Улсын Их хурлаас хуульчлан баталсан “Жагсаал цуглаан хийх тухай журам”-д гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж заасан байдаг.
Энэ журмын дагуу Чингис хааны нэрэмжит талбайд жагсаал цуглаан зохион байгуулах болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрөл авдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд аж ахуйн нэгжээс 2016 оны тавдугаар сарын 28-ний өдрөөс зургаадугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан 12 төрлийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар хүсэлт ирүүлэн, зөвшөөрөл авчээ.
Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зургаадугаар сард Чингис хааны нэрэмжит талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг нэмж олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!