Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

"НӨАТ-ын урамшууллын систем нийслэлд төдийлөн сайн хэрэгжихгүй байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Тус хяналт шалгалтыг Гааль Татварын Ерөнхий Газрын харьяа Нийслэлийн Татварын Газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар хамтарсан ажлын хэсэг явуулж байгаа ажээ.

 

ГТЕГ-ын харьяа НТГ-ын дарга Е.Төмөрбаатар "Нийслэлийн засаг дарга ГТЕГ-ын даргын хамтарсан НӨАТ-ын тухай хууль, НХАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах тухай захирамж 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гарсан.

НӨАТ-ын урамшууллын систем нийслэлийн нутаг дэвсгэр дээр төдийлөн сайн хэрэгжихгүй байна. ААН, байгууллагууд сугалаатай, урамшуулалтай баримт хэвлэж өгөхгүй иргэдийг хохироож байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шалгалтыг энэ сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байгаа юм.

Нийслэл хотод 80-аад мянган ААН байгаагаас бид 30 орчим хувийг нь сургалтад хамруулж, нийт ААН-үүдэд мэдэгдэл, албан тоотуудыг хүргүүлээд байна. 

Хуулийн хэрэгжилтийг түргэсгэх, иргэдээ аль болох хохироохгүйн тулд манай ажлын хэсэг хуулийн дагуу баримт хэвлэхгүй байгаа ААН, байгууллагуудад захиргааны хариуцлага тооцно.  

НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. 

Дээрх заалтыг /18.1.8 дахь хэсэг/ зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсгүүд газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгана" хэмээн ярилаа.


Хуулийн заалт


17.3.Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

  • 17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;
     
  • 17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;
     
  • 17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;
     
  • 17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.

ТЕХ-ийн 74.5.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагч бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол доор дурдсан торгуулийг тухайн тайлант хугацаанд төлбөл зохих албан татвар дээр нэмж төлнө:

  • 74.5.1.бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар;
     
  • 74.5.2.бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар.