Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал боловсруулснаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөөр хүргүүллээ.
Мөн саналаа УИХ-ын даргад өргөн барьж байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд болон Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, асуудал эрхэлсэн сайд нар гэсэн 16 сайд, 13 яамтай байхаар санал боловсруулжээ.
Шийдлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Харин шинэ бүрэлдэхүүнээр Монгол Улсын сайд, Аж үйлдвэрийн сайд, Хөдөлмөрийн сайд хасагдаад 16 болсон байна.
Таван яам ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН байна. Өмнөх Засгийн газрын бүтцээр 15 яамтай байсныг 13 болгожээ. Үүнд Аж үйлдвэрийн яамыг Хүнс хөдөө аж ахуйн яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамтай нэгтгэсэн байна.
Үлдсэн найм нь ЧИГЛЭЛИЙН яам байх аж.
Жич: Нэр нь өөрчлөгдсөн болон нэгтгэгдсэн яамдыг онцолж хаалтанд тайлбар бичив.
Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн онцлог нөхцөл байдал, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан байна.
Түүнчлэн Засгийн газрын агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, шуурхай явуулах шаардлагад нийцүүлэн яамдын тоог бууруулж, зарим яамдыг өөрчлөн байгуулахаар санал боловсруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!