МАН-ын Бага хурал хоёр дахь өдрөө буюу өнөөдөр 11:00 цагаас үргэлжлэх гэж байна.
Өчигдрийн хуралдаанаар Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын бие даагч гишүүд МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон билээ.
Харин төгсгөлд нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Удирдах зөвлөл нь 32 гишүүнтэй бөгөөд ийнхүү сул байсан суудал дээр Ц.Даваасүрэн гишүүнийг нууц санал хураалтаар сонгосон байна. Энэ шийдвэрийг өнөөдөр тогтоол гаргаж батлах юм байна.
Мөн өнөөдөр намын Бага хурлаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэлэлцэж, МАХН-тай эвсэх эсэх асуудлыг шийдэх ажээ.
МАХН-тай эвсэх тухай асуудалд МАН-ын Бага хурлын гишүүдийн санал нэлээд зөрүүтэй байгаа тухай холбогдох хүмүүс мэдээлж байгаа юм.
Бага хурал 310 гишүүнтэй бөгөөд өчигдрийн хуралд ирц нь 60 орчим хувьтай байжээ. Бусад намтай нэгдэж сонгуульд хамтарч оролцох эсэх асуудлыг Бага хурлын ердийн олонх гишүүний саналаар шийддэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!