“Хавдрын эсрэг үндэсний аян” хэрэгжүүлэгч байгууллагууд аяны товыг зарлаж, хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ
ХААН Банк Сан, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ээс “Хавдрын эсрэг үндэсний аян”–г 6 дахь жилдээ хэрэгжүүлэхээр 02-р сарын 24-ний өдөр хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл гэрээг үзэглэн, аяны товыг зарлалаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, МҮОНРТ-ийн дэд захирал Д.Энхтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Монгол улсад хавдрын өвчлөл дэлхийн бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд хөдөө орон нутгийн иргэд эрүүл мэндийн боловсрол дутмаг, хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаггүйгээс хавдрын хожуу буюу төгс эмчлэгдэх боломжгүй үе шатандаа оношлогдох тохиолдол их байгаа юм.
Иймд ХААН Банк, ХСҮТ, МҮОНРТ-ээс хамтран хавдрын өвчлөл өндөртэй алслагдсан аймаг сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах, эрсдэлт бүлгийн хүн амд үзлэг оношилгоо хийж, хавдар өвчнийг эрт илрүүлэх зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-г өнгөрөгч 5 жилийн хугацаанд зохион байгуулж ирсэн билээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян” хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр болж байгаа нь аяны үр дүнгээс тод харагддаг. Өнгөрсөн хугацаанд ХААН Банк 720 гаруй сая төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2000 гаруй ажилтнуудаа сайн дурын идэвхтнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээсэн.
Мөн тус аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Монгол орныг бүхэлд нь тойрч 90,000 гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулан 403 яаралтай мэс заслыг орон нутагт нь хийж, 5400 гаруй эмч мэргэжилтэнд ур чадварын сургалт зохион байгуулсан юм.
Ийнхүү 2016 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-г Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Завхан, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Ховд аймгуудад зохион байгуулахаар боллоо. Энэ жилийн аяны үеэр уламжлалт үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ хорт хавдрын эрт илрүүлэг, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, чанд авиан оношилгооны чиглэлээр бүсчилсэн сургалтанд зэргэлдээх аймгуудын сум, өрхийн эмч нарыг хамруулахаар төлөвлөөд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

