Гадаад оронд үйл ажиллагаа явуулдаг Хойд Солонгосын рестораны арван гурван ажилчин Өмнөд Солонгост зугтаж ирсэн тухай засгийн газрын төлөөлөгч өчигдөр буюу Баасан гарагт мэдээллээ.
Хоёр Солонгосыг нэгтгэх яамнаас мэдээлснээр нэг эрэгтэй менежэр, 12 эмэгтэй зөөгчийн хамт Пүрэв гарагт Сөүл хотод оргож ирсэн байна.
Хойд Солонгосын төрийн мэдлийн гадаад дах ресторануудаас анх удаа ингэж бөөнөөрөө оргож ирсэн хэрэг гарлаа хэмээн яамны мэдээлэлд онцолжээ.
Аюулгүй байдлын үүднээс тэднийг яг аль улсаас ирснийг нууцалж байна. Өмнө нь ийм явдал нэг, хоёроороо оргож ирэх хэмжээнээс хэтэрдэггүй байсан гэнэ.
Оргож ирсэн ажилчид гадаадад байхдаа Өмнөд Солонгосын тухай телевиз, савангийн дуурь, кино зэргээс үзэж харж Пьёньяний суртал ухуулгын худлаа болохыг ойлгосон гэж ярьжээ.
Албаныхны хэлснээр оргож ирсэн ажилчид нь бүгд Хойд Солонгостоо дундаж түвшний амьдралтай, харьцангуй сайн боловсролтой хүмүүс байгаа аж.
Олон улсын хориг арга хэмжээ чангарснаар Хойд Солонгосын ресторануудад үйлчлүүлэгч эрс багасч, дэглэм нь эргээд орлогоо бууруулахгүй байх шаардлага, дарамт шахалт үзүүлж эхэлснээс ийм хэрэг гарсан байх магадлалтай байна.
Учир нь хилийн чанад дахь Хойд Солонгосын рестораны гол үйлчлүүлэгчид нь Өмнөд Солонгосчууд байдаг (80 орчим хувь) ба саяхнаас Сөүл өөрийн иргэддээ Пьёньяний мэдлийн хоолны газруудаар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулах болсон юм.
Дэлхийн 12 улсад 130 орчим Хойд Солонгосын ресторан ажилладаг гэсэн тоо бий. Тэдний ихэнх нь хуучин коммунист байсан Хятад, Орос, Монгол, Камбож зэрэг орнуудад байдаг гэнэ. Мөн нэг ийм ресторан Нидерландад байдаг аж.
Ийм рестораны тоо Ким Жон Уныг төрийн эрхэнд гарсан 2011 оноос эрс нэмэгджээ. Эдгээрээс олох орлого нь Ким Жон Уны шууд удирдлагад байдаг төрийн албанд цуглардаг тухай тагнуулынхан мэдээлсэн байдаг.
Хойд Солонгосоос гадаадад боолын хөдөлмөр эрхэлж дэглэмдээ валютын орлого оруулдаг (90 хувийг нь хураадаг) 100,000 орчим ажилчин байдгийн нэг хэсэг нь эдгээр ресторануудын ажилчид юм. Гадаад орнууд дах боолын хөдөлмөрөөс Пьёньян жилдээ $300 сая орчмыг олж түүгээрээ цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлдэг гэсэн баримт бий.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|