Нийслэлийн Аудитын газраас сонгуулийн хуулинд заасны дагуу Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох, нэр дэвших нам эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Энэ талаар тус газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Очирбат мэдээлэл хийж танилцууллаа.
Тэрбээр "2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зургаадугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болсон байгаа. Сонгуулийн тухай хуулийн 41.3 дугаар зүйлд заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээг сонгууль эхлэхээс 90 хоногийн өмнө тогтооно гэж заасан байдаг.
Ингээд НИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 1,460,000,000 төгрөг байхаар тогтоосон.
Зардлын дээд хэмжээг тогтоохдоо Үндэсний Аудитын Газраас гаргасан тооцооллын аргачлал болон Нийслэлийн бүртгэл статистикийн газраас гаргасан нийслэлд амьдарч байгаа өрхийн тоо, сонгогчдын тоо, газар нутгийн байршилтай уялдуулж зардлын хэмжээг тогтоосон байгаа.
Ингэхдээ сонгуулийн зардлын дээд хэмжээнд нөлөөлөх бүх хүчин зүйлийг тооцож үзсэн бөгөөд нэр дэвшигчийн зарцуулах зардал өссөн дүнтэй байгаа" гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын сонгууль 100 хувь пропорциональ системээр явах бөгөөд 45 тойргоос 45 төлөөлөгч сонгогдох юм байна. 2016 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар нийслэл хотод 920,421 сонгогч бүртгэгдээд байгаа ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!