Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг энэ удаагийн ярилцлагын буландаа урьж ярилцлаа. Шийдлийн Засгийн газарт ажиллах хугацаандаа энэ эрхэм Монгол Улсыг гадаадад сурталчлах томоохон хөтөлбөрийг санаачлан ажил хэрэг болгож эхлээд байгаа юм. Зөөлөн хүчний бодлого гэх энэхүү хөтөлбөр бидний ярилцлагын гол сэдэв байлаа.
-Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад Ерөнхийлөгч оролцоод ирлээ. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс ямар үүрэг рольтой оролцов гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Давосын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил 46 дахь жилдээ боллоо. Клаус Шваб гэдэг хүн 46 жилийн өмнө ганцаараа байгуулж байсан. Тухайн оныхоо эхэнд болдог гэдгээрээ онцлог. 2,500 хүн урилгаар очдог. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь яваад очдоггүй. Хурал зохион байгуулагч өөрөө сонгож урьдаг. Улс төр, бизнесийн лидерүүд оролцож, тухайн жилийнхээ эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлно. Маш олон зүйл Давост яригдсан байдаг.
Хөшигний наана гэхэд л 250 гаруй ярилцлагууд, хөшигний цаана ихээхэн хэмжээний яриа хэлцэл явагдсан байдаг юм билээ. Монгол Улс ирэх долдугаар сарын 15, 16-нд АСЕМ-ын 11 дэх удаагийн хурлыг зохион байгуулна. АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа. Гэтэл АСЕМ-ыг зохион байгуулж байх ёстой гэдэг санаа 25 жилийн өмнө Давосын уулзалтын үеэр анх яригдсан гэдгийг К.Шваб гуай бидэнд ярьж байсан. Ази, Европ хоёр хоорондоо ярилцах нь зөв гэж ярьсан байгаа юм. Израйл, Палестиний хооронд болж байсан гол хэлэлцээр тухайлбал Давост болсон байдаг.
Цаашлаад, Монгол Улсынхаа нөхцөл байдлыг зөв ойлгуулах, дэлхийн лидерүүдтэй АСЕМ-ын талаар ярилцах гээд маш олон ажлыг амжууллаа. Давосын энэ удаагийн чуулганы сэдэв нь Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгал гэж байсан. Эхний хувьсгал нь 1760 онд үүссэн уурын хөдөлгүүр байсан юм. 100 жилийн дараа буюу XIX зууны сүүлчээр цахилгаан гарч ирсэн аж үйлдвэрийн хоёр дахь том хувьсгал эхэлсэн.
Улмаар 1970 онд компьютер гарч ирсэн нь аж үйлдвэрийн гуравдахь хувьсгал байжээ. Тэгвэл дөрөвдэх хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгалын эрин үе гэж нэрлэлээ. Өмнөх гурван хувьсгал тодорхой салбаруудыг хамарч байсан бол цахим эрин үе нь нийгмийн бүх салбарыг хамарч байгаа. Хүний сэтгэхүйн өөрчлөлт хүртэл гарч ирж байгаа юм. Дэлхийн бүх улс орнууд дөрөвдэх хувьсгалаас хоцрохгүй байх ёстой.
Монгол Улс газарзүйн хувьд хавчигдмал, далайд гарцгүй, хоёрхон том хөршөөр хүрээлүүлсэн улс. Тэгэхээр цахим ертөнцийн хувьсгал нь геополитикийн сул талыг арилгаж өгөх чухал асуудал юм. Үүнд Засгийн газар анхаарч, цахим хөтөлбөрүүдийг хөгжүүлэх тухай асуудлыг анхаарах ёстой. Ерөнхийлөгч усны болон уул уурхайн асуудлаар хуралд оролцлоо. Усны олон улсын томоохон хурлыг ирэх жил авах тухай яриа хэлцэл хийгдсэн. Хоёр талын том, том уулзалтууд хийгдлээ. Европын лидерүүд ихэнхи нь ирсэн. АСЕМ-ын бэлтгэл ажлыг сонирхож байна. Ирнэ гэдгээ ч хэлсэн.
-Монгол Улсын төвийг сахих бодлогыг чухалчилж ярьсан гэсэн?
-Төвийг сахих бодлогын талаар Швейцарийн Ерөнхийлөгч тун их анхаарч, бусад улс орны удирдлагуудад ч тайлбарласан. Асууж сонирхсон зүйл мэдээж их байлаа. Хоёр том хөршийн дунд байгаа Монгол Улс аль алинтай нь тэнцүү харьцаад явах нь чухал. Төвийг сахих бодлого шинэ зүйл биш.
Өөрөөр хэлбэл, төвийг сахих ёстой гэж хэлсэн гэсэн үг. Төвийг сахих бодлого зөвхөн гадаад бодлогоор хязгаарлагдахгүй. Гадаадад л төвийг сахиад байна гэсэн үг биш. Эдийн засаг,батлан хамгаалах, өрсөлдөөний бодлого гэх мэт бүх зүйлд төвийг сахиж, өөрийнхөө эдийн засгийг аваад явах бодлоготой байх ёстой юм. Энэ бол гүн гүнзгий ойлголт гэдгийг дэлхийн удирдагчдад тайлбарлаж ойлгууллаа.
-“Монголын үдэш” арга хэмжээний үеэр олон янзын л яриа хөөрөө гарлаа. Энэ үдэш ямар өнцгөөс мессеж өгөхийг зорив. Арай ч алгаа дэлгээд мөнгө гуйж явсан хэрэг биш байх?
-Монголын үдэш арга хэмжээ их үнэтэй үйл ажиллагаа. Улстөрчдийг бол урилгаар оруулдаг. Бизнесийнхэн тодорхой хэмжээний такс төлж ордог. Засгийн газраас мөнгө хөрөнгө гаргаагүй. Харин Худалдаа хөгжлийн банк сүүлийн гурван жил дараалан хөрөнгө гаргаж, Монгол Улсыг сурталчлах ажлыг зохион байгууллаа. Давосын хуралдааныг санаачлагч К.Шваб өөрөө хүрэлцэн ирж, бидэнд хандаж үг хэлж байна гэдэг бол энэ арга хэмжээний ач холбогдлыг харуулж байгаа юм.
Олон улс орны улс төрийн удирдагч нараас гадна бизнесийн томоохон төлөөллүүд ирж оролцсон. Юмыг сөрөг талаас хараад байвал олдоно л доо. Өмнөх жилүүдэд ардын урлагаа сурталчилсан. Энэ жил ч ардын урлагаас гадна орчин үеийн урлагийг сурталчиллаа. Өнгөрсөн жил дуурийн дуучид маань оролцож байсан бол энэ жил залуу хамтлаг дуучдаа оролцуулсан гэдгээрээ ялгарч байх жишээний. Дуучин С.Наран зэрэг том дуучид маань оролцлоо.
Баасан гарагийн үдэш болдог “Mongolia night” брэнд болчихсон. Гадны хүмүүс ямар ч байдлаар мушгиж болно. Тэнд Монгол Улсад ирж үзээгүй хүмүүс ч оролцоно. Энэ үйл ажиллагаа бол Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлын нэг. БОНХЯ, БСШУяам хамтарч зохион байгууллаа. “On and Off” продакшн зохион байгуулсан. Цаашдаа ч уламжлалт болон орчин үеийн урлагаа хослуулж Монгол Улсаа сурталчлаад явна. Энэ чиглэлийн хөтөлбөр ч Засгийн газраар батлагдсан байгаа.
-Ярилцлага хийхийг зорьсон шалтгааныг маань та яриандаа дурьдаад өнгөрлөө. Монгол Улс хэдийнэ дэлхийн анхаарлыг зүй ёсоор татдаг улс болжээ. Азийн хүрээллээс гарчихлаа. Тэгэхээр “нүүдэлчин” гэх тодотголтой Монгол Улс хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг одоо зөвөөр сурталчлах ажлыг эхлүүлэх цаг болсон. Таны батлуулсан хөтөлбөр үнэхээр цаг үеэ олж чадлаа. Монгол гэхээр л эсгий гэрт амьдардаг, мах иддэг гэсэн ойлголтыг эвдэх, эерэг сурталчилгааны хөтөлбөрийн талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Сайдын ажлыг авахаас өмнө сүүлийн таван жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд гадаад бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан. Зөвлөхөөр ажиллаж байхад маш олон зүйл толгойд ордог байсан. Зөөлөн хүчний бодлого явуулах ёстой юм гэж боддог байлаа. Дэлхий нийтийн чиг хандлагыг харж байхад тухайн улс орны талаар эерэг мессеж өгнө гэдэг чухал байдаг юм. Зөвхөн улстөрчдийн сэтгэл санаа ч бус жирийн иргэдийн дунд ч эерэг хандлага бий болгох чухал. Энэ гэнэтхэн санаж сэрээд шийдсэн асуудал биш. Зүгээр л сүүлийн хэдэн жил эзэнгүйдчихсэн байсан бодлого.
1954 онд Улс төрийн товчооны тогтоол гарсан байдаг. Монгол Улсыг гадаадад сурталчлахын тулд соёл урлагаа ашиглах тухай тогтоол байдаг юм. 1956 онд социалист биш орнууд чиглэсэн бодлого гаргаж байсан түүх бий. Дараа нь 2000 оны эхнээс Гадаад хэргийн дэд сайдаар ахлуулсан гадаад сурталчилгааны зөвлөл гэж ажиллаж байсан юм билээ. Гэтэл сүүлийн гурван жилд тэр зөвлөл татан буугдаж эзэнгүй болчихсон. Олон судлаачдын санал авсны үндсэн дээр Гадаад хэргийн яам Монголоо суртачлах ажлыг нэг зорилгоо болгох ёстой гэж үзсэн хэрэг.
Глобалчлагдаж байгаа дэлхий дахинд зөөлөн хүчний бодлого чухал болоод байна. Монгол Улсын талаар эерэг имиж бий болгохын тулд улс төрийн аргаар бүхнийг хийх хэцүү. Соёл, урлаг, спортын амжилтууд жирийн иргэдийн сэтгэл санаанд илүү хүрдэг. Түүнийг нь зөөлөн хүчний бодлого гэж нэрлээд байгаа юм. Том орнууд маш их мөнгө хаяж хийдэг бодлого. Нэг жилийн хугацаанд маш олон цуврал ярилцлага хийлээ. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонслоо. Судлаачидтай ярилцлаа. Тодорхой үүрэг даалгавар өгч судалгаа хийлгэлээ. Түүхчид гэх мэтээр оролцоогүй салбар гэж байхгүй дээ.
Маш өргөн хүрээг хамарсан судалгааг хийж байж энэ хөтөлбөрийг баталсан. Сурталчлахаас гадна Монгол Улсын гадаад руу чиглэж байгаа үйл ажиллагаа нэг цонхоор, тодорхой бодлоготой гарна. Экспортыг нэмэгдүүлэхээс гадна түүхийг гуйвуулж байгаа явдлыг арилгах зэрэг олон зүйлийг тусгасан. Үндэстэнийг брэндчилэх гэж оруулсан байгаа. Үндэсний том брэнд бий болгох зорилготой. Эртний соёл, түүхтэй, тэгсэн атлаа орчин үеийн хурдацтай хөгжиж байгаа улс гэдгээ харуулна.
Гадаадад гарч байгаа сөрөг мэдээллийн нэг нь бол улс төрийн тогтворгүй байдлын тухай юм. Засгийн газар солигдох бол аль ч улс оронд байдаг л асуудал. Гэхдээ гаргасан шийдвэрүүд нь тогтвортой байх ёстой. Нэг нам, нэг Засгийн газар гарч ирээд бодлогоо өөрчилдөг биш, хамгийн гол нь гаргасан шийдвэр нь удаан хугацаанд тогтвортой байх гэдэг имижээ бид тодорхой хэмжээгээр алдсан. Энэ талаар илүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Засгийн газар өнгөрсөн удаад гаргаж байсан алдаанаасаа суралцаж, бодлогоо илүү тодорхой болгосон гэдгийг сурталчлах нь чухал болоод байна.
-Урлаг соёлоор сурталчлах нэг талын асуудал. Нөгөө талд уул уурхай, эдийн засаг, улс төрийн талаас эерэг мессеж өгөхийн тулд дэлхийн хэвлэл мэдээлэлтэй илүү хамтарч ажиллах хэрэгтэй байх. Хамгийн сөрөг мэдээллийг хэвлэл мэдээлэл өгч байгаа шүү дээ?
-Тусгайлсан хэсэг байгаа. Монцамэ агентлаг, Үндэсний телевизийн удирдлага, хэвлэл мэдээллийн салбарынхан болон судлаачдын саналыг тусгасан сайн бодлого гаргасан гэж бодож байгаа. Монгол Улсын талаар эерэг мэдээлэл өгөх, дэлхий дахинд ямар аргаар гаргах юм, гадны нэртэй улстөрчдөөр улсынхаа талаар эерэг зүйл яриулах, гадны сэтгүүлчдийг урьж Монголд айлчлуулах, зөв ойлголт өгөх, таниулах талаар ажиллана. Нөгөө талаар гадагшаа хандсан мэдээллээ төдийлөн олон сувгаар өгч чадахгүй байгааг анхаарах нь зөв гэж үзсэн.
Монцамэ агентлаг л таван хэл дээр гадагшаа мэдээлэл гаргаж байна. Мэдээллийн агентлагуудын сүлжээнд ажилладаг. Гэтэл бид бие даасан ганц ч суваг байхгүй. Монгол Улсын талаар сурталчлах англиар гардаг ганц ч гэсэн телевизтэй болмоор байгаа юм. Ихэнх улс орнууд дэлхий дахинд өөрийнхөө телевизийг их хэмжээний хөрөнгө хаяж гаргадаг. Хятадын CCTV гэх мэтээр олон байна. Мэдээж одоо төсөв мөнгө байхгүй л дээ. Гэхдээ дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгаад хувийн хэвшилтэйгээ хамтраад гадаадад цацдаг нэг телевизтэй болох бодол тээж явна.
Цахим сүлжээг ашиглаад түгээнэ. Гадаад хэргийн яам дээр гадаад сурталчилгаа мэдээлэл хариуцсан алба шинээр байгуулагдсан. Англиар гарч байгаа эерэг мэдээллийг тараадаг тогтолцоо бий болгохоор ажиллаж эхэллээ. Википедиа руу Монголын түүхийн талаар оруулж байгаа мэдээллээ шинжлэх ухааны үндэстэй бодитой байлгах талаар Шинжлэх ухааны академитай хамтран ажиллаж байгаа.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тухайн улс орнуудад байгаа элчин сайдын яамдууд үүрэг рольтой ажиллах ёстой. Тэнд ажиллаж байгаа ажилчдаа чадваржуулах талаар яаж та ямар бодлого барьж байна?
-Би Гадаад хэргийн сайдаар ажиллаж эхлээд бүх элчин сайдуудад тусгайлан албан даалгавар өгсөн байгаа. Элчин сайдын яамдууд мэдээж төрөө төлөөлнө, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаас гадна гадаадад эх орноо зөвөөр сурталчлах талаар илүүтэй анхаарч ажиллахыг үүрэг болгосон.
Бүх элчин сайдын яамдуудад соёл хариуцсан ажилтан гэж байгаа. Тэр ажилчид сошиал медиаг ашиглаад тухайн суугаа орондоо Монгол Улсын талаар мэдээлэл түгээх ямар л боломж байгаа тэр бүгдийг ашиглаж, идэвхтэй ажиллах ёстой гэсэн чиглэл өгсөн. Тэнд ажиллаж байгаа монголчуудынхаа холбоотой нэгдэж ажиллах үүрэг өглөө. Энэ нь элчин сайдуудын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болно.
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрс шинэчлэл гарлаа. Шинэ санаанууд их гарч байгаа. Төсөв мөнгө хүндрэлтэй байгаа ч бага мөнгөөр их ажил амжуулахад гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэргийн яам, наадмын комисстой хамтраад өнгөрсөн жил “Миний монгол наадам” гэдэг уралдаан зохион байгуулсан. Монгол наадам хийж, эх орныхоо соёлыг хамгийн сайн сурталчилсныг нь шалгаруулахад Сан Франциско дахь монголчууд тэргүүн байр эзэлсэн. Шведэд ажиллаж амьдардаг монголчууд маань дэд байрт орсон.
Мөн гадаадад байгаа монголчуудын холбоодод хандсан тусгайлсан бодлого гаргаж ажилладаг. Тэр нь “Дэлхийн монголчууд” хөтөлбөр. Дэлхийн монголчуудын холбоог хүчирхэгжүүлж ажиллана. Гадны улс орнуудад нийт 140 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн тоон мэдээлэл бий. 1990 онд явсан хүмүүсийн гуравдахь үе нь гараад ирлээ. Тиймээс монгол хэл, ёс заншлаа авч үлдэхийн тулд энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
-Гуравдахь үе нь гадаадад амьдарч байна. Орчин нь үргэлж өөр учраас тэр үе маань эх хэлээ мартах нь цаг хугацааны л асуудал болчихож. Дэлхийн монгол хөтөлбөр өөрөө эх хэлээ хамгаалж үлдэх асуудлыг чухалчилжээ дээ?
-Тийм. 1990 онд чөлөөтэй гадаадад зорчих эрхтэй болсноор маш олон монголчууд дэлхий даяар таран сууж байна. 1990 онд эх орноосоо гарсан гэхээр хүүхдүүд нь өсч том болоод гэр бүлтэй болчихсон. Тэдний дундаас хүүхдүүд нь гараад одоо сургууль соёлд сурч байна. Бид цөөхөн монголчууд. Тиймээс түүхээ, соёлоо, эх хэлээ хадгалж үлдэх хамгийн чухал байгаа юм. Эх хэлээ хэрхэн хадгалж үлдэх вэ гэдгийг би ҮАБЗ-д байхдаа судалж байлаа.
Судалж байхад нэг сонирхолтой туршлагад анхаарлаа хандуулсан. Тэр нь юу вэ гэхээр, Еврейчүүд нутгаасаа гараад 1000 жилийн дараа нутагтаа буцаж ирэхдээ эх хэлээ мартаагүй байсан. Энэ хугацаанд еврейчүүд ням гараг бүр цуглаад хоорондоо эх хэлээрээ ярьдаг байсан байгаа юм. Ингэж чадсанаар 1000 жилийн дараа эх хэлээ хадгалж үлдэж чадсан. Аугаа том ухаан байгаа биз. Тэр сайн туршлагыг үндэслэн Ерөнхийлөгч уриалга гаргаж байсныг та санаж байгаа байх.
Ням гарагийн уулзалт гэж хийдэг байхыг уриалсан. Маш олон газар монгол хүүхдүүд маань амралтын өдрөөр уулзаж хөл бөмбөг тоглодог. Аав, ээжүүд нь уулзаж байхад хүүхдүүд нь хоорондоо тоглож байх жишээний. Тэнд зөвхөн монголоороо ярьдаг. Цаашлаад БСШУ-ы яамтай хамтраад цахим хичээлийн программ нэвтрүүлж, үлгэрийн цаг зэргийг цахимаар тэдэнд хүргэж байна. АНУ, Швед, Герман зэрэг улс орнуудад ажиллаж, амьдардаг монголчуудын хүүхдүүдэд зориулан долоо хоног бүрийн сүүлийн хичээлийн өдөр монгол хэлний нэмэлт хичээл ордог боллоо.
Сурах бичгүүдийг салбарын яамтай хамтраад явуулдаг. Энэ жил гэхэд Калифорниа, Хавайд сурч байгаа хүүхдүүдэд зориулан сурах бичиг гаргасан. Англи руу гаргасан. Цаашлаад бусад улс орнууд руу гаргана. Ерөнхийлөгч сая Давосын чуулга уулзалтын үеэр Сөүл хотын даргатай уулзаж Түндэмүн районд монгол сургууль байгуулахаар ярилцлаа. Сургуулийн байр олгож, тэнд ажиллах багш нарт зөвшөөрөл олгохоор ярьсан.
Хэлээ хамгаалж үлдэнэ гэдэг төрийн бодлого байх ёстой юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний харьяаллын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Монгол гаралтай иргэдэд хөнгөлөлт үзүүлэх тухай юм. АНУ ногоон карт гэж нэрлэдэг шиг “Хөх гэрэгэ” гэж нэрлэхээр ярилцаж байсан ч нэр нь өөрчлөгдөөд “Соёмбо карт” гэж нэрлээд явж байгаа. Манайх давхар харьяалал зөвшөөрдөггүй учраас монгол гаралтай гадны иргэн болчихсон иргэд эх орондоо ирэхийн тулд заавал виз авдаг. Энд ирээд жаахан удвал бүртгүүлнэ. Хугацаа хэтэрвэл бараг л баривчлагдах гэх мэтээр асуудал үүсдэг.
Гэтэл энэ нь эргээд би монгол хүн гэдэг цээжинд нь байдаг омгийг унтраадаг юм байна. Тиймээс Монгол Улсын иргэн байсан хүнээс төрсөн хүүхэд соёмбо картаар эх орондоо ямар нэг визгүй орж ирдэг, ирсэн хойноо бүртгүүлэхгүй, эх орондоо сурч, боловсрох боломжтой болох юм. Зөвхөн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлана. Хэрвээ өөрөө хүсвэл Монгол Улсын иргэн эргээд болох боломжтой. Монголчууд чинь их омог бардам, харц дээгүүр хүмүүс. Би монгол хүн гэж үргэлж омогшиж байдаг. Гэтэл эх орондоо ирэхийн тулд виз ав гэхээр л өнөөх асч байгаа урам зориг нь унтардаг, сэтгэл санааны дарамтад ордог юм билээ.
-Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр таныг ажиллаж байх үед хэрэгжиж байсан “Зөгийн үүр” хөтөлбөр юу болж хувирсан бэ. Энэ “Зөгийн үүр” хөтөлбөрийн үргэлжлэл гэж ойлгож болох уу. Хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгөөгүй гэж шүүмжилдэг л дээ?
-Тэр хөтөлбөрийг Засгийн газраас мөнгө хөрөнгө гаргаад хэрэгжүүлсэн. 2014 онд дууссан. Хөтөлбөр дууссаны дараа одоо яах вэ гэдэг асуудал яригдсан. Зөгийн үүр хөтөлбөрөө үзэл баримтлалын хувьд бага зэрэг өөрчлөөд хэрэгжүүлэхээр болсон гэсэн үг. Тэр хөтөлбөр бол зөвхөн гадаадад сурч байгаа оюутнууд болон тэндээ ажиллахаар үлдсэн залуусыг буцаж ирүүлэхээр санаачилсан хөтөлбөр юм. Зөгий үүрнээсээ гараад нисчихсэн.
Одоо үүрэндээ ирээч гэсэн үг л дээ. Буцаж ирүүлэх нь нэн тэргүүний зорилт. Гэтэл тэндээ байр сууриа олоод, амьдралаа бий болгочихсон монголчуудаа бас хаяж болохгүй учраас “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг санаачилсан юм. Гадаадад амжилттай ажиллаж яваа монголчууд эх оронтойгоо эргэх холбоотой байж, сурсан мэдсэнээ хуваалцдаг, тусалдаг дэмждэг байгаасай гэсэн үүднээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Хуучин элчин сайдын яам, консулын газар зөвхөн бүртгэх үүрэг л гүйцэтгэж байлаа. Паспортын хугацаа дуусахаар нь сунгадаг, гэрлэхээр нь бүртгэдэг байсан. Тэгвэл энэ ажлыг салгаж өөр газар өгсөн. Элчин сайдын яамд болон консулын газар монгол төрийн бодлогыг хүргэх, эх хэл, эх түүхээрээ бахархах бахархлыг тэдэнд өгдөг, эх орныхоо талаар эерэг сурталчилгаа мэдээлэл гаргадаг, иргэн нэг бүрийнхээ төлөө ажилладаг, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа программ, хөтөлбөрт санал бодлоо нэмэрлэдэг байх нь чухал гэж үзсэн.
-Даваа гарагийн чуулганаар хэлэлцсэн нэг хууль олон хүний сонирхлыг татаж байна. Монголын кино урлагийг дэлхийд гаргах, дэлхийд гарсан кино урлагийн замыг илүү тод болгох хууль гэж ойлгоод байгаа. Киноны тухай хуулийг та гар бие оролцон боловсруулсан юм билээ. Дипломат хүн гэдэг урлагтай их ойрхон ажиллах юм. Их мэдрэмжтэй ч гэх юм уу?
-Би өөрөө урлаг их сонирхдог хүн. Боннд элчин сайдын яаманд ажиллаж байхдаа соёлын асуудал хариуцаж ажилладаг байсан юм. Тэр үед өөрийнхөө хэмжээнд нэг том ажил хийсэн гэж боддог. Өмнө нь гарч байгаагүй том хэмжээний үзэсгэлэн гаргаж байлаа. Долоон жил хөөцөлдөж байж “Чингис хаан ба түүний залгамжлагчид” үзэсгэлэнг 2005 оноос эхлээд Германы Бонн, Мюнхэн, Австрийн Вена, мөн Истанбулл, Будапешт зэрэг хотуудад гаргаж монголын тухай, соёл, урлаг түүхийнх нь тухай өргөн хэмжээний ойлголт өгч, түүхийн талаархи ойлголтыг нь өөрчилж чадсан.
Яг өөрөө гардаж хийсэн. Энэ ажлыг маань үнэлээд Боловсролын яамнаас СТА цол өгч байсан юм. Амьдралдаа өөрийнхөө хөдөлмөрөөр авсан хамгийн том шагнал гэж бодож, түүндээ их хайртай. Би кино, түүх их сонирхдог. Монголын түүхтэй холбоотой баримтат кино хийсэн. Дипломат хүн гэдэг өөрөө түүхч байдаг. Энэ мэргэжлийн нэлээд хувь нь түүх голлодог. Түүхээ судалж байж нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгнө. Монголын түүхийн талаар уран сайхны кино хийх гээд ажиллаж байгаа. Л.Гантөмөр сайдтай ярилцаад киноны хууль боловсруулахад гар бие оролцлоо. Кино аж үйлдвэрийн салбарт их хэмжээний мөнгө дэлхий дээр эргэлдэж байна. Эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах тухай бид ярьж эхэлсэн.
Тэгвэл, кино урлаг, энтэртайнмент чиглэлээ хөгжүүлж, эндээс мөнгө олох боломжтой. Дэлхий дахинд монголын түүх анхаарал татдаг. Чингис хааны тухай дэлхий дахин олон ч кино хийсэн. Гэсэн ч энэ ерөөсөө хуучирдаггүй сэдэв. Марко Поло киног хар. Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлснээр хоёрдугаар хэсэгт манайхаас илүү олон жүжигчин, хөгжимчид оролцлоо.
Кино эдийн засгийн сектороос гадна аялал жуулчлалын том сурталчилгаа болдог. Нөгөө талаар киногоор дамжиж тухайн орны түүх, соёл урлаг, байгаль сурталчлагддаг. Түүнийг нь дагаж жуулчид ирдэг. Гадаадад бидний түүхийг гажуудуулсан олон уран бүтээл гарсан. Яагаад монголын түүхийн тухай киног Хятад, Малайз, Казакстан улс хийх ёстой гэж. Яагаад зургийг нь Монголд авч болохгүй байгаа юм. Тэр утгаараа энэ хуулийг санаачиллаа.
Өмнө нь хууль байсан. Ц.Оюунгэрэл сайдын үед ажлын хэсэг гараад ажиллаж байсан юм билээ. Гэхдээ бид илүү энтэртайнмент гэдэг талаас нь харж, кино уран бүтээл хийх боломж бүрдүүлж өгөх, дэлхийн хэмжээний студи байгуулж, татвараар дэмжих тухай хуульд тусгалаа.
Дэлхийн нэг студи Монголд ирж кино хийлээ гэхэд дагаад ресторан, буудал, зураг авалтын явцад ажиллах баг, туслах болон олны дүрийн ажилчдын цалин хөлс гээд тодорхой хэмжээний мөнгө нь энд үлдэнэ. Нөгөө талаар Монголын байгалийг зөв үзүүлсэн, монголчуудыг зөв харуулна гэдэг нь сайн сурталчилгаа болно. Хуулийг УИХ-ын гишүүд маань сайн ойлгож, дэмжиж байгаа. Хууль хурдан батлагдаж, том том уран бүтээлийг бид эх орондоо хийж, түүхээ зөвөөр сурталчлах цаг тун удахгүй ирнэ ээ.
-Монгол жүжигчид дэлхийн кино урлагийн зах зээлд эхнээсээ гарч эхэллээ. Энд мэдээж Гадаад хэргийн яамны үүрэг роль өндөр байлаа. Нөгөө талаар монголын нэр нүүр болох уран бүтээлчийг дэмжих талаар бид ямар бодлоготой явж байна. Урлаг, спортын шилдгүүд болох Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Н.Түвшинбаяр гэх мэтээр Монгол хөвгүүд, охидыг дэлхий таньдаг болчихлоо шүү дээ?
-Үүнийг чинь л зөөлөн хүчний бодлого гэж нэрлээд байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л Г.Ариунбаатарыг маань дэлхий үнэлж эхэллээ. Английн хатан хаан биечлэн хүлээж авч уулзаж зоог хамт барьсан. Хоёрдахь зоогондоо ч гэсэн урьсан байна лээ. Г.Ариунбаатарыг би саяхан “Соёлын элч”-ээр томилсон. Өмнө нь “соёлын элч” гэж байсан. Гэхдээ элчээр гадны иргэдийг томилдог байсан. Сайд болоод тэр журмыг нь өөрчилж монгол хүнийг ч бас томилдог болсон. Эх орныхоо түүх, соёлыг хэн сайн сурталчлах вэ гэхээр зөвхөн монгол хүн өөрөө.
Анхны соёлын элчээр сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалыг томилсон. Дараа нь Н.Түвшинбаяр аваргыг томилсон. АНУ-ын “Бостон балет” компанид балетчинаар ажиллаж байгаа Д.Алтанхуяг, Г.Ариунбаатар нарыг дараа нь томиллоо. Тэд дуртайяа энэ үүргийг гүйцэтгэж, урлаг, спортоор эх орноо сурталчлахдаа баяртай байна гэдгээ илэрхийлж байгаа. Д.Алтанхуяг маань Японд балетын үдэш арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Сүмогийн аваргууд барилдах бүртээ эх орныхоо нэрийг дуурсгаж байна. Олимпийн аварга маань оролцсон уралдаан бүртээ эх орныхоо нэрийг сурталчилж байгаа. Үүнээс том сурталчилгаа гэж юу байхав. Гадны том хөлбөмбөгийн багуудад монгол хүүхдүүдээ оруулах талаар ч бид ажиллаж байгаа.
-Сүүлийн үед Монгол Улсад элчин сайдын яамаа нээх хүсэлтээ олон ч улс орнууд байна. Эх орны маань сурталчилгаа эерэгээр гарч эхэлсний илрэл гэж боддог юм. Одоо хэчнээн улс оронд элчин сайдын яамаа нээгээд байна вэ?
-Олон янзын шалтгаанаар элчин сайдын яамаа нээдэг. Гэхдээ таны хэлсэнтэй санал нэг байна. Олон улс орнууд элчин сайдын яамаа нээх хүсэлт тавьдаг, өмнө байгуулсан байсан харилцаагаа эргэж сэргээхийг хүснэ гэдэг нь бид дэлхий дахинд эерэгээр танигдаж эхэлсэн гэсэн үг. 2015 оны эхний хагас жилд бид таван улсын Гадаад хэргийн сайдыг эх орондоо хүлээж авлаа. Дөрвөн орны Ерөнхийлөгч, таван орны Ерөнхий сайд, олон улсын том хурал амжилттай боллоо.
Тухайн орны нэр хүнд, аюулгүй байдлыг улсад нь хэдэн орны элчин сайдын яам байна вэ гэдгээр нь хардаг. Улаанбаатар хотод 20 гаруй элчин сайдын яам байна. Хуучин бол ОХУ болон Зүүн Европын хэдэн социалист орнууд, барууны орнуудаас Британи, Японы элчин сайдын яам л байдаг байлаа. 1990 оны шилжилтийн хүнд үед Зүүн Европын зарим улс элчин сайдын яамаа хаагаад явсан байдаг.
Өнгөрсөн онд гэхэд гурван улсын элчин сайдын яам нээгдэх шийдвэр гарлаа. Унгар улс дахин нээлээ. Гадаад хэргийн сайд нь тавдугаар сард ирж нээгээд явсны дараа Ерөнхий сайд нь сая айлчилж ирээд буцлаа. Австрали улс элчин сайдын яамаа нээлээ. Маш том нэр хүнд шүү. Австралийн Гадаад хэргийн сайд элчин сайдын яам нээх шийдвэрээ гаргасны дараа биечлэн надтай утсаар ярьж дуулгасан. Элчин сайдын яамаа нээнэ гэдэг бол улс төрийн том шийдвэр.
Иран улс харилцан элчин сайдын яам нээх асуудлаар хүнээ бэлтгэхээр ярилцлаа. Энэ мэтээр Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд өссөн байна. Бас нэг том ажил гэвэл Хүний эрхийн зөвлөлд өнгөрсөн онд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн. Нууцаар санал хураалт явагддаг. 192 орноос 172 орны санал авч НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр гурван жил ажиллахаар боллоо.
-Та сайдаар ажиллах хугацаандаа олон янзын л шүүмжлэл сонсч байгаа байх. Элчин сайдын томилгоо улс төрийнх байдаг, сайд дарга нарын хүүхэд газар үзэх гэж яамдад ажилладаг. Иргэнийхээ төлөө ажилладаггүй, хэлийг нь мэдэхгүй хүмүүс байдаг гэх мэтээр. Энэ бүх шүүмжлэл хэр үнэний ортой юм бэ?
-Ер нь ажил хийж байгаа бол шүүмжлэл гарч л таараа. Ажил хийхгүй бол гарахгүй шүү дээ. Гадаад яам гэдэг бол төрийн тусгай алба. Нарийн мэргэжил. Хүн хүчний бодлого алдагдсан гэдэг шүүмжлэлийг бол зарим талаар хүлээн зөвшөөрнө.
Гадаад яам гэдэг бол төрийн тусгай алба. Нарийн мэргэжил.
Ганцхан дипломат ажилтан ч биш бусад яамдаас ажилтан томилдог. Тэдний хувьд ажлын шаардлага хангадаггүй зүйл байдаг нуугаад яахав. Гадаад хэргийн яамны шугамаар ч гэсэн ар өврийн хаалгаар ажлын шаардлага хангахгүй хүмүүс очдог. Элчин сайдын яаманд ажиллахын тулд юу шаардах билээ гэдгийг би мэргэжлийн хүний хувьд сайн мэднэ.
1983 онд аравдугаар анги төгссөнөөс хойш Гадаад хэргийн яамтай амьдралаа холбосон хүн шүү дээ. Сургуулиа төгсөөд л Гадаад яамны нэр дээр Москвагийн олон улсын харилцааны сургууль төгсч, 33 жил энэ салбарт ажилласан. Тийм учраас хүн хүчний бодлогод анхаарлаа. Ажлын шаардлага хангахгүй байгаа хүмүүст би шаардлага тавьсан. Төрийн тусгай алба учраас та шалгалтад ор. Хэрвээ чадахгүй бол хугацаа өгье.
Тэнцэж чадахгүй бол үүрэгт ажлаа чөлөөлж өгнө үү л гэдэг шаардлага тавьсан. Өөрөө үргэлжлүүлж ажиллах хүсэлтээ байгаа бол шалгалтад ирж ороод тэнцэнэ гэдгээ баталгаажуулах боломж өгсөн. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтраад явуулсан. Улс төрийн томилгоо гэх мэтээр олон янзын л яриа гардаг.
Өмнө нь гарч л байсан. Дипломатуудын томилгоо хуулийн дагуу хийгддэг. Дэлхий нийтийн жишгээр гурван жил ажиллаад хугацаа нь дуусаад ирдэг байгаа. Тэр дагуу өнгөрсөн жил есөн элчин сайдаа сольсон. Дээр хэлсэнчлэн, дипломат гэдэг өөрөө нарийн мэргэжил. Тиймээс ч мэргэжлийн хүмүүсийг томилох байр суурийг баримталдаг.
-АНУ-ын Сан Франциско хотод суух консулыг яагаад солих болов?
-АНУ-д суугаа Ерөнхий консул өөрөө асуудалтай байгаа. Асуудал нь шүүх дээр байгаа юм билээ. Шүүх шийдвэрээ гаргана биз. Бид төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс дараагийн хүнээ томилсон. Олон улсын харилцааны сургууль төгссөн мэргэжлийн хүнийг томилсон байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|