Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордныг оллоо

Т.Батсайхан, Зууны мэдээ
2016 оны 2 сарын 6
Зууны мэдээ
Зураг зураг

Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн малтлагаар 1,000 гаруй түүхийн ховор эд өлгийн зүйл олсноо зарлалаа. 2015 онд есөн улсын судлаачидтай хамтран 33 суманд малтлагын ажил хийж дээрх зүйлсийг олжээ. 
Чулуун зэвсэг болон хүннүгийн үеийн бууц, булш, буган хөшөө, Сяньби Жужан Түрэгийн хот, суурин зэрэг түүхийн үнэт өв болсон хэсгүүдэд судалгааны ажлаа явуулсан байна. 

Тухайлбал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Их Монгол Улсын анхны нийслэл болох Аваргын балгаснаас төмөрлөг хайлуулдаг зуух нээн олжээ. Энэ нь Хүннүгийн үеийн олдвор болохыг тогтоосон байна. Мөн эртний Сяньби нарын бүтэн булшийг Баян-Өлгий аймгаас олсон, Хүннүгийн шавар ваарны урлагийн олон шинэ олдворыг нээсэн нь Төв Азийн эртний соёлын хэлхээ холбоог илэрхийлэх чухал баримт болсон гэдгийг судлаачид онцолж байв. 

Одоогоор Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Өндөр гэгээн Занабазарын Сарьдагийн хийд судлаачдын анхаарлын төвд байгаа юм. 1950-аад оноос хот суурингийн судалгаа эхэлсэн ч 17 дугаар зуун буюу монголчууд Манж чин улсад дагаар орохын өмнөх үеийн хот суурингийн судалгаа учир дутагдалтай байжээ. 

Харин өнгөрсөн жилээс археологичид шинэчлэл хийн, 17 дугаар зууны үеийн хот суурингуудад малтлага хийж эхэлсэн байна. Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаар ахлуулсан баг Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Сарьдагийн хийдэд гурван сарын турш ажиллажээ. 

Тэд Өндөр гэгээн Занабазарын хийцийн 3,000 орчим шавар бурхан, 17 дугаар зууны Монгол цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг тухайн үеийн Монголын түүхийг хадгалсан олон эд өлгийн зүйлийг олжээ. Мөн энэхүү судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийг Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байсан гэдгийг нотлоод байгаа ажээ. 

Одоогоор олдворуудыг Түүх Археологийн хүрээлэнд хадгалж сэргээн засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард үзэсгэлэн гарган олон нийтэд танилцуулах юм байна.


Мөн Түүх археологийн хүрээлэнгийн өнгөрсөн онд хийсэн нэгэн сонирхолтой малтлагыг Монгол Солонгосын хамтарсан багийнхан хийжээ. Тухайн багийг ахалсан эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Регзэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танай судалгаа хэзээнээс эхэлсэн бэ. Хаана малтлагын ажлаа гүйцэтгэсэн бэ?

-Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Гуа дов гэдэг газар Хүннүгийн хотын туурин дээр ажиллаж байна. Энэ туурийг 1920 гаруй онд судлаачид олж тогтоосон байдаг. 

1952 онд Хөдөөгийн Пэрэнлэй гэдэг Монголын ууган археологич малтлага хийж Хүннүгийн овгийн тахилын газар байна гэж тогтоосон. Бүх ном зохиолд ч тэгж бичиж ирсэн. Харин бидний судалгааны үр дүн арай өөр зүйлийг илэрхийлж байгаа.

- Үр дүнгээсээ хуваалцахгүй юу. Хүннүгийн үеийн тахилын газар биш байсан хэрэг үү?

-Тийм. Энэхүү газар нь Хүннүгийн үеийн язгууртны зуны ордон болохыг баталсан. Яагаад гэхээр барилгын хашааг маш гоёмсог дээврийн ваараар хучсан байсан. Олон баганатай, дээвэр дээр нь хиймэл цөөрөм байсан юм билээ. Энэ мэтчилэн олон зүйл энэхүү газрыг язгууртны зуны ордон байсан гэдгийг нотлоод байна.

-Энэхүү судалгаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Бид энэ жил тухайн газарт геофизик, георадиарын судалгаа хийх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр барилгын ойр орчимд хэдэн туурь байна гэдгийг гаргаж тэдгээрийг судлах эхлэл тавигдах юм. 

Ийнхүү ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн онд гаргасан олон амжилтаа тайлагнаж хурлаа хийлээ. Тэд энэ жилийн хурлаа Түүхийн хүрээлэнгийн судлаачид өнгөрсөн онд гаргасан олон амжилтаа тайлагнаж хурлаа хийлээ. 

Тэд энэ жилийн хурлаа Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ойд зориулжээ. Энэ үеэр Д.Дорж агсны охин аавынхаа хэрэглэж байсан зарим эд зүйлийг хүрээлэнгийн удирдлагуудад гардуулав. Судалгаа малтлагын ажлын явц болон үр дүнгээ өнөөдөр хэлэлцээд өндөрлөх юм.

Зураг