Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮРЭЭСийн орон сууцанд орох иргэд ТҮЛХҮҮРээ авч эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2" хороололд 350 орон сууц түрээслэхээр болсон билээ.

Түрээсд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн. Нийт 2,407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2,374 иргэн Цахим сугалаанд оролцсон.

Сугалаанд хожсон 350 иргэн тавдугаар сарын 9-нөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авчээ. Мэдэгдэл хүлээж авснаас хойш 72 цагийн дотор 3 сарын түрээсийн барьцаа төлбөр, 6 сарын байрны төлбөрөө хийж, гэрээ байгуулснаар түлхүүрээ авч байрандаа орох юм.

Тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 330 гаруй иргэн түрээсийн төлбөрийн мэдэгдлээ авч 250 орчим нь төлбөрөө төлж, түрээсийн гэрээгээ байгуулсан байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэдийн байрны түлхүүрийг 5 дугаар сарын 13-нд  /өнөөдөр/ ТОСК-ийн байранд олгож эхэллээ.

Харин маргааш буюу 5 дугаар сарын 14-нд “Буянт-Ухаа 2” хорооллын Ус дулаан дамжуулах төв байранд олгох аж.


Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, Хот Байгуулалтын яамнаас “ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ”-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 8.3-т түрээсийн орон сууцны үйл ажиллагааг зохицуулах нарийвчлагдсан журмыг Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан.

​Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1,000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгарууллаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймагт нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна. гэж ТОСК-аас мэдээллээ.