Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТАРАГ УУХЫН АЧ ХОЛБОГДОЛ

МОНСУДАР
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Үнээ, хонь, ямааны сүүг хөрөнгөлж бүрсэн исэг идээг тараг гэнэ. Зарим газар ингэн сүүгээр бүрсэн тараг ч байдаг. Богийн сүүний тараг уураг, тос болон эрдэс бодис ихээр агуулж нийт хуурай бодисын хэмжээ их тул өтгөн бөгөөд элгэн болдог.

Хонин тараг мөн адил өтгөн идэнгэтэй боловч хүний биед зохимж муутай учраас хонины сүүг үнээ эсвэл ямааны сүүтэй хольж тараг бүрэх нь бий.

Ач холбогдол: Таргийг цусан суулга, ходоодны шүүсний багадалт, судлын ханын хатуурал, элэг цөсний эмгэг, арьсны янз бүрийн өвчнийг илааршуулахад тустай гэдэг. Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай.

Шим тэжээл: Ямар малын сүүгээр бүрснээс хамаарч таргийн шим тэжээл харилцан адилгүй байна.

 Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Таргийн тос, уураг, нүүрс болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэйгээ ойролцоо байдаг.

Хэрэглээ: Таргийг дангаар хэрэглэнэ. Ингэхдээ чихэр, бурам, ээзгий зэргийг нэмж хачирлан, амт чанарыг нь нэмэгдүүлдэг.

Мөн уураглаг идээ үүний дотор ааруул, хурууд болон шимийн архины түүхий эд болно. Зарим нутагт таргийг сүүгээр шингэлэн, хоршиж уудаг.

Хийж бэлтгэх: Малчин айл, өрх бүр таргийн хөрөнгөтэй байдаг бөгөөд хөрөнгөө цэврээр хадгалах нь хамгийн чухал. Хөрөнгө бий болгохдоо сайхан бүрэлдсэн таргаас бага зэргийг таслан авч цэвэр даавуу уутанд хийж шүүгээд, аарц, эсвэл ааруул хийж хатаагаад, хөлдөөж хадгалах арга байдаг.

Хатааж хөлдөөсөн таргийн хөрөнгийг 40-45°С хэмийн халуун бүлээн сүүнд хийж зөөлрүүлээд, нухаж жигд өтгөвтөр аарц болгоно. Түүнээс бага зэргийг таслан авч, дахин давтан тараг бүрсээр аажмаар өвлийн турш хадгалсан таргийн хөрөнгийг сэргээдэг. 

Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлээд, 40-45°С хэм хүртэл хөргөж /өрмийг нь авсан сүүгээр тараг бүрэхэд энэ хэм хүртэл халааж/ сүүний 5%-ийн хэмжээгээр таргийн хөрөнгийг хийж, шуугьтал самарч дулаан газар амраадаг.

Орчны дулаан, хөрөнгийн орц, найрлага, сүүний онцлог зэргээс хамаарч тараг 4-8 цагийн дотор бүрэлдэнэ.

Сайхан бүрэлдсэн тараг бужмаг, язмагтсан зүйл байдаггүй бөгөөд малын элэг шиг хөшчихсөн өтгөн байдаг учир элгэн тараг хэмээн нэрийддэг. Элгэн тараг нь жигд, нягт, шар сүү ялгараагүй байдаг.

Таргийг бүрэлдсэн даруйд нь хөргөхгүй бол шар ус ялгарч ээдэм нягтран тунаж, тараг сагаж эхэлнэ. Сагасан тараг их исгэлэн, гашуун болдог. Тараг нь яс бэхжүүлэх, хоол шингээх, нойр хүргэх зэрэг олон талын ач холбогдолтой цагаан идээ юм. 

Монгол нүүдэлчдийн тайлбар толь 2-р боть “Идээ ундааны тайлбар толь” номоос бэлтгэв.