Нийслэлийн Сонгуулийн Хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссан болон бие даан нэр дэвшигчдийн бүртгэл явагдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун "Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдөр дууслаа. 13 нам, хоёр эвслээс 314 нэр дэвшигчийн материал ирсэн. Нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэхээ Нийслэлийн сонгуулийн хорооноос тавдугаар сарын 17-нд нийтэд мэдээлнэ.
Харин бие даан нэр дэвшигчийн бүртгэл өчигдөр эхэлсэн. Тавдугаар сарын 14-ний 17.00 цаг хүртэл бүртгэл явагдана. Одоогоор нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшүүлэхээр 30 гаруй хүн хүсэлтээ ирүүлснээс найм нь материалаа ирүүлээд байна. Бие даан нэр дэвшигчдийн нэрийг тавдугаар сарын 19-нд албан ёсоор зарлах юм.
НИТХ-ын сонгуульд оролцох шаардлага хангасан нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зургаадугаар сарын 07-нд батламжийг нь гардуулна.
Мөн УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд 924,629 иргэн оролцох бөгөөд 396 санал авах байранд санал авах болно. Тус санал авах байранд ажиллах хүмүүсийн сургалтад өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 2,347 төрийн албан хаагч гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан байгаа.
Нийслэлийн сонгуулийн хороо болон дүүргийн сонгуулийн хорооны дэргэд санал хураалтын автоматжуулсан системийн бүрэн бүтэн байдал, найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Мэдээллийн технологийн багууд байгуулагдан холбогдох сургалтад хамрагдан ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардал 900 сая төгрөгөөр батлагдсан байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!