ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг анхны ЯМАР Ч УТАСГҮЙ ЧИХЭВЧЭЭ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Утасгүй чихэвч нь энэ жилийн технологийн гол сэдвүүдийн нэг болж байгаа. Утасгүй гэдэг нь тоглуулагчаас чихэвч хүртэл, бас зүүн баруун чихэвч хоорондоо ч утасгүй, зөвхөн хоёр салангид яригч байхыг хэлж байгаа юм.

Өнөөг хүртэл хэд хэдэн жижиг компаниуд ийм бүтээгдэхүүн гаргаж байсан бол томчуудаас анх удаа Самсунг корпораци өчигдөр (Пүрэв) зарлажээ.

 

 

Samsung Gear IconX нэртэй уг чихэвч нь $199.99 үнэтэй зах зээлд гарна.

Чихэвчийг хадгалах гэр нь өөрөө цэнэглэгч болдог. USB кабелиар цэнэглэсний дараа хаа ч явсан чихэвчнүүдээ цэнэглэж чаддаг нь гол давуу тал. Учир нь утасгүйгээр хөгжим тоглуулахад эрчим хүч их шаарддаг ба Самсунгийн чихэвчийг хангалттай тэжээх баттерей гараагүй байгаа.

Тиймээс ч Самсунг гар утаснаас уг чихэвч рүү стрим хийж хөгжим тоглуулахад 1.5 цаг, чихэвчин дээр өөрт нь байх 4GB санах ойд хадгалсан хөгжим тоглуулахад 3 цаг гаруй ажиллаж чадна гэдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

 

Харин ийм зөөврийн цэнэглэгч хайрцагтай байхад цагийг нь уртасгах боломжтой болж байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр гадны чимээг маш сайн хааж чаддаг уг чихэвчний дээр хуруугаар товшиж зарим үндсэн үйлдлүүдийг хийх боломжтой.

Одоогоор зөвхөн Андроид утаснуудтай ажиллаж байгаа ба iPhone-той нийцүүлээгүй байгаа гэнэ.

Мөн түүнд өөр олон төрлийн мэдрэгчүүд байгаа тул хүний хөдөлгөөн, зүрхний цохилт, туулсан зам, шатаасан илчлэг зэргийг тоолж Samsung S Health аппликэшнд дамжуулах чадвартай.

Худалдаанд энэ оны сүүлээр гарахдаа цагаан, хөх, хар өнгөний сонголттой байна.

 

Бүтээгдэхүүний видео танилцуулга:

Эх сурвалж: The Verge