Б.Оюумаа: Хуулиараа тойрог солих боломжгүй
Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууссан. Энэ талаар СЕХ-ны Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас дараах зүйлийг тодрууллаа.
-СЕХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууссан. Хэдэн нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн бэ?
-2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнгөрсөн Лхагва гарагийн 00.00 цагт дууслаа.
МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр болон Э.Эрдэнэжамъян нарыг бүртгээгүй
Харин нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнгөрсөн Даваа гарагт дууссан. Нийтдээ 11 нам, гурван эвслийн 416 нэр дэвшигчийн баримт бичиг ирсэн.
Нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх шийдвэр гарсан. Харин бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгах үйл явц үргэлжилж байна.
Тухайлбал, бие даан нэр дэвшигчдийн гарын үсэг цуглуулсан маягтыг санамсаргүй болон түүврийн аргаар шалгаж байна.
-Улсын дээд шүүхээс ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Дээд шүүхийн шийдвэр танай байгууллагад ирсэн үү?
-Дээд шүүхийн шийдвэр Сонгуулийн Ерөнхий Хороонд ирсэн. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сарын 31-ний 76 тоот тогтоолоор ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулах шийдвэр гарсан. Тиймээс ИЗНН нэн даруй нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх ёстой.
-Хэчнээн бие даагч 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлээд байгаа вэ?
-74 бие даагч ирүүлсэн. Бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх шийдвэр хараахан гараагүй байна.
-ИЗНН ямар хугацаанд амжиж нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгийг нь хүлээлгэн өгөх ёстой вэ?
-ИЗНН-ыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд бүртгэх Дээд шүүхийн шийдвэр гарсан тул тав хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ тодруулж, өргөн мэдүүлэх ёстой. Уг баримт бичгийг гурван хоногийн дотор нягтлан шалгана.
-Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, зарим нэр дэвшигчийн нэрийг эргүүлэн татсан гэх мэдээлэл байна. Тухайлбал, УИХ-ын 20 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон Ч.Даваабаяр, 33 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшихээр болсон Б.Сүрэнжав нарыг эргүүлэн татжээ. Энэ хуулийн хүрээнд боломжтой юу?
-Зарим улс төрийн хүчин нэр дэвшигчийн баримт бичгийг эргүүлэн татсан болон өргөдөл гомдол гаргасан тохиолдол байгаа. Тиймээс уг нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан.
-Аль тойрогт нэр дэвшихээр байсан хүмүүсийн нэрийг эргүүлэн татсан бэ?
-Нэр дэвшигчдийн мэдээлэл өнөөдөр эцсийн байдлаар Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны цахим хуудаст тавигдана. Тэрхүү мэдээллээс харах боломжтой. Иймд зургадугаар сарын 4-н дотор тухайн улс төрийн хүчин зөрчлөө арилгаад, нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг ирүүлэх ёстой.
-Хэчнээн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан бэ?
-ТТЭНН-аас 35 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Туяабадрах, БНН-аас 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва болон МАХН-аас нэр дэвшсэн Д.Чинзориг, Ж.Энхбаатар, С.Саранхүү нарыг бүртгэхээс татгалзсан байна.
Мөн МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр болон Э.Эрдэнэжамъян нарыг бүртгээгүй. Харин ардчилсан намаас нэр дэвшсэн Ч.Даваабаяр болон Б.Сүрэнжав нарын нэрийг татсан учир бүртгэхээс татгалзсан байгаа.
-Зарим нэр дэвшигч тойргоо солисон гэх мэдээлэл байна. Тойрог солих боломжтой юу?
-Тойрог солих боломжгүй гэдгийг хуулиар тогтоосон. Улс төрийн хүчин дотоод хурлаараа аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ шийдсэн учир солих боломжгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

