Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхий л чадлаараа хичээх болно"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын ДЦС-4 Японы Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтарсан "Үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Тус ёслолын арга хэмжээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, ДЦС-4-ийн Гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, төслийн ажлыг хариуцсан компаниудын төлөөлөл болон холбогдох хүмүүс оролцлоо.

ДЦС-4-ийн үр ашгийн дээшлүүлэхийн тулд Японы засгийн газар, Жайка Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр 4.2 тэрбум иенийн төсөл хэрэгжүүлэхээр 2013 оны арваннэгдүгээр сард зээлийн хэлэлцээр байгуулсныг 2014 оны нэгдүгээр сард УИХ соёрхон баталсан.

Төслийн хүрээнд хоёр багц ажлыг хэрэгжүүлэх бөгөөд эхний багц ажлыг Японы Yokogawa компани, хоёр дахь багц ажилд Японы MНPS компани хариуцаж ажиллахаар болжээ.

Тус төслийн үр дүнд:

  • Уурын турбины механик тохируулгын системээс хамаарсан зогсолт 100 хувь буурах
     
  • Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийн хэмжээ 2019 он гэхэд 18 хувиар нэмэгдэх
     
  • Нүүрсний зарцуулалтын хэмжээ 8 хувиар буурч, хүлэмжийн хий ихээхэн хэмжээгээр буурах
     
  • Тоноглолын горим үйл ажиллагаа тогтворжиж, аваар саатал гарах нөхцөл буурах
     
  • Ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх гэх мэт олон сайн үр дүнтэй.

Төслийн хэрэгжих хугацаа: 2018 он дуустал

Төслийн өртөг: 4.2 тэрбум иен.

Нээлтийн үеэр албаны хүмүүсийн хэлсэн үг
Гэрэл зургийг MPA.mn

ДЦС-4-ийн Тэргүүн дэд захирал М.Амарбаясгалан "4-р цахилгаан станц бол МУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувь, УБ-хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг нийлүүлдэг бөгөөд эрчим хүчний салбартаа тэргүүлэх үйлдвэр юм.

ДЦС-4 нь ЖАЙКА-тай анх 1991 онд Япон улсын ЗГ-ын буцалтгүй тусламжаар нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээс хойш, Японы ЗГ-ын буцалтгүй тусламжийг хоёр удаа, хөнгөлөлттэй зээлийг хоёр удаа тус тус хэрэгжүүлж байсан түүхтэй. Одоог хүртэл Японы ард түмнээс нийтдээ 13.4 тэрбум иенийн төслийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 

Энэ нь манай улсын эрчим хүчний салбарын хүнд үед оруулсан үнэ цэнэтэй, хөгжил дэвшил авчирсан, хөрөнгө оруулалт байсан гэдгийг хэлэхэд таатай байна.

Бид төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхий л чадлаараа хичээх болно"

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми "Энэ удаагийн иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих ДЦС-4 дээр хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөдөө манай байгууллагын зүгээс талархал илэрхийлж байна"

Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт "Энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээг хэрэгжүүлэх гэж буйд та бүхэндээ талархаж байна.

Хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хувьд томоохон онцлох үйл явдал болж байна.

Япон улс нь манай улсын шилжилтийн үеүдэд буюу 1990-ээд оны үеэр эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудад томоохон хөрөнгө оруулалтыг хийж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн нь манай улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай хангамжийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг үзүүлж байсан.

Монгол Япон хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд ДЦС-4-ТӨХК-д хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд:

  • 1995-2004 онуудад 4.5 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр тус станцын нэгдүгээр ээлжийн шинэчлэлтийн төсөл
     
  • 2001-2008 онуудад 6.1 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр хоёрдугаар ээлжийн шинэчлэлтийн төсөл зэргийг амжилттай хэрэгжүүлсэн.

Дээрх төслүүдийн хүрээнд хийгдсэн станцын техник, технологийн шинэчлэлт нь одоог хүртэл тус станцын тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чухал үүргийг гүйцэтгэж байна.

Одоо эхэлж байгаа гуравдугаар ээлжийн 4.2 тэрбум иенийн зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл ихээхэн үр дүнтэй болно гэдэгт найдаж байна" гэлээ.