Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Намайг бүлгээс гарчихвал Засгийн тогтвортой байдал яригдах учраас бодох хэрэгтэй”

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 3 сарын 23
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд халз мэтгэлцээнд дуудсан билээ. Гэвч Ерөнхий сайдаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа учир хугацааг нь сунган дөрөвдүгээр сарын 23-ны 19:00 цаг болгож буйгаа мэдэгдлээ. 

О.Баасанхүү “Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоод удаагүй байхад нь бид хоёр нэг уулзсан юм. Тэгэхэд Ерөнхий сайд “Хоёулаа нэг сайхан зодолдох уу” гэж байсан. Тэр үед би ийм балай юм хийхгүй гэдгээ өөрт нь хэлж байсан. Тийм юм ярих ч хэрэггүй. Хамгийн гол нь сайхан мэтгэлцэх хэрэгтэй байна” гэсэн юм.  

Мөн тэрбээр сүүлийн өдрүүдэд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар МАХН болон МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гарч буйгаа мэдэгдсэнээс хойш О.Баасанхүү гишүүнийг тэдэнтэй нэгдэж, эвслийн тараана гэсэн мэдээлэл гараад байгаа. Тиймээс О.Баасанхүү гишүүн энэхүү мэдээлэлд албан ёсны хариу өглөө. 

Тэрбээр энэ талаар “Бүлэг задарвал Засгийн газар огцорно. Хуульд зааснаар 39 гишүүнтэй нам Засгийн газар байгуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг. 39 гишүүнтэй нам байхгүй бол олонх болсон нам нь бусад намдаа санал тавиад бүлгээр хэлэлцээд сайдуудаа томилдог. 

“Шударга ёс” эвслийн бүлгээс Шадар сайдад Н.Энхбаяр даргыг, Эрүүл Мэнд Спортын сайдад Ц.Оюунбаатарыг жинхлэх шийдвэр гаргасан. Хэрвээ бүлэг байхгүй болчихвол тэр бүх шийдвэр хүчингүй болно гэсэн үг. Хэлэлцээр хийсэн нэг тал нь байхгүй болчихвол Засгийн газрын чадамжийн асуудал ч яригдана. Засгийн газрыг чадамжтай юу үгүй юу гэдгийг УИХ-аар оруулж шийдвэр гаргана.   

Ийм зүйл болохыг урьдчилаад харсан болохоор Л.Цог дарга, Г.Уянга гишүүн нартай гурвуулаа бүлгээс гаръя гэж ярьж байх үед “Би хэрэггүй. Ард түмнээ бодъё, Засаг байхгүй болсноор юу өөрчлөгдөх юм" гэж байсан. Хэрвээ би бүлгээс гарчихвал Засгийн газрын тогтвортой байх асуудал яригдах учраас үүнийг бодох хэрэгтэй. 

Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн чадамжийн асуудал маш түвэгтэй болсон байгаа.  Бүлгийн даргатай үгүй нь мэдэгдэхээ больсон” гэлээ.