Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг долоодугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны долоодугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Энэ оны долдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4,000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана. Дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг долдугаар сарын 11-15 гэж заасан байна.
Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
