг, ушу, фрисби, шатар зэрэг багтаж буй юм.

Зураг