ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Карл Фабержегийн АЛДРАА цуурайтуулснаас ЯДУУРАЛ хүртэл туулсан зам

Б.Ууган, iKon.mn
2016 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Карл Фабержегээс илүү алдартай гоёл чимэглэл урлаачийг хайхад тун хүнд.

Хааны гэр бүлд зориулан түүний бүтээсэн улаан өндөгний баярын өндөгнүүд өнөөдөр сая сая ам.доллараар үнэлэгдэхийн дээр үнэт эдлэлийн уран чадварын хосгүй бүтээлд тооцогддог. Харин Фаберже өөрөө асар их алдар хүндтэй болсон ч цагаачилж, мартагдаж, ядуу зүдүү амьдралаар амьдарсан хүндхэн тавилан туулсан нэгэн. 

 
 

Улаан өндөгний баярт зориулсан өндөг бүтээх санаа III Александр хаанд 1885 онд төржээ. Ингээд л тэрбээр энэхүү ариун баярт зориулсан гоёл чимэглэл урлах захиалга өгөв. Карл Фаберже цагаан паалангаар бүрсэн “Курочка” гэх өндөг бүтээжээ. Түүний дотор нь бадмаараг шигтээт нүдтэй тахиа багтаан, алтаар хийсэн “өндөгний шар” байх аж.  Ийнхүү гараа гаргаж бүтээсэн анхны өндөг нь ордныхонд ихээр таалагдаж, тэр үеэс хойш Фаберже жил бүр шинэ, шинэ бүтээлүүд урлах болжээ.

Нийтдээ 71 өндөг урласнаас 52 өндөгийг хааны гэр бүлд зориулан урласан гэдэг. Фабержегийн гоёл чимэглэлийн фирм ордны харъяанд ажиллаж, уран гартан Карл улаан өндөгний баярын бэлэг дурсгалаас гадна гоёмсог хайрцаг, гоёл чимэглэл, бүх төрлийн аксессуар урладаг болов. 

 
 
 

Фабержегийн бүтээлүүд Оросын томоохон хотуудад зарагдах болов, уран гартны ирээдүйг хүн бүр гайхамшигтайгаар төсөөлж байлаа.  Гэвч 1917 онд засгийн эрхэнд большевикүүд гарч ирснээр энэ сайхан төсөөлөл замхран одсон гэдэг. Анхандаа хувьсгал Карлад огт нөлөөлсөнгүй, түүний гэрт 7.5 сая алтан рублийн дүнтэй үнэт эдлэл хадгалагдаж байжээ.

 
 
Халдлагад өртүүлэхгүйн тулд цахилгаан гүйдэлд холбосон хуягласан сейфэнд үнэт эдлэлүүдийг хадгалдаг байсан гэдэг. Өөрийнх нь үнэт эдлэлээс гадна Фабержегийн гэрт Оросоос зөөж гаргаж болохгүй гадаадын иргэдийн үнэт зүйлс ч хадгалагддаг байж. Большевикүүд Фабержегийн гэрт ирнэ гэдэг нь хэдийнэ ойлгомжтой болсон үед тэрбээр Швейцарийн Элчинд байраа шилжүүлжээ /тухайн үед гадаадын иргэдийн өмчийг хамгаалах хууль үйлчилж байж/. Бүхий л үнэт эдлэлээ 7 чемоданд баглаж тавив. Эдгээр үнэт эдлэлүүдийн тэмдэглэл тайлбар нь 20 хуудас болж байсан гэдэг. Ингээд 1919 оны тавдугаар сар буюу большевикүүд хуулийг үл хайхран гэрт нь нэгжлэг хийх хүртэл хэн ч эрдэнэсийн талаар мэдсэнгүй. 
 
 
 
 

Фабержегийн эрдэнэс хэрхсэн талаар хэд хэдэн хувилбар бий. Бүхий л эрдэнэсүүдийг большевикүүд хурааж, дараа нь хилийн чанад руу зарсан гэх бол хэд хэдэн чемоданыг Норвегийн Элчин сайдын яам руу зөөж, тэндээс архивын мэдээлэлтэй хамт хулгайлагдсан гэсэн яриа ч байдаг.  Мөн Карл Фаберже болон түүний хөвгүүд үнэт эдлэлийн зарим хэсгийг нууц газар хадгалсан гэсэн хувилбар ч өнөө хүртэл яригддаг юм. 

 

Ямартай ч энэ явдлын дараа Карл Фаберже Оросыг орхихоос аргагүй болжээ. Түүнээс дуртай ажил, хэдэн сая хөрөнгө, гал голомтыг нь ивээгч сахиуснуудыг хүртэл хураасан байдаг. Швейцарьт ирээд тэрбээр өмнөх амьдралаа санан гансарч, туйлаас тарчиг амьдарсан гэдэг.  Карл 1920 онд нас барав.

Харин  түүний бүтээсэн гоёл чимэглэлүүд хоромхон зуур үнэгүйджээ.  Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаас л түүний бүтээлүүд эрэлт ихтэй болсон байна. 

 
 

Фабержегийн өндөгний тухай СОНИРХОЛТОЙ баримтууд 

Хааны баярын өндөг

Улаан өндөгний баяраар өндөг чимэглэх уламжлал Орост эртнээс нааш байсан. Үүнийг ч хааны гэр бүл дагажээ. Гэхдээ III Александр хаан 1885 онд өөрөө ч мэдэлгүйгээр энэ уламжлалыг зарим талаар өөрчилсөн юм. Эхнэр, хатан хаана Мария Федоровнагаа гайхшруулахын тулд нууц агуулсан өндөг хийлгэжээ.  Энэ өндөг хатан хаанд маш их таалагдаж, улмаар хаан жил бүр эхнэртээ шинэ өндөг бэлэглэх болжээ. Энэ уламжлалыг III Александрын хүү II Николай өвлөн авч, ээж болон эхнэртээ үнэт эдлэлээр хийсэн өндөг бэлэглэх болжээ. 

Хамгийн гол нь доторх гэнэтийн бэлэг

Хааны гэр бүлийн улаан өндөгний баярын гол бэлгийг бүтээдэг байсан Фаберже чөлөөтэй сэтгэж, туурвих эрхтэй байсан тул өндөгнүүдийг хүссэн сэдвээрээ урлах болжээ. Гэхдээ ганц л дүрэм үйлчилдэг, өндөг бүр гэнэтийн бэлэгтэй байх ёстой. Тиймээс л Фабержегийн өндөг бүрт бяцхан гайхамшиг нуугддаг байж. Хатан хааны титмийн очир эрдэнэсээр бүтээсэн бяцхан хувилбар, механик ажиллагаатай хун, заан, алтаар хийсэн жижигхэн ордон, хөлөг онгоц, хатан хааны сүйх тэрэг гээд өндгөн дотроос төрөл бүрийн гайхамшиг гарч ирнэ.

Петер Карл Фаберже – Европ гаралтай Орос уран гартан 

Алдарт уран гартан Фаберже 1846 оны тавдугаар сарын 30-нд Оросын Санкт-Петербург хотод төржээ. Түүний аав Густав Фаберже Эстонид төрсөн, герман гэр бүлээс гаралтай бол ээж Шарлотта Юнгштедт нь Данийн зураачийн охин байж. 1841 онд аав Фаберже нь “Гоёл чимэглэлийн уран гартан” цол хүртэн, 1842 онд Санкт-Петербург хотноо гоёл чимэглэлийн фирм байгуулжээ.  

Харин хүү Фаберже аавынхаа авьяасыг бүрэн өвлөсөн тул 1870 онд 24 настайдаа энэ фирмийг өөрөө гардан ажиллуулах болсон байна. 1882 онд Москва хотноо Бүх Оросын уран сайхан аж үйлдвэрийн үзэсгэлэн болж, чухамхүү энэ үзэсгэлэн дээр III Александр хаан Фабержегийн бүтээлүүдийг олж харсан гэдэг.  Ингээд л хүү Фаберже “Эрхэм Дээдэс хаантан болон хааны Эрмитажийн уран гартан” гэсэн цол хүртэн, хааны гэр бүлийн ивээлд багтжээ.  Улмаар Фабержегийн бүтээл Европ даяар алдаршин, Их Британи, Дани, Грек, Болгар дахь хааны угсааны гэр бүлүүд Оросын хаанаас бэлэг хүлээн авч, тэдгээрийг өв залгамжлуулан хадгалах болжээ.

Сураггүй болсон өндөг

Оросын эзэн хааны гэр бүлд нийтдээ 52 өндөг бүтээж өгснөөс долоо нь хаана байгаа нь одоо хүртэл тодорхойгүй. 1889 онд бүтээсэн нэг өндөгийг хамгийн сүүлд 1949 онд Лондонгийн нэг дэлгүүрт харсан гэх. Өнөөдөр Фабержегийн өндөг 30 хүртэлх сая ам.доллараар үнэлэгддэг. 

II Елизабета  хатан хаан Фабержегийн гурван өндөгтэй

Британий хатан хааны гэр бүлийн цуглуулгад Фабержегийн улаан өндөгний баярт зориулсан гурван өндөг бий. Эдгээр гурван өндөгнөөс “Сагстай цэцэг” нэртэй өндөг илүүтэй анхаарал татах бөгөөд энэ өндгөн дээр урласан цэцэгс шинэ мэт, гайхалтай бодит харагддаг гэнэ.

Британийн хатан хаанд байх Фабержегийн цуглуулга дэлхийд хамгийн томд тооцогддог. Энэ цуглуулгад алдартай өндөгнүүдээс гадна гоёмсог хайрцаг, жааз, амьтны дүрс гэх мэт хэдэн зуун гоёл чимэглэл хадгалагддаг гэнэ. Хэдийгээр Британийн хатан хаанд ийм их цуглуулга байгаа ч энэ нь Фабержегийн урлангаас гаргасан 200,000 гоёл чимэглэлийн эдлэлийн ердөө өчүүхэн хэсэг нь юм.

Фаберже эргэн ирсэн нь 

Хувьсгалын дараа Фаберже брэнд хэдэнтээ дамлан худалдаалагдсан. Харамсалтай нь энэхүү алдар цуутай нэрийг суултуур цэвэрлэх шингэн, шампунь, үнэртэй ус үйлдвэрлэх компани ашиглаж байжээ.  Хамгийн сүүлд 2007 онд Pallinghurst Resources  компани Фабержегийн өмнөх алдрыг сэргээхийн тулд гоёл чимэглэлийн эдлэлийг гаргаж эхлэжээ.  Үүнээс хоёр жилийн дараа Петер Фабержегийн Сара болон Татьяна гэсэн ач охидын ачаар дэлхий дахин 1917 оноос хойш анх удаа Фабержегийн чимэглэлүүдийг харсан байна. Хэдийгээр эдгээр эдлэл нь 20 дугаар зууны эхээр бүтээгдэж байсан шиг төгс биш ч өнөөдөр 8,000-600,000 ам.доллараар Фабержегийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой болжээ. 


Эх сурвалж: kulturologia.ru