-Хөндөх сэдэв-
Гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж буй технологийн дэвшлийн хэрэглээ бидний амьдралд хэтийдэж байна. Ухаалаг утас, цахим орчны хэт их хэрэглээ эрүүл мэнд, эд хөрөнгө зэргээр хохироосон уу гэхээс сайн зүйл лав авчирсангүй.
Тэгвэл энд өсвөр насныхныг хэтэрхий их “соёлжуулж” байгаа ээлжит асуудлыг онцолж байна. Энэ бол жижиг чанга яригч буюу чихэвч. Энэхүү төхөөрөмжийг 1910 онд Солт Лейк хот дахь Baldwin радио компанийг үүсгэн байгуулагч “Baldy утас” нэртэйгээр анх зах зээлд нийлүүлж байсан бол өнөөдөр дэлхий дахинаа түгэн дэлгэрч, хүн бүрийн хэрэглээ болж өргөжжээ.
Гудамж, нийтийн тээвэр, номын сан сургууль гээд ер нь хааш ч явсан залуус чихнээсээ “уядаг” ганц зүйлтэй болчихсон. Хэн нэгэн юм асуухаар анзаарах сөхөө алга. Дөхөж очил нудрахгүй л бол нүд нь гөлийж, оюун санаа нь хаана явна гэмээр залуус хэтэрхий олширчээ.
Энэ хэрээрээ гэр бүл, найз нөхдийн “амьд” харилцаа ч алдагдаж байна. Аргагүй шүү дээ, найман настай балчраас наян настай буурал хүртэл ухаалаг утас, цахим ертөнцөөс салахаа больсон цаг.
Тэгвэл бидний ах, дүү, найз нөхдийн өдөр тутмын хэрэглээ болсон чихэвч сонсгол бууруулж, улмаар дүлий болгох аюултай гэдгийг эмч нар хэлж байна. Хамгийн гол нь чихэвч их зүүснээр, мөн чихэвчний хөгжмийг чанга сонссоноос болсон сонсголын бууралт дахиад сэргэдэггүй аж. Тэгэхээр өдөр, шөнө, өглөө үдшийг ялгахгүй чихнээсээ чихэвч зүүж явдаг хүмүүс нэг л мэдэхэд сонсголын аппарат зүүх нь.
Нэгэнт сонсголын аппарат зүүх хэмжээнд хүрчихвэл хүний хэлснийг олигтой сонсохгүй. Юун хөгжим сонсох манатай. Дээр нь чихэвчнээс гадна бухимдал, гадна орчны шуугиан сонсголыг муутгадаг. Өөрөөр хэлбэл манай улс ногоон байгууламж, хотжилж муутай учраас бидний сонсгол аажмаар буурч байна гэсэн үг.
Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээж дахин сэргэхээргүй болгох аюултай гэнэ.
Бусад оронд хурдны замаас эхлээд ногоон байгууламж их байдаг зэргээр дуу шуугианы хамгаалалттай байдаг аж.
Тиймээс хотжилт муутай, хором бүрт бухимдмаар нийгэмд амьдарч хүссэн хүсээгүй сонсгол муудаж байгаа дээрээ чихэвчний хөгжим сонсч гал дээр тос нэмээд яахав. Хожим хүн амсахаасаа өмнө хэтийдсэн хэрэглээгээ хязгаарласан нь зөв алхам болно.
IPod, MP3, төрөл бүрийн утас гээд чихэвчээр дуу хөгжим удаан хугацаагаар сонсох, хэт чанга сонсох нь сонсголын мэдрэлийн хүлээн авах хэлбэрийн сонсгол муудах, дүлийрэх шалтгаан болдог байна. Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээж дахин сэргэхээргүй болгох аюултай гэнэ.
Тухайлбал, Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг децибелээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 дБ байхад онгоц буух үеийн дуу чимээний түвшин 110 дБ байх жишээтэй.
Гэтэл MP3, IPod-ны чангаруулагчийн дээд түвшин 120 дБ байдаг байна. Тэгэхээр хөгжмөө дууны түвшний эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг юм.
ДЭМБ -аас гаргасан баримтаар 85 дб хэмжээний чангаар нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоожээ. Мөн чихэвчний хөгжимнөөс болж дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгаа аж.
Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр наснынхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 10 гаруй жилийн дотор таван хувь өсчээ. Тиймээс үүнтэй тэмцэхийн тулд өдөрт нэг цагаас илүү хугацаагаар чихэвчээр дуу сонсохгүй байх, дууных нь төвшнийг 60 хувиас хэтрүүлэх байх шаардлагатай юм.
Мөн 30 минут дуу coнссон бол хоёр цаг амраас ёстой гэнэ. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг тул хүүхдийг аль болох цөөн цагаар, бага түвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх хэрэгтэй.
Харин манай өсвөр үеийнхэн өдөрт хамгийн багадаа зургаагаас дээш цаг чихэвчний хөгжим сонсдог бөгөөд зарим нь шөнө чихэвчээ чихнээсээ салгахгүй унтдаг байна. Бид хот, хөдөөгийн өсвөр үеийнхний төлөөллийн сэтгэгдлийг сонссон юм.
Дунд ангийн сурагч Ц.Батбилэг:
-Манай хичээл өглөө 8:30 цагаас ороод үдээс хойш тардаг. Завсарлагаан болон зарим сонирхолгүй хичээл дээр чихэвчний хөгжим сонсдог.
Хичээлийн зав чөлөө болон сургууль, гэр хоёрынхоо хооронд сонсдог гээд тооцоод үзэхээр ойролцоогоор өдөрт 4-5 цаг чихэвчний хөгжим сонсдог. Манай найзууд ч гэсэн байнга чихэвч сонсдог. Заримдаа гэртээ амрах, усанд явах гээд үүнээс олон цаг ч сонсоно. Гэхдээ хамгийн чанга дээр нь сонсдоггүй.
Ахлах ангийн сурагч Г.Мөнхбилэг
-Ер нь бол гэртээ ирж, очих гээд автобусанд үедээ байнга чихэвчний хөгжим сонсдог. Автобусанд хөгжим сонсоод явахаар хүмүүсийн маргаанаас эхлээд янз бүрийн хэрүүл сонсохгүй амар байдаг юм.
Сүүлийн үед хүүхдүүд хэн нь үнэтэй чихэвч зүүснээрээ өрсөлдөх болсон. Ер нь дундаж нь 10-20 мянган төгрөг үнэтэй чихэвч зүүдэг юм. Миний хувьд гадуур явахдаа болон орой өрөөндөө ороод чихэвч сонсч байгаад унтчихдаг юм. Өглөө хөгжим нь дуугарч л байдаг.
Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Үүний тулд эхлээд тархиа нам дуунд дасгах ёстой. Хамт яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гap утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|