ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ГАЛ ГАРАХ тойргууд

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 5 сарын 31
iKon.MN

Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодрууллаа. Нэр дэвшигчдийн “оноолт” зарим тойрогт гал гарсан ширүүхэн тулаан гаргахаар байхад заримынх нь ялагч хэдийнээ тодорсон гэж хэлж болохоор байгаа. Гэлээ ч бөмбөг бөөрөнхий гэдэг шиг сонгуулийн дүн аль талдаа гарахыг таашгүй.  

Ингээд хүч тэнцүү өрсөлдөгчдийн тойргуудыг онцлон нэрлэж байна. 

Сүхбаатар, Багануур дүүрэг 

Тус дүүргийн 60 дугаар тойрогт АН-аас Х.Тэмүүжин, МАН-аас Ц.Мөнх-Оргил нар өрсөлдөхөөр болоод байна. Энэ хоёр эрхэм хоёулаа Хууль зүйн сайдаар ажиллаж байсан манай урдаа барих хуульчид. Гэхдээ хоёулаа хэл ам дагуулсаар ажлаа өгч байснаараа адилхан. Х.Тэмүүжин хувийн асуудлаар нэр хүндээ унагаж байсан бол Ц.Мөнх-Оргил 2008 оны долоодугаар сарын 1-тэй холбоотойгоор улстөрийн карьертаа “хар толбо” үлдээж байв. 

 

 

Харин тус дүүргийн 61 дүгээр тойрогт намаасаа сүр дуулиантайхан нэр дэвших эрхээ авсан УИХ-ын гишүүн М.Батчимэг Ерөнхий сайд асан Сү. Батболдтой оноолт таарчээ. М.Батчимэг гишүүний туслах нь Тайванийн тагнуул гэх хэрэгт холбогдон шийтгүүлсэн. Туслахынх нь холбогдсон хэрэг гишүүний нэрэнд ч сүүдэр тусгасан. Харин Сү.Батболдын тухайд сүүлд оффшор бүс дэх компанид хувь эзэмшсэн гэх гуншинтай болоод буй. 

 

Баянгол дүүрэг 

 

Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт АН-ын дарга З.Энхболд 24 жилийн турш парламентад сууж буй Д.Лүндээжанцан гишүүнтэй өрсөлдөхөөр болоод байна. Тулхтай гишүүдийн нэг Д.Лүндээжанцанд намын даргатай өрсөлдөх нөөц бий гэж үзэн МАН-аас илгээсэн нь дамжиггүй. Тэгэхээр сонгуулийн дүнгээс шалтгаалан З.Энхболд, Д.Лүндээжанцан хоёрын нэг нь л  шинэ парламентад суух нь.

Сонгинохайрхан дүүрэг

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ИЗИС-ийн захирал Н.Учрал нарын өрсөлдөөн бас л үзүүштэй. 

Л.Эрдэнэчимэгийн хувьд шаггүй улстөрч. Олон шинэ хууль санаачилж, бас батлуулж чадсан. Харин Н.Учрал МАН-аас санал болгож буй шинэ залуу боловсон хүчин. Л.Эрдэнэчимэг гишүүн илэн далангүй байдлаасаа болж сошиал ертөнцөд нэлээд шүүмжлэлд өртдөг.

Тэгвэл Н.Учрал ч бас дэлхий сүүрэх дуулианаар зуслан руугаа очиж докторын ажлаа хийх гэж байна хэмээн сошиалаар мэдэгдээд амны зугаа болж байсан удаатай. Тэгэхээр сошиалд адил шахуу шоглуулаад амжсан хоёр эрхмийн хэн нь олон нийтээс санал авах вэ гэдэг сонирхолтой өрсөлдөөн болох нь. 

Баянзүрх дүүрэг

 

Хамгийн сонирхолтой гэмээр тохироо Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт таарчээ. Энд АН-аас УИХ-ын гишүүн Д.Арвин, МАН-аас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, ХҮН-ын дарга С.Боргил, мөн бие даагч дуучин С.Жавхлан нар таараад байгаа.

Улс төрч, дуучин, дипломатч гээд энэ сонгуулийн өнгийг бүрдүүлж буй салбар болгоны төлөөлөл энэ тойрогт өрсөлдөх нь.  

Д.Арвингийн хувьд УИХ-д зоолттой нэг суудал авчирдаг, хашир туршлагатай улстөрчдийн нэг. Тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдсон парламентч. Харин П.Анужингийн хувьд олонд цуутай сайхан эмэгтэйгээс гадна Японд гадаад харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн, дипломатч нэгэн учраас энэ хоёр бүсгүйн дунд “гал гарсан” өрсөлдөөн болох нь дамжиггүй.

Мөн гуравдагч хүчнээр нэрлэгдсэн ч дотоод зөрчлөөсөө үүдэн намаараа сонгуульд өрсөлдөх эрх авч чадаагүй ХҮН-ын дарга С.Боргил 54-р тойрогт өрсөлдөж байгаа нь бас л нэгэн сонин “өнгө” болж байна. Түүнчлэн МУГЖ С.Жавхлан, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар нар энэ тойрогт нэр дэвшиж байгаа нь энэ удаагийн сонгуульд урлаг соёлынхон хүч түрэн орж ирж буйн тод жишээ юм.  

Архангай аймаг 

 

Арын сайхан хангайд АН туршлагатай улс төрчдөө илгээсэн бол МАН-ынхан шижигнэсэн залуусаар хариу бариад буй.

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, МАН-ын генсек Ж.Мөнхбаттай таарчээ. ҮХЦ-ийн гишүүнд зүтгээд бараагүй Гончигоо гишүүн МАН-ын генсек хоёрын хэн нь ялалт байгуулахыг харах л үлдээ. 

Баянхонгор аймаг

 

Женко, MCS хоёрын тэмцэл Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт бодитоор өрнөх нь. УИХ-ын гишүүн Х.Баттулга MCS группын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртай таарсан нь энэ юм.  

УИХ-ын гишүүн Х.Баттулга Ж.Оджаргалтай сүүлийн хэдэн жил ил, далд тэмцэлдсээр ирсэн гэлцдэг. Тэгвэл “анти MCS” Х.Баттулга энэ удаад бодит утгаараа MCS-ын дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртой нэг тойрогт өрсөлдөх нь. 

Завхан аймаг 

 

 

Завхан аймгийн 18 дугаар тойрогт төрсөн ах дүү хоёр УИХ-ын гишүүний суудлын төлөө өрсөлдөх болоод байна.

МАН-ын Бага хурлын гишүүн Ш.Батсамбуу Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс дэвшиж буй төрсөн ах Ш.Сайхансамбуутайгаа хүч үзэхээр болоод буй. Харин АН-аас ах, дүү хоёрын эсрэг Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан З.Нарантуяаг илгээжээ.