Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Алтанхуяг: "Түрээсийн орон сууц"-ны сугалааны тов гараагүй байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж, нийт 4,000 гаруй иргэн хандсанаас 2,604 иргэн бүртгэлд хамрагдаад байгаа.

Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон бөгөөд бүртгүүлсэн иргэдийн материалыг хянан шалгаж, шүүх ажил үргэлжилж байгааг ТОСК-оос мэдээллээ.

 

Энэ талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг "Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг шалгах ажил үргэлжилсээр байна. Бид дөрөвдүгээр сарын 7-н гэхэд шалгаж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч нэг гэр бүлийн давхардлыг арилгах ажилд маш их цаг зарцуулж байна.

Бүртгүүлсэн иргэдийг нэг бүрчлэн шалгаж, давхардлыг арилгаж байгаа.

Манайх иргэдийг зорилтот зургаан бүлэгт ангилан бүртгэсэн. Гэтэл иргэд сугалаанд хожих магадлалаа өндөр болгох зорилгоор аав, ээж нь нэг бүлэгт, хүүхдүүд нь бас өөр өөр бүлэгт давхар бүртгүүлсэн байна. Энэ нь тухайн иргэдийн хувьд ашигтай ч аз нь таараад тэр гэр бүлийн 3, 4 хүн сугалаанд хожчихвол 350 орон сууц маань яг зорилтот хэсэгт хүрэхгүй шүү дээ. Тиймээс бүртгүүлсэн иргэдийг материалыг нэг бүрчлэн шалгаж, давхардлыг арилгаж байгаа.

Мөн бүх бичиг баримтыг давхар шалгаж, манай ажилтнууд 22:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна" гэлээ.

Иргэдийн материалыг хянан шалгаж, шүүх ажил дууссаны дараа сугалааны товыг зарлах бөгөөд сугалааг цахимаар явуулж, ШӨХТГ, БХБЯ, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх аж.