Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХААНА БАЙНА НӨГӨӨ “БОСОО” ГАНБАА

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 1
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир, MPA.mn

Сонгуулийн дүн Монголд СУДАЛГААНЫ мэргэжлийн эксперт байдаггүй гэдгийг нотоллоо

    "Энэ сонгууль миний пессимист төсөөллөөс өөр байсанд маш баяртай байна. Ардчилсан Нам дээрэмчид Луйварчдаасаа саллаа" гэж нийтлэлч Б.Баабар сонгуулийн дүнтэй холбоотой бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл Б.Баабар гуайн сонгуулийн таамаглал эсрэгээрээ эргэж. 

Улсын баатар, Хотын захирагч Э.Бат-Үүлийн хувьд энэ удаагийн сонгууль цунами буюу таамаглаагүй үр дүн дагуулсаныг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сонгуулийн дүнг ийм гарна гэж төсөөлөөгүй сууж. Нам дотроо л сонгуулийн үр дүнг хамгийн сайн таамгалдаг гэдэг Э.Бат-Үүл баатрын төсөөлөл ийнхүү зөрсөн нь тэдний хувьд үнэхээр л хүлээж авахад хүнд дүнг ард түмэн тавьжээ. 

Энэ нь манай улсад сонгууль, сонгогчдын рейтинг судалгааг ултай, суурьтай, ҮНЭН гаргадаг эксперт ч, Судалгааны байгууллага ч ховор болохыг гэрчилж байна. Нөгөөтэйгүүр эрх баригчдын харалган бодлого өөрсдийнх нь нүдийг сохоллоо. Юу гэхээр сонгуулийн хуулийн дагуу "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах” –ыг хориглосон байдаг. Хэвлэл мэдээлэл өөрсдөө зохион байгуулахаас гадна мэргэжлийн судалгааны байгууллагын үр дүнг ч нийтлэхийг хорьдог билээ. 

Гэтэл хөгжингүй орнуудад бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамгийн бодитой судалгааг хийж, иргэдийн санаа бодлыг тандах гүүр болсоор ирсэн. Тухайлбал Германд гэхэд сонгуулийн өдөр аль нэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгогчдоосоо судалгаа хийсэн дүнгээ сонгуулийн дүн гарахаас өмнө зарлаж энэ нь ч сонгуулийн дүнтэй яг цав таардаг байна. Харин Монголд хэвлэл мэдээлэл сонгуулийн жил эхэлсэн л бол аливаа хэлбэрийн рейтинг, чансаа тогтоох нь хууль бус болдог. Энэ нь улстөрчдийг жагсааж шалгаруулахдаа биш бүр нам, улстөрийн хүчнүүдийн хийсэн ажлуудыг харьцуулан дүгнэх боломжийг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгөхгүй байсан билээ. 

Харин судалгааны компаниуд мэдээж өөр өөрсдийнхөө ажлыг хийсээр байсан бөгөөд  Монгол Улсын хэмжээнд хамгийн нөлөө бүхий танигдсан "Сант Марал" судалгааны байгууллага 2016 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаа өөрийн сайтдаа нээлттэй байршуулаад байгаа. 

 Тэдний хийсэн судалгаагаар Монгол Улсын хамгийн өндөр рейтинг бүхий улстөрчдөөр:

  1. С.Ганбаатар 27.9%
  2. Н.Энхбаяр 20.0%
  3. Х.Баттулга 20.0%
  4.  Г.Уянга 9.9%
  5. Р.Амаржаргал 6.7%
  6. С.Жавхлан 6.5%
  7. Ц.Элбэгдорж 6.1%
  8. З.Энхболд  4.7%
  9. Б.Бат-Эрдэнэ Б. 4.0%
  10. Ц.Нямдорж 3.8% бичигдээд байв.

Дээрх 10 улстөрчийн долоо нь 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшив. Харамсалтай нь улсын хэмжээнд хамгийн чансаа өндөр долоон улстөрчөөс ялалт байгуулсан нь ердөө гурав. Монгол Улсын хэмжээнд хамгийн рейтинг өндөртэй улстөрчдийн нэгдүгээрт жагсаж байсан С.Ганбаатар хүртэл ганц тойргоос гарч чадсангүй гэхээр манай Монголын судалгааны байгууллагын үр дүн ямар эргэлзээтэй гардгийг харуулж байна. 

Эсвэл гуравхан сарын дотор Монголчуудын санаа бодол ийм хурдан өөрчлөгдөв үү.

76 суудлын 85.5 хувийг авсан Монгол Ардын Нам тэгвэл энэхүү ялалтаа таамаглаж байв уу. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН гадна, дотны мэргэжлийн экспертүүдийн зөвлөмж дор өөрсдийн судалгааны ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Тэд сонгуулийн санал хураалт болохоос тав хоногийн өмнө өөрсдийгөө ялах нь тодорхой болж гэдгээ мэдэж байсан тухайгаа ярьж байв. Мөн тэд сонгуулийн санал хураах өдөр явуулсан нарийвчилсан судалгаагаараа тав хоногийн өмнөх үр дүн хадаглагдаж буйг мэдсэн байна. 

Үүнээс үзвэл МАН-ын хувьд ч мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтарч ажиллаагүй өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэжээ. 

Харин АН-ын лидерүүдийн хийсэн мэдэгдлийг харвал тэд судалгааны компани эсвэл өөрсдөө судалгааны ажлын хэсэгтэй байсан ч тэд удирдлагуудаа буруу мэдээллээр хангаж байсныг гэрчилж байна. Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүлийн хувьд “Нийслэлийн АН-ын тухайд улс төрийн цунами байлаа. Бид ялна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж мэдэгдсэн юм. 

Тэгэхээр эрх барьж байгаа, өндөр албан тушаал хашиж буй хүмүүст мэргэжлийн, хамгийн бодитой судалгаа ямар үнэ цэнэтэй байдгийг харуулж байна. 

Монголын хувьд аливаа нэгэн чансаа тогтоох, шилдэг шалгаруулах үйл явц нэг л үл бүтэх зарчмаар явдгийг хэн хүнгүй л мэддэг. Тиймээс ч томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн маркетингаа гадаадын, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэх стандарт, шагнал, батламжаар чимэх нь олонтаа болсоор. 

Дээрээс нь хуулийн хүрээнд нээлттэй байж болохуйц мэдээллийг хааж боох нь эрх баригчдын өөрсдийнх нүдийг хэрхэн сохолдгийг бид үзлээ. 

 

 

Ч.Болортуяа @Bolort

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.