Г.Солонго: Нэг удаагийн сав, баглаа боодлын дахин боловсруулагддаг шинж чанарыг ухаалгаар ашиглавал байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж чадна

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 47 минутын өмнө
ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орчин үеийн хэрэглэгчид аливаа бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо байгаль экологид ээлтэй, дахин боловсруулах боломжит хэрэглээг чухалчлан үзэх болжээ. Энэ утгаараа нэг удаа ашиглаад хаягдал болгох бус дахин боловсруулж эргэлтэд оруулах хэрэглээ рүү шилжиж байна. 

Тэгвэл бидний өдөр тутмын өргөн хэрэглээ болсон ус, ундааны савлагааг дахин боловсруулах боломжийн талаар Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн ХХҮДС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Солонготой ярилцсанаа хүргэж байна. 



-Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодолд тавигдах чанар стандарт болон байгаль экологид ээлтэй байх шийдлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэл бүтээгдэхүүний чанарыг хадгалж хамгаалах хамгийн чухал үүргийг сав баглаа боодол гүйцэтгэдэг. Түүгээр зогсохгүй тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээлэл агуулж, сурталчилгаа болох зэрэг олон талын ач холбогдолтой. 

Хэрэглээний түвшнээс хамааруулан хүнсний сав баглаа боодлыг анхдагч, хоёрдогч, гуравдагч гэж ангилна.

  • Тухайн хүнсний бүтээгдэхүүнтэй гадаргуугаараа шууд хүрэлцэж байгааг анхдагч савлагаа гэнэ. 
  • Анхдагч савлагаанууд нийлээд багцын савлагаа болдог. Энгийнээр тайлбарлавал арван бүтээгдэхүүн нийлж нэг хайрцагт ордог шүү дээ. Үүнийг багцын савлагаа буюу хоёрдогч савлагаа гэнэ.
  • Бүтээгдэхүүнийг тавих тавиур, авч явахад зориулсан тэрэг зэрэг нь гуравдагч савлагаа юм. 

Эдгээрээс үзвэл тухайн хүнсний бүтээгдэхүүнтэй гадаргуугаараа хүрэлцэж байгаа учраас анхдагч савлагаанд ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын маш өндөр шаардлага тавигддаг. Орчин үед аль ч түвшний савлагааг уламжлалт гэж болох шил, цаас, мод,  металлаас гадна хуванцар материал ашиглан хийж байна.

Бүх төрлийн савлагааны материал нь давуу болон сул талтай. Жишээлбэл шилэн савлагаа тунгалаг учраас дотор нь агуулагдаж байгаа бүтээгдэхүүний төлөв байдал, шинж чанарыг хэрэглэгч гаднаас нь хараад үнэлэх боломжтой. Ингэснээр хэрэглэгчдийн сонголтод чухал нөлөө үзүүлдэг.

Мөн шилэн сав химийн хувьд харьцангуй инерт буюу бүтээгдэхүүнтэйгээ урвалд орж чанарт нь нөлөөлөх эрсдэл бага гэх мэт давуу талууд олон боловч хэврэг материал учраас хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын явцад хагарч гэмтэж мэднэ. 

-Харин эсрэгээрээ хуванцар савлагааг авч явахад авсаархан хагарч, гэмтэх эрсдэл харьцангуй бага байх, тийм үү? 

-Тийм ээ. Энэ төрлийн материал маш хөнгөн. Техник технологийн дэвшлийн дүнд илүү боловсронгуй болж байна. Жишээлбэл, сүүлийн 20 жилд 1.5 литрийн усны хуванцар савны жин 40 граммаас 24 грамм хүртлээ буурсан. Гэтэл яг ийм хэмжээний багтаамжтай шилэн савлагаа 700 грамм байх жишээтэй.

-Орчин үед ус, ундааг хадгалахад ямар төрлийн хуванцрыг өргөн ашиглаж байна вэ? 

-Судалгааны материалаас харвал савласан ус, ундааны зах зээл нь дэлхийн PET (Polyethylene Terephthalate) хуванцрын эрэлтийн 80 гаруй хувийг эзэлдэг. 

Учир нь энэ нь маш тунгалаг, хөнгөн, хагарч цуурах эрсдэл бага, харьцангуй бат бөх, бусад хуванцартай харьцуулахад химийн хувьд идэвх сул, чийг болон нүүрсхүчлийн хий тусгаарлах чадвар сайн, дахин боловсруулах боломжтой гэх мэт давуу тал ихтэй. Тэр утгаараа PET-ийг өргөн хэрэглэдэг. 

зураг
 

-Нэг удаагийн хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдлын түвшин дэлхий нийтээр нэмэгдэх хандлагатай боллоо. Тэгвэл байгаль экологид ээлтэй байх талаас нь ямар боломжит технологийг ашиглаж байна вэ? 

-Бага хэмжээгээр савласан усны зах зээл улс орнуудад маш өндөр байдаг. Энэ нь нэг удаагийн хэрэглээ учраас их хэмжээний хуванцар савны хаягдал үүсэж байна. Ийм ч учраас хуванцрын хаягдлыг бууруулах, тойрог эдийн засгийг дэмжих зорилгоор  үйлдвэрлэгчид дахин боловсруулсан PET (rPET) савлагаа руу эрчимтэй шилжиж байна.

Дан ганц ус, ундаа гэлтгүй хүнсний савлагаанд ашиглаж буй хуванцар материалуудыг эх үүсвэр болон шинж чанараас нь хамаарч олон янзаар ангилж болдог.

Тухайлбал,

  • Термосет- дахин боловсруулах боломжгүй
  • Термопластик- дахин боловсруулах боломжтой

Жишээ нь PET нь нэг төрлийн термопластик хуванцар учраас дахин боловсруулах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түүнийг халаахад хайлдаг, хөргөхөд хэлбэрждэг шинж чанар дээр нь үндэслээд дахин боловсруулах аргыг дэлхийн олон оронд хэрэглэж байна. 

-Энэ төрлийн хуванцрын дахин боловсруулагддаг шинж чанарыг нь ашиглаж чадвал байгаль экологид үзүүлэх нөлөөллийг тэр хэмжээгээр бууруулах боломжтой байх.

-Өдөр тутмын өргөн хэрэглээгээ дагаад их хэмжээний хаягдал хуванцар үүсэж байгаа учраас дахин боловсруулах нь байгаль дэлхийд учруулах ачаалал дарамт, сөрөг нөлөөллийг төдий чинээгээр бууруулж байгаа.

Судалгааны материалаас харахад нэг фунт буюу ойролцоогоор 0.45 килограмм PET-ийг дахин боловсруулж ашиглах нь тэр хэмжээний PET шинээр үйлдвэрлэсэнтэй харьцуулахад хүлэмжийн хийн ялгарлыг 70 орчим хувиар, эрчим хүчний зарцуулалтыг 80 гаруй хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол бий.

Иймд чанар, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хуванцрыг дахин боловсруулж хэрэглэх процесс нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын салшгүй нэг хэсэг юм.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-Дахин боловсруулсан хуванцрыг хүнсний савлагаанд хэрэглэвэл чанар аюулгүй байдалд ямар нэгэн нөлөө үзүүлэх үү. Энэ талаар мэргэжлийн хүний үүднээс тайлбар өгнө үү? 

-Тухайлбал PET хуванцрыг дахин боловсруулж, хүнсний болон хүнсний бус зориулалтаар ашиглаж болохуйц чанар стандартын шаардлага хангасан материал гаргаж авах боломжтой. Тухайлбал, Америкийн FDA, Европын EFSA гэх мэт холбогдох стандарт хангасан нөхцөлд  хүнс болон ус, ундааны савлагаанд ашиглах боломжтой, тиймээс ямар нэгэн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулна гэж шууд хэлэх нь өрөөсгөл.

Нөгөө талаас хэрэглэгчдийн зөв, соёлтой хэрэглээ чухал хүчин зүйл болдог. 

-Зориулалтын сав баглаа боодлыг зориулалтаар нь ашиглаж хэвшвэл сөрөг нөлөөлөл үүсэхгүй гэж ойлгох уу? 

-Тийм ээ, хэрэглэгчдийн зөв хэрэглээ чухал. 

Жишээ нь PET хуванцрыг ус, ундааны савлагаанд өргөн ашиглаж байгааг дээр дурдсан. Усны савлагаанд ашиглана гэдэг бол хүйтэн, сэрүүн нөхцөлд хадгалах зориулалттай гэсэн үг. Ийм төрлийн савлагаатай бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд халаах зэргээр зориулалтын бусаар ашигласнаас үүдэн дулааны задралд орно. Ингэж дулааны задралд орсноос үүсэх химийн нэгдэл хүнсний бүтээгдэхүүнд шилжих эрсдэлтэй.

Иймд зөвхөн ус, ундааны зориулалттай бол тэр зориулалтаар нь л хэрэглэнэ үү гэхээс, өндөр градуст халаах болон зориулалтын бусаар ашиглах ёсгүй. 

Хүнс болон эм нь хүний биед шууд үйлчилж байгаа гэдэг утгаараа чанар стандартад өндөр шаардлага тавигддаг. Түрүүн хэлсэнчлэн стандарт шаардлагыг хангасан нөхцөлд л хүнсний бүтээгдэхүүнийг савлахыг зөвшөөрдөг.

Тэгэхээр хэрэглэгчдийн мэдлэг, хэрэглээний соёл маш чухал. Мөн үйлдвэрээс    хэрэглэгчийн гарт очих хүртэл хэрхэн яаж хадгалж, тээвэрлэж байгаа нөхцөл нь бүтээгдэхүүний чанарт шууд хамаатай. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийг бидний жишээ аван ярьж байгаа ус, ундааг үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, хадгалах бүх шатанд технологийн горимыг алдагдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй. 

-PET хуванцрыг дахин боловсруулахад өнгөний бууралт ажиглагддаг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх үү? 

-Дахин боловсруулсан хуванцраар хийсэн усны сав өнгөний хувьд бага зэргийн бууралттай харагддаг. Энэ нь угтаа дахин боловсруулалтын үеийн өндөр температур, механик үйлчлэл (стресс)-ийн улмаас тухайн полимерийн бүтэц нь бага зэргийн өөрчлөгдсөнтэй холбоотой. Тиймээс өнгөний өөрчлөлтөөс нь хараад тухайн дахин боловсруулсан хуванцрыг шууд муу гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт.

-Дахин боловсруулсан ус ундааны сав чанар стандартын шаардлагыг хангасан бөгөөд аюулгүй гэж ойлгож болох уу? 

-Дэлхийн олон оронд бүтээгдэхүүний термопластик хуванцар сав баглаа боодлыг дахин боловсруулж эргээд хүнсний болон хүнсний бус зориулалтаар ашигладаг туршлага бий.

Дан ганц PET савлагаа бус бусад төрлийн материалд ч хүнсний бүтээгдэхүүнтэй шууд харьцаж байгаа гэдэг утгаараа чанар стандартын өндөр шаардлага тавигддаг.

Технологи горимын дагуу дахин боловсруулсан, дээр хэлсэнчлэн холбогдох стандарт шаардлагыг хангасан хуванцар савлагаа нь хүнстэй харьцахад ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж үзээд дэлхийн хөгжингүй оронд дахин боловсруулсан хуванцар PET савлагааг ус ундааны болон бусад зориулалтаар ашигладаг туршлага байна.

Тухайлбал, Coca-Cola, Sprite зэрэг ус, ундааны томоохон брэндүүд Европ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад ундаагаа rPET саванд савлаж байна. Мөн жимс, ногоо, өндөг, тараг гэх мэт өдөр тутмын хүнснээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудыг дахин  боловсруулсан хуванцар сав баглаа боодолд савлаж байна.

-Энэ төрлийн хуванцрыг дахин боловсруулж буй шат дамжлагыг энгийнээр тайлбарлана уу? 

-Дахин боловсруулах нь маш нарийн процесс. Энэ процессын хамгийн түгээмэл ашиглагддаг аргыг нэрлэвэл механик арга, нөгөөх нь химийн арга юм. 

Механик аргыг тайлбарлавал ашиглагдсан хуванцар савнуудыг цуглуулах, ангилах, угаах, хатаах, бутлах, өндөр температрт хайлуулах үе шатуудаас бүрдэнэ.

Полимер нэгдэл гэдэг нь олон тооны мономер нэгжээс тогтсон өндөр молекулт нэгдэл юм. Энгийнээр хэлбэл, мономер буюу жижиг нэгж молекулууд хоорондоо полимержих болон поликонденсацийн урвалд орсноор полимер материалыг үүсгэдэг. Химийн дахин боловсруулах арга нь эдгээр полимерийг анхны нэгж мономер эсвэл олигомер  хүртэл задалж, улмаар дахин полимержуулан шинэ материал үүсгэх үйл явц юм. Иймээс химийн аргаар дахин боловсруулсан хуванцар нь шинээр үйлдвэрлэсэн хуванцартай чанарын хувьд дүйцэхүйц байдаг. Гэвч өртөг өндөр байх талтай.

-Хуванцар савлагаануудаас хүнсэнд ямар төрлийг нь хэрэглэж байна вэ? 

-Хуванцар савлагаа нь зөвхөн PET-ээр хязгаарлагдахгүй. Хэрэглэгчид хуванцар савлагааг тоон систем буюу 1-7 тэмдэглэдгийг мэдэх байх. Эдгээр хуванцраас 3, 6, 7-г хүнсэнд хэрэглэхийг хориглодог . Харин бусад төрлүүд нь хүнстэй харьцахад аюулгүй гэж үздэг. Бидний жишээ авч ярьсан PET нь нэг гэсэн тэмдэглэгээтэй. 

зураг
 

-Агуулж байгаа хүнснийхээ чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхад аль төрлийн хуванцар илүү тохиромжтой вэ? 

-Ихэнх хүнс нь тэдгээрийн савлагааны материалтайгаа тодорхой хэмжээгээр харилцан үйлчлэлцдэг. “Харилцан үйлчлэл” гэдэг ойлголтонд бүтээгдэхүүн болон түүний сав баглаа боодол, хүрээлэн буй орчны хооронд явагдаж буй бүх масс шилжилтийн нийлбэрийг хамааруулж үздэг. Хүнс болон түүний полимерин сав баглаа боодлын хоорондох харилцан үйлчлэлийг масс шилжилтийнх нь чиглэлээс хамааруулж шилжилт, шингээлт болон нэвтрэлт гэж ангилдаг.

Шилжилт гэдэг нь полимерэн савлагааны материалын бүтцийн зарим хэсэг хүнс рүү шилждэг бол шингээлтийн үед хүнсний зарим бүрэлдэхүүн хэсэг сав баглаа боодол руугаа шилждэг байна. Жишээлбэл, бидний сайн мэддэгчлэн тос ихтэй бүтээгдэхүүнийг цаасанд бооход тос нь нэвчдэг шүү дээ. Харин нэвтрэлтийн үед сав баглаа боодлоос хоёр чиглэлд масс шилжилт явагддаг.

Сүүлийн жилүүдэд савлагааны дэвшилтэт технологиуд нэвтэрснээр яавал агуулж буй бүтээгдэхүүнийхээ шинж чанарыг сайжруулахад энэхүү харилцан үйлчлэлийг ашиглаж болох вэ гэдэгт анхаарч байна. Нэгэнт ийм харилцан үйлчлэл явагддаг юм бол савлагааны материалд нь зориудаар тухайн хүнсний бүтээгдэхүүний шинж чанарыг сайжруулах үйлчлэлтэй нэгдлүүдийг нэмбэл хадгалалтын хугацаа болон чанарт сайнаар нөлөөлнө.

Жишээлбэл тос ихтэй бүтээгдэхүүнийг савлахад савлагааны материалд тосны исэлдэлтийг удаашруулдаг, исэлдэлтээс хамгаалдаг антиоксидант нэмэлтүүдийг хийвэл тэр хэмжээгээр тухайн бүтээгдэхүүн исэлдэлтээс болж муудахгүй гэсэн үг. Жишээлбэл, самар дотор хүчил төрөгч шингээгч гэж жижиг дөрвөлжин пакет байдаг шүү дээ.

Энэ мэтчилэн орчин үед савлагааны дэвшилтэт технологиуд хүнс үйлдвэрлэлд аль хэдийн нэвтэрчээ.

 

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа